Санхүүгийн зохицуулах хороо Монголд олон жил яригдсан кастодианы үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт Худалдаа, хөгжлийн банкинд олгожээ. Өмнө нь “Голомт” банк тусгай зөвшөөрлийг авсан байсан бөгөөд ингэснээр кастодиан банкны үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр арилжааны банк аваад байна. Одоогоор эдгээр банк бэлтгэл ажлаа хийж буйг албаныхан хэллээ.
Монголын хөрөнгийн зах зээлийг цэгцэнд оруулахын тулд кастодиан банк байгуулах хэрэгтэй гэж олон жил ярьсан. Энэ оноос Үнэт цаасны тухай шинэчилсэн хуулийг мөрдөж эхэлсэн бөгөөд өнгөрөгч долдугаар сард Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журмыг баталснаар хууль эрх зүйн орчин бэлэн болсон тул ийнхүү тусгай зөвшөөрөл өгсөн байна. Тусгай зөвшөөрлийг арилжааны банкуудад олгох ерөнхий шаардлага нь банк, санхүүгийн салбарт хэр туршлагатай, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, кастодианы үйл ажиллагаа явуулахад шаардлагатай программ хангамж худалдан авч чадах эсэхийг харгалзан олгосон талаар Санхүүгийн зохицуулах хорооны албаныхан хэлсэн юм.
Кастодиан банк нь үнэт цаасны данс хувьцаа, хувьцаа хадгалж, ногдол ашиг тараах, үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахаас гадна хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх ажээ. Ингэснээр хөрөнгө оруулагчид үнэт цаасны зах зээл дэх мэдээллийг цогцоор нь авах тул хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой гэж салбарынхан үздэг юм.
У.БОЛОР