Энэ хүн өнөөдөр Монгол Улсын иргэн Намбарын Энхбаяр боловч Монголын Энхбаяр гэсэн нэрийн хуудас нь хэвээрээ байна. Өөрийгөө ч, өрөөлийг ч зүгээр суулгадаггүй, залхуурах дуртай мань мэтийн хувьд заримдаа үнэнийг хэлэхэд залхаж зугтмаар завгүй хүн яг тэр хэвээрээ. Заавал явах албан үүрэг байхгүй ч зудан дундуур зүтгэж, малчин ардынхаа үгийг сонсож, аяны богц дүүрэн асуудлын шийдэл, санал санаачилгатай ирж, Засгийн газарт хандсан нь өнөөдрийн албан тушаалтнуудыг өөрийн эрхгүй хөдөөг зүглэхээс өөр аргагүй байдалд оруулах жишээтэй.
“Ард түмний Ерөнхийлөгч” гэсэн тодотголтой энэ хүн ардчилсан төрд хорь шахам жил зүтгэж, шат шатаар ахин дэвшсэн билээ. Тэрээр “Миний алдаа зөвхөн надтайгаа үлдэж, намайг л хохироодог, харин амжилт нийт хүмүүсийнх болдог байгаасай” хэмээн ярьдаг. Ингээд бидний ярилцлага эхлэв.
БОДЛОГОГҮЙН ЗУД, ХАРИУЦЛАГАГҮЙН ГАМШИГ
-Та өнөөдөр иргэн Энхбаяр. Төрийн алба хашаагүй ч “Хөдөөгийн хөгжил” ТББ-ын тэргүүний хувьд орон нутгаар явж, малчдад тусаллаа. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэж ярьдаг монголчууд буянтай ажил хийлээ хэмээн дуртай, таатай л байна. Гэхдээ ард түмнийг өмгөөлөх, хамгаалах, асуудал шийдэх албан үүрэгтэн, ард түмэнтэй амь нэг байна гэж амласан нь амь тусдаа байж, хэлүүлж хэлүүлж, дуртай дургүй хуруу, хошуугаа хөдөлгөхчөөн болж байхад Та цас туулж, зудтай тэмцэх гэж явах ямар шаардлага байгаа юм бэ? Монголынхоо зудтай нутгаар явж, зүдэрсэн малчиддаа тусламж хүргэснийг чинь буруу гээд, харин ч далай алгасан зугаалсныг нь зөв гэх нь холгүй яриа тарааж байгааг Та дуулсан уу?
-Зуд турхантай, ядарч зүдэрсэн цагт тусалж дэмжих гэж ирлээ хэмээн малчид маань үнэн сэтгэлээсээ баярлан хүлээж авцгааж байна лээ. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг биз дээ. Зуд турхан болж байхад, Монголын буян хорогдож байхад зурагтаар хараад зүгээр сууж чадсангүй ээ. Явах ёстой нь явна биз гээд биеэ оторлоод байлтай биш. Таны хэлдгээр иргэн хүн тусалж дэмжихээр хүрч очиж болж байхад эрх мэдэлтнүүдийн зарим нь ичсэндээ, зарим нь Энхбаяр яваад байхад би очихгүй бол болохгүй гэж сандарсандаа, нэг хэсэг нь ч зөв үлгэр авч хөдөөг зүглэж, малчны хотхонд очих биз гэж бодсон. Зудтай аймгуудыг зүглэсэн төр, засгийнхны мөр зам нэмэгдсэнд малчдынхаа өмнөөс баяртай байгаа шүү.
Гурил, будаа, чүдэнз, цай тараасан зүгээр нэг явалт ч биш байлаа. Малчидтай зовлон жаргалыг нь хуваалцан ярилцаж байхад “Бид банкнаас зээл авчихсан. Одоо хонь малгүй, төлөх чадваргүй боллоо. Манайх хотод сурдаг оюутантай. Ирэх намар сургалтын төлбөрийг нь даах үс ноос, арьс шир, мах сүүгээ өгөх хэдэн малаа алдчихлаа” гэсэн сэдэв үргэлж хөндөгдөж байна. Оюутны сургалтын төлбөрийн зээл гэхэд малчдын авсан нийт зээлийн 60 хувь болдог. Зуун төгрөг зээллээ гэхэд жар нь сургалтын төлбөрт явна гэсэн үг. Тийм ч учраас зудны хохиролтой нь уялдуулж, малчдын банкны зээл болон хүүхдийнх нь ирэх жилийн сургалтын төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх ажлыг Засгийн газар зориуд хөрөнгө мөнгө дайчлан шийдэх шаардлагатай байна.
Зудыг хохирол багатай давж байгаа ажилч малч өрх ч бишгүй байна. Тэд “Малчид бид болох бүтэхээрээ цас зудыг давах гэж зүтгэж, тэмцэж байна. Харин төр, засаг маань жирийн нэг малчинтай барьцалгүй, заавал яг адилхан байх гэлгүй, зудыг урьдчилан тооцоолж, хохирол багатай давж туулах талаар бодож тооцож, ухаарч болдоггүй юм болов уу?” гэж асууж, бас шаардаж байгаа юм. “Зунд нь өвс ногоо ургаагүй, ган гачигтай л байгаа бол өвөлдөө цас орсон ч, ороогүй ч зуд болох нь мэдээж. Зуншлага муутай байсан нутаг орны малчдын малыг худалдаж аваад цэцэрлэг сургууль, арми цэрэг, албан байгууллагад нийлүүлэх, зах зээлд борлуулах ажлыг зохион байгуулж болдоггүй юм уу? Борлуулсан мөнгөний нэг хэсгийг өвлийг давахад нь зориулж өгөөд, нөгөө хэсгийг нь малын хорогдол багатай аймаг, сумдаас мал худалдан авч дахин малжуулах мэтийн ажил зохион байгуулж болдоггүй юм уу?” гэж асууж байна. Шуудхан хэлэхэд энэ үгний цаана ажил хариуцсан хүмүүс, албан тушаалтан, төр, засагт санаачилга, сэтгэл дутаж байна гэсэн шүүмжлэл, гомдол аль аль нь байна. Ер нь хаана сэтгэл дутна, тэнд санаачилга дутдаг шүү дээ. Энэ бол байгалийн зуднаас гадна “бодлогогүйн зуд, хариуцлагагүйн гамшиг” гэгч айхавтар хэнэггүйтэл нүүрлэсний хар гай.
Бас нэг онцгой чухал асуудал бол Улсын мал эмнэлгийн тогтолцоог дахин сэргээх явдал. Ерээд оны сүүлчээр мал эмнэлгийг хувьчилсан нь малын үүлдэр угсаа, чанар чансааг доройтуулсан, зах зээлд өрсөлдөх, борлогдох бололцоог нь хумьсан, малчны орлогыг бууруулсан хор урхагтай алдаа болжээ. ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчтэй уулзаж байхад “Бид Монголоос мал авах сонирхолтой. Гэтэл шаардлага хангахгүй байна. Саяхан бид 2000 мал авахаар болоод манай улсад баримталдаг мал эмнэлгийн шаардлагын дагуу шалгахад 150 нь тэнцэж байна” гэж хэлж байна лээ. Улсын мал эмнэлэг байхгүй болсноос хойш малын чанар муудаж, давжаарч, өдий зэргийн хүйтнийг даваад гарчихдаг байсан бол өнөөдөр осгоод үхчихдэг болсон байх жишээтэй. Үндсэн хуулиндаа “Мал төрийн хамгаалалтанд байна” гэж заасан. Улсын мал эмнэлгийг хувьчилснаараа Үндсэн хуулиа ч агуулгаар нь зөрчсөн гэж мал аж ахуйн мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Нөгөө талаар “малчин” гэдэг бол ерөөсөө мэргэжил мөн. Мал сүргээ чанаржуулж өсгөе, үр шимийг нь ахиухан хүртэе гэж л байгаа бол “малчин” гэдэг мэргэжлийг БСШУЯ-аас стандарт тогтоон баталж, ХААИС, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургадаг болох ёстой. Малчид үр хүүхдээ насанд хүрч, тусдаа гарахад нь хэдэн мал тасдаж өгснөөр тэд малчин болчихгүй. Энэ бол их том эндүүрэл гэдгийг зуд турхан, цас шуурга хатуухан сануулж байна гэж хэлж болно. Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ХААИС-ийнхантай ярьж, дэргэд нь малчны нэг жилийн анги нээсэн. Энэ ангийг төгссөн 50 гаруй залуу малчин зуданд зүдрэхгүй, өвлийг өнтэй давж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Энэ бүх нөхцөл байдал, асуудлыг шийдэж, хүнд бэрхийг давах саналыг нэгтгээд миний бие Засгийн газарт хандан захидал илгээсэн. Засгийн газрынхан уншин танилцаж, судлан шийдвэрлэж, дорвитой ажил хийх байх гэж найдаж байна. Миний найдах ч яахав. Цаана чинь ингэж шийдэхийг нүдээ бүлтийтэл хараад хүлээгээд сууж байгаа мянга мянган малчид байна шүү дээ.
-Одоо улс төр рүү оръё. Би таныг анх улс төр рүү 20 жилийн өмнө буюу МАХН-ын онц их хуралд оролцохдоо том алхаж орж ирсэн гэж боддог. Хүмүүс ч тэгж ярьдаг юм байна лээ. Танай намын Онц их хурал болоход Та ганцаараа бүх асуудалд эсрэг санал өгсөн. Хүн улс төрд орж ирэхдээ нэг бол дарга нарыг дагаж зөв ч, буруу ч бүх юмыг нь зөвшөөрч орж ирнэ. Эсхүл дарга нарын алдаатай ажлыг нь шүүмжилж сөрж орж ирнэ гэж хэлж болох юм. Та дагаж биш, сөрж орж ирсэн. Тэр үед, тухайн үеийн улс төрийн ганцхан хүчин байсан МАХН улс орноо шинэчилж чадахгүй гэсэн бодол Танд байсан уу? Эсвэл удирдаж байсан хүмүүст нь байсан уу?
-Тэр үед МАХН-ын шинэчлэлийг илүү гүн гүнзгий, дотоодод ч, гадаадад ч хүлээн зөвшөөрөгдөхөөр хийх нь зүйтэй, тийм сайхан боломж ч байна гэж үзэж байсан. Хуучин социалист гэгддэг орнуудад эрх барьж байсан хэт зүүний намууд өөрчлөгдөн шинэчлэгдсэн тэр арга замаар цогцоор нь хийх хэрэгтэй гэж бодогдсон. Тэр үед Зүүн Европын орнуудын хэт зүүний үзэл баримтлалтай намууд онц их хурлаа хийж татан буугдсанаа зарлаад дараа нь голдуу зүүн төвийн үзэл баримтлалтай шинэ нам болон үүсгэн байгуулагдаж анхдугаар их хурлаа хийж шинэчлэгдэж байсан.
Унгар, Польш, Болгар, Чех гээд өнөөдөр Европын холбоонд элссэн орнуудын хэт зүүний намууд яг ингэж өөрчлөгдөөд төр, засгийн эрхэнд харьцангуй тогтвортой одоо хүртэл байж байна. Ингэснээр өнгөрсний алдаа дутагдлын асар хүнд ачаанаас ангижирч, шинэ цагтайгаа алхаа нийлүүлэн урагшаа эрчимтэй хөгжих үүд хаалгаа өргөн дэлгэр нээсэн юм. Ийм шинэчлэл өөрчлөлтийг дотооддоо ч, гадаадад ч хүлээн авч зөвшөөрсөн. Тийм сайхан түүхэн бололцоог харсаар байтал алдаж байсан тул өөрийн эрхгүй саналаа эсрэг өгсөн.
Нээрээн том зааланд ганцаархнаа эсрэг санал өгөхөд хэцүү шүү. Гэхдээ буруу замаар будаа тээвэл бүр ч хэцүү учир ганцаараа ч гэсэн зөв юмны талд зогсох шаардлага хүний амьдралд тулгардаг. Тэр бол хүнд харьцангуй ховор тохиолддог ч өөрийн толгойтой хүн гэдгээ мэдрэх, мэдрүүлэх үнэтэй боломж. Олонхи дандаа зөв байдаггүйг тэгэхэд би яс махаараа мэдэрсэн. 1996 оны сонгуулийн дүн ч үүнийг нотолсон доо.
Харин эсрэг саналаа хүний эсрэг биш, буруу бодлогын эсрэг өгсөн. Одоо хүртэл зарим нэг хүн намайг өөрийнх нь эсрэг саналаа өгсөн гэж бодож явдаг юм шиг байна лээ. Албан тушаал хүн хоёрыг, асуудал хүн хоёрыг хольж хутгадаг явдал манайд бишгүй тохиолддог. Харин би энэ хоёрыг ялгаж салгаж байхыг хичээдэг. Заримдаа урьд өмнө “ойлголцоогүй”, эсхүл алдаа гаргасан, зарим тохиолдолд бүр “өөдгүй зан” гаргасан хүн байсан ч ажил амжуулж, асуудал шийдэхэд тус дэмтэй бол би хамтран ажилладаг. Үүнийг зарим хүн “Та яагаад тэрэнтэй хамт ажиллаад байгаа юм?” гэж гайхдаг.
Зөв бодлого гаргаад том асуудал шийдэхийн төлөө эв нэгдэлтэй баг болж зүтгэвэл нэг хүний дутагдал буюу сул тал олонхийн эрч хүчинд уусан алга болдог. Харин ч тэр багийн хүмүүсийн сайн тал нь товойдог. “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэж зүгээр нэг хэлээгүйдэг ээ. Ийм зарчмаар ажиллаж 1996 оны сонгуулийн дараа унаад ирээдүй нь бүрхэг болчихсон намыг шинэчилж амжилтанд хүргэж, Социнтернд элсүүлсэн. Оросын их өрийн асуудлыг шийдсэн, Мянганы замыг эхлүүлсэн, Эрчим хүчний нэгдсэн тогтолцоог буй болгосон, Мянганы сорилтын сангаас 285 сая ам.доллар авахаар болсон, Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулуулж батлуулсан, Төрийн албыг шинэчилсэн, Газар хувьчлах шийдвэр гаргуулсан. “Хүүхдийн үдийн хоол”-ыг өгүүлсэн. Болж бүтсэн хойно аливаа ажил амархан санагддаг. Гэхдээ болж бүтэтлээ их зам туулна шүү дээ.
ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ БУЛХАЙ ЛУЙВАР БОЛСОН. ЭНЭ БҮХНИЙГ МАХН-ЫН ДАРГА БАЯРЫН ШУУД, ШУУД БУС ОРОЛЦООТОЙГООР ЗОХИОН БАЙГУУЛСАН
-Та саяхан Үндэсний телевизэд ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зөвшөөрөөгүй, харин СЕХ-ны танилцуулсан тоог хүндэтгэсэн, сонгууль будлиан булхайтай болсон ч нийгмийн амгалан тайван байдлыг эрхэмлэн хамгаалж “тахимаа өгсөн” гэж хэлсэн. Нээрээн ч Таны зүтгэж, шинэчилж, өдий зэрэгт өндийлгөж хүргэсэн МАХН-ын удирдлагад байгаа цөөн тооны хүн, тухайлбал МАХН-ын дарга, Сонгуулийн төв штабын дарга С.Баяр сонгуульд нэр дэвшигчээ ялуулах гэж биш, харин үйлдэл, эс үйлдлээрээ ялагдуулах гэж оролцсон гэсэн яриа хөөрөө, санал бодол гадуур элбэг байдаг нь нууц биш. Илэрхий баримтууд ч бий. Жишээ нь “Зууны мэдээ”-гийн редакц МАХН-ын Сонгуулийн төв штабын захиалгаар “Ард түмний Ерөнхийлөгч” гэсэн нэртэй нэр дэвшигчийн тусгай дугаарыг бэлтгэн боловсруулж, 700 мянган ширхгийг хэвлүүлсэн. Ажил дээрээ хийсэн сониноо сонгогчийн хувиар гэртээ хүлээн авсан хүн “Гараа өргөнө үү” гэж 55 ажилтнаасаа асуусан. “Авсан” гэж хоёрхон хүн хариулж байсан. Үүнийг зуун өрхөд шилжүүлэн бодвол ердөө дөрвөн хувь нь л нэр дэвшигчийн сониныг хүлээж авсан, үлдсэн 96 хувь нь аваагүй гэсэн үг. Сонгуулийн штаб ингэж ажиллаж болдог юм уу?
“МАХН өөрийнхөө бөхийг биш өрөөлийн бөхийг засчихлаа” гэсэн онож хэлсэн үгний нэг л баталгаа шүү дээ. Та ийм тодорхой баримтуудыг том, бага гэлгүй яривал илүү ойлгомжтой болно. Юм боддог, цаадах наадахын учрыг тунгаадаг хүмүүс дорхноо ойлгоно. Саяхан телевизээр цацагдсан, сэтгүүлч Ш.Гүрбазартай хийсэн ярилцлагадаа луйвар булхайг илчилж үнэнийг хэлж байна гэж Энхбаяр Ерөнхийлөгч хэллээ, нээрээ тэгж хэлсэн юм уу хэмээн улс төрийн хүрээнийхэн ч, жирийн иргэд ч ярьж шуугиж байна. Зарим нь “ёстой үнэнийг хэлж, загатнасан газар маажлаа” гэж хэлж байхад, зарим нь сандралдаж ил, далдаар эргээд Тань руу дайрч байх шиг…
-Уг нь сэтгүүлч Ш.Гүрбазартай ярилцахдаа үнэнийг илчлэн хэлчихсэн, хариулчихсан шүү дээ. Нэгэнт Та хариулт нэхсэн асуулт тавьсан учраас би бодит үнэнийг шууд хэлье. Хэн нь эмзэглэж, хэн нь өөрөө нуугдаж бусдад захиалга өгч үнэн үгийн эсрэг дайрч байгаа нь ойлгомжтой шүү. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай нуусан, хаасан үнэнийг хэлэлгүй өдий болтол дуугүй байсан. Ингэсэн нь харин миний буруу ч байж магадгүй. Зарим нь намайг тэр чигээрээ дуугүй байгаад байгаасай гэж бодсон, хүссэн ч байх.
“Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж хэлэх вий хэмээн эхэндээ болгоомжилсон. Гэтэл худлаа ч байсан түрүүлж дуугарсан нь хождог тийм цаг үе болчихсон учир дуугүй байгаад байж болохгүй юм байна. Хамгийн хачирхалтай нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай худал үгийг МАХН-ын дарга, Сонгуулийн төв штабын дарга Баяр хэвлэл мэдээллээр эхэлж цацсан явдал. Дахин хэлэхэд худал юм ч их яригдсан. Баталгаа шаардагддаггүй учир худал үгийг түрүүлж хэлж цаг хожно. Тэгээд “үнэн” болтол нь олон дахин давтана. Харин бодит үнэн заавал баталгаатай байх ёстой учраас түүнийгээ олох гэсээр цаг алддаг тал бий. Гэхдээ нэг үнэн хэдэн арван худлаас илүү жин дардаг учир хожуу дуулдсан ч яваандаа ялна. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдгийн учир үүнд оршино. Энэ бүх учир шалтгааныг харгалзан үзээд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар хожуухан ч гэсэн үнэнийг хэлье гэж бодсон юм. Цаг хугацаа ч хангалттай өнгөрлөө. Юм ухаардаг, эсхүл ухаарахыг хүсдэг хүнд анзаарагдаж ойлгогдох хэд хэдэн үйл явдал боллоо шүү дээ.
Хууль зөрчсөн элдвийн зөрчлийг илрүүлж, яг шударгаар саналын хуудсыг тоолбол ард түмэн маань надад итгэл үзүүлж, дахин Төрийн тэргүүнээр сонгосон. Ард түмэн, сонгогчиддоо баярлалаа гэхээс өөр аргагүй.
Бүр товчхон хэлбэл улсын хэмжээнд ялаад Улаанбаатарын зургаан дүүрэгт луйвардуулаад дууссан. Сонгуулийн луйвар булхайн тухай бид өмнө нь ч их ярьсан. 7 дугаар сарын 1-ний үйл явдал ч сонгуулийн луйвартай холбоотойгоор өрнөсөн шүү дээ. Уг нь намууд нэг нэгнийгээ луйвардлаа хэмээн дайрдаг байсан. Урьд өмнө хэзээ ч, ямар ч сонгуулийн үед байгаагүй онцлог нь МАХН-ын удирдлагын, хуруу даран тоолбол гарын таван хуруунд багтах цөөхөн хүн сонгуулийн ялалтын төлөө нойроо хугаслан, хоолоо хагаслан зүтгэж байсан намынхаа мянга, мянган гишүүд дэмжигчдээ доромжлон, саналаа өгсөн олон зуун мянган сонгогчдоо үл тоомсорлон, намдаа ялалт авчрахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн нэр дэвшигчээ хууран мэхэлж санаатайгаар “унагаасан”. Ерөнхийлөгчийн сонгуулийн луйврыг 2008 оны УИХ-ын сонгуулийн зарим тойрогт туршиж үзчихээд, тэр ов мэхээ давтан хийсэн ч гэж хэлж болно.
Намайг намын даргаар ажиллаж байхад намын удирдлагын хүрээнд нэг нэгэндээ гомдсон, эсхүл үл ойлголцсоноос болоод сонгуульд нэг нэгнийхээ нэрийг дэвшүүлэхгүй байх, эсхүл бүр аюултай нь нэр дэвшсэн хүнийхээ эсрэг ажиллахыг завдах гэдэг байсан. Тэд хэдийгээр удирдлагын бүрэлдэхүүнд багтдаг ч гол хариуцлагыг үүрдэггүй тул тиймэрхүү маягаар хувийн сэтгэлийн хөдөлгөөнд автамтгай байдаг. Харин намын дарга бол гол хариуцлагыг үүрч байгаа албан тушаалтны хувьд энэ бүх зөрчлийг арилгах, зохицуулах үүрэгтэй байдаг. Би тийм л зарчмаар ажиллаж ирсэн. Хэнбугай ч байсан нэр дэвшигчээ ялуулахын тулд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэдэг байсан, бусдыг ч хоёргүй сэтгэлээр ажиллахыг шаарддаг, зохицуулдаг байсан. Тийм ч учраас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын даргаар найм, есөн жил ажиллахдаа намаа нэг ч сонгуульд ялагдуулаагүй болов уу. Би мундагтаа биш, зарчим зөв байсан учраас ялж байсан, ялагдахгүй байсан гэсэн үг.
Ардчилсан нам, түүний нэр дэвшигчийг сонгуульд булхайтайгаар ялсан гэж буруутгаж болох боловч энэ ажлыг зориуд санаатайгаар гардан зохион байгуулсан, эсхүл луйврыг мэдсээр байж таслан зогсоогоогүй МАХН-ын цөөн тооны удирдах бүрэлдэхүүн, бүр тодорхой яривал намын дарга, Сонгуулийн штабын дарга Баяртай хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ.
“Засуул нь өөрийнхөө бөхийг биш өрөөлийн бөхийг засчихлаа” гэж Тангадын Галсан гуай ганцаараа хэлээд байгаа юм биш шүү дээ. Олон хүн ингэж ярьж байгаа. Харин Тангадын Галсан гуай илүү онож хэлсэн учир хүмүүс үгийг нь иш татаад байгаа юм. Ажигч, юмны цаадах, наадахыг тунгаан бодож, олж харж, онож хэлж чаддаг хүний үг. Ийм луйврыг үнэнээр нь тогтоож, эртхэн таслан зогсоохгүй бол нам дараа, дараагийн сонгуульд өөрийнхөө эсрэг ажилладаг, өөрөө өөрийгөө унагадаг, нэг ёсны “амиа хорлодог” зуршилтай болно. Ер нь нам өөрийнхөө нэр дэвшигчийг зориуд унагах гэж сонгуульд оролцоод яах юм бэ. Нам гэж байгаад яах юм бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарна биз дээ?
“Тахимаа түргэн өгсөн”-ий хувьд хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, би “сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрлөө” гэж хэлээгүй.
Харин “СЕХ-ны танилцуулсан дүнг хүндэтгэж байна” гэж хэлсэн. Ялгаатай байгаа биз? СЕХ маань яаж ажилладаг байгууллага билээ гэдгийг та бид сайн мэднэ. Хүсэлдээ ч, хүндээ ч, хуулиндаа ч байдаг биз. Сонгуулийн дүн, СЕХ-ны танилцуулсан дүн хоёр тэр болгон нийлдэггүйд л гол учир нь байгаа юм. Уг нь яв цав нийлж байх ёстой юм шүү дээ.
Харин намайг сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэхэд намын дарга Баяр их баярлаж байсан. “Таны саналыг намын УЗ-д танилцуулъя” гэж хэлсэн. Танилцуулсныхаа дараа манай өрөөнд орж ирээд “УЗ-ийн гишүүдийн зарим нь уйлж байна. Манай нам үнэхээр зөв хүнээ дэвшүүлсэн байна гэж би хэллээ” л гэсэн. Хожим нь “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгөхдөө “Буруу хүн дэвшүүлсэн” ч гэх шиг, бас “Сонгуульд ажилласан мянга мянган гишүүдээ гомдоолоо” ч гэх шиг учир утга муутай, хоёрдмол зүйл хэлсэн байна лээ. Тэгж яривал сонгуульд ялахын тулд өдөр, шөнөгүй ажилласан жирийн гишүүд, дэмжигчдээ хууран мэхэлж, сонгуулийг зориуд луйвардсан намын дарга, штабын дарга гишүүд, дэмжигчдээ гомдоосон гэвэл илүү үнэнд нийцнэ биз ээ.
Хоёрт, надад миний албан тушаалаас илүү нийгмийн амар амгалан байдал эрхэм чухал байсан. Тэгээд ч албан тушаалыг авч болсон юм, өгч болно шүү дээ. Сонгуулийн булхайг заавал үймээн самуун дэгдээж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироож байж илчлэх гэж оролдох биш хуулийн дагуу тайван замаар тогтоох нь зүйтэй гэж бодсон юм аа.
Гуравт, манай намын удирдлага сонгуулийн луйвар булхайг илрүүлж үнэн шударга дүн гаргахын төлөө хуулийн дагуу ажиллах хүсэл сонирхол огт байхгүй нь тодорхой байсан. Нэг жишээ хэлье. МАХН-ын ХХҮ их хуралд бэлтгэх ажлын хүрээнд баримт бичиг боловсруулах хэсэг намын дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байсан. ХХҮ их хурал “шинэчлэл-хариуцлага” гэсэн уур амьсгалын дор болохоор байгаа нь мэдрэгдэж байсан тул намуудыг, түүний дотор МАХН-ыг шинэчлэх гол арга зам бол хариуцлагыг дээшлүүлэх явдал гэж гишүүд, дэмжигчид хүсэн шаардаж байсны дагуу дүрмийн төсөлд ч хариуцлагын хэд хэдэн заалт орохоор яригдаж байсан. Би намын даргаар ажиллаж байсны хувьд тэр үеийн намын удирдлагатай намын хөтөлбөр, дүрэмд оруулах зарим санаа, заалтын тухай нөхөр ёсны зөвлөгөө өгч байсан юм. Тэдгээр заалтын нэг нь “Улс орны хэмжээнд зохион байгуулагддаг УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нам амжилтгүй оролцвол намын дарга, Удирдах зөвлөл огцорно” гэсэн төсөл байсан. Гэтэл намын Их хуралд хэлэлцүүлэхдээ энэ заалтыг өөрчилж, зөвхөн “УИХ-ын сонгуульд нам амжилтгүй оролцвол намын дарга, Удирдах зөвлөл огцорно” гэсэн төсөл оруулж батлуулсан байдаг юм. Би тэр үед яагаад хассаныг нь тодруулж асуухад Баяр дарга үүрэг өгч, их хуралд орох баримт бичгийн төслөөс хасуулсан гэсэн хариу сонссон. Энэ мэтээр сонгуулийн өмнө, сонгуулийн үед, мөн дараа нь болсон үйл явдлуудын хоорондын холбоог судалбал намын дарга санаатайгаар сонгуулийг амжилтгүй болгохын төлөө “хүчин зүтгэсэн” нь тодорхой харагддаг.
Улс төрийн амьдрал тасралтгүй өрнөн үргэлжилж байдаг учир Ерөнхийлөгчийн сонгуулийг манай намын удирдлагын цөөн тооны хүн, ялангуяа намын дарга Баяр зориуд санаатайгаар үгсэн хуйвалдаж, “өөрийн бөхийг биш өрөөлийн бөхийг зассаны” нэг ёсны баталгаа нь Чингэлтэй дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгууль болсон. “Даравч далдайна, булавч бултайна” гэдэг биз дээ. Уг нь би Чингэлтэйд нэр дэвших бодолгүй байсан. Гэтэл намын гишүүд, УИХ-ын зарим гишүүд, хамгийн гол нь Чингэлтэйн иргэд сонгогчдоос нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хүссэн санал олноор ирсэн. Социологийн нэг биш судалгаанаас үзэхэд нэр дэвшин ялах магадлал илэрхий өндөр байсан. Нөхөн сонгуульд нэр дэвшиж өрсөлдвөл, нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулан, хаана ямар булхай гарсныг тогтоож, арилгаж болох юм байна. Хоёрдугаарт, намайг үхэн хатан зүтгэж байгаад Чингэлтэйд дэвшүүлэхгүй юм бол тэр нь Ерөнхийлөгчийн сонгууль луйвар байсныг батална гэж бодсон. Аль нь ч байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн цаадах “нууц”-ыг олоход тус болох байлаа. Харин огт дуугүй байж, хойш суувал сонгуулийн булхай хэзээ ч илрэхгүй юм байна гэж үзээд нэрээ дэвшүүлье гэж бодсон. Намайг хэн бэ гэдгийг сайн мэдэх учир эгэл жирийн гишүүд, дэмжигчид нэрийг маань намын үүрүүдээс дэвшүүлсэн. Энэ нь иргэд сонгогчдын, томоор хэлбэл нийгмийн санаа бодлын шууд тусгал байсан. Миний дээр хэлсэн таамаглал үнэн болж булхай луйвар нь илрэхээс айсан намын дарга Баяр намайг нэр дэвшүүлэхгүй байхын тулд ёстой л “хазахаас бусдыг” хийнэ лээ дээ.
Нэр дэвшүүлэх бага хуралд намайг оролцуулаагүй, үг хэлүүлээгүй, социологийн судалгаагаар хэн нь ямар рейтингтэй байгаа юм бэ гэж асуухад хариулаагүй. Ийм л юм болсон. Ичмээр юм болсон. Гэхдээ би биш, харин намын олон гишүүн, олон хүн намын даргын өмнөөс ичсэнээ ярьж байсан. Цаанаа Ардчилсан намтай наймаалцчихсан, үгсчихсэн байсан тул бодит рэйтинг, үнэн дүр зургийг нуух хэрэгтэй байж л дээ. Намын дарга Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Манай нам Улаанбаатарт угаасаа 40-өөс илүү хувь авдаггүй юм” гэж худал хэлж, луйвраа нууж байсныг олон хүн мэднэ. “Тэгвэл яагаад дүүрэг, нийслэлийн сонгуульд болохоор 60-70 хувь авдаг юм бэ?” гэхээр хий л мөрөө хавчина. Ярьж байгаа юмандаа өөрөө ч итгэлгүй. Тэгээд нөгөө нөхөн сонгуулиар хэдэн хувь авлаа? Өнөөх 60-70 хувь биз дээ? Зургаан хувийн рэйтингтэй нэр дэвшигч 60-70 хувийн санал авсан дүн гаргаж болдог. Тэгвэл яагаад Ерөнхийлөгчийн сонгуулиар 45-48 орчим хувийн рэйтингтэй байсан нэр дэвшигч үгүйдээ гэхэд 51 хувь авдаггүй юм бэ гэхээр ахиад л мөрөө хавчина.
Инээдтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг. Ингэж “хулгай” газар дээрээ баригдахад хэцүү байсан бололтой. Чухам тиймдээ ч сонинд өрсөж ярилцлага өгч, уснаас хуурай гарах гэж оролдож байна лээ. Би уг нь дахин хэлэхэд энэ тухай ярьдаг юм уу, байдаг юм уу гээд эргэлзэж байгаад худал яриаг дуугүй байж няцаадаггүй юм байна гэдгийг бодож, хожуу ч гэлээ үнэнийг хэлж байна.
Нөхөн сонгуулиар Ардчилсан нам ч ажиллаагүйг хүмүүс сайн мэднэ. Ерөнхийлөгчийн сонгуулиар “наймаалцчихсан” байсан тул аргагүй шүү дээ. Монгол Улсын Төрийн тэргүүний суудлыг нэг тойргийн суудлаар “наймаалцана” гэдэг АН-ын хувьд “овоохон наймаа” байгаа биз? МАХН-ын талаас аваад үзвэл аль ч талаасаа “ашиггүй наймаа” болсон.
УИХ-ын сонгуульд ард түмэн саналаа өгөөд байхад намын удирдлага хариуцлага үүрэхээс зугтсаар байвал сонгуулийн үр дүн нэг ёсны “хүчингүй” болж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх, алдвал хариуцлага, оновол гавъяа үүрэх эзэнгүй болно. Хариуцлага хүлээх эзэнгүй гэдгийн цаана, бас хяналт тавих боломжгүй болно гэсэн үг шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмэн саналаа өгөөд байхад өөр намтай хуйвалдаад сонгуулийг булхайтай болгосон. Тийм учраас АН, түүний нэр дэвшигчийг буруутгахаасаа илүү энэ бүх будлианыг хутгасан өөрийн намын дарга Баяртай хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм. Ингэх нь надад гэхээс илүү намд хэрэгтэй. Цааш цаашдын олон сонгууль биднийг хүлээж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар нэг ч удаа албан ёсоор авч хэлэлцээгүй. Харин санал сэтгэгдэл сонсох хэмжээний хурал ч биш, зөвлөгөөн ч биш юм хийхдээ намайг урихаасаа ичиж, болгоомжилж байх жишээтэй. Тэр цуглаан дээрээ “буруу хүн дэвшүүлсэн” гэсэн “үлгэр”-ээ яриулж эхэлсэн. Угаасаа насаараа намайг муулж амь зууж яваа хүмүүсээр “муу” гэсэн дүн маньдаа тавиулаад магнайгаа тэнийлгэсэн байх.
-Яагаад Төрийн тэргүүнээ сонгох сонгуулийг ийнхүү будилуулж өрсөлдөгчдөө тавьж өгөв гэж асуувал олон шалтгаан хэлж болох юм шиг. Гэхдээ нэг шалтгаан нэлээн гол үүрэг гүйцэтгэсэн болов уу. 7-р сарын 1-ний үйл явдлыг хэлж байна. Энэ эмгэнэлт үйл явдал яагаад гарав, үүнд хэн буруутай вэ? хэмээн хүүхдээ, ханиа, эх, эцгээ шоронд хориулсан, шороонд булуулсан, шархтуулж бэртээлгэсэн хүн бүр, ер нь Монголын олон нийт асууж, хариулт нэхэж, үнэнийг эрж байгаа. Энэ асуултанд шударга хариулт өгч чадвал, зохих арга хэмжээ авбал дахин ийм явдал давтагдахгүй байх баталгааг бий болно.
Энэ хэрэг явдалтай холбогдуулж хамгийн ихээр шүүмжлүүлж байгаа хоёр хүн бол Баяр, Элбэгдорж нар гэдэг нь нууц биш. Тэр үед аль аль нь УИХ-ын сонгуульд улайран өрсөлдөж байсан намын дарга нар. Энэ хоёр анх үймээн бужигнаан үүсэхэд нөлөөлөөгүй юм гэхэд хүний амь насыг хохироох, хүний биеийг гэмтээх хүртэл дэврүүлэлгүй эв дүйгээр зохицуулах өргөн боломжийг бүрэн дүүрэн дайчилж ашиглаагүй. Санаатай юу, санамсаргүй юу? Хүссэн үү, хүсээгүй юу гэдэг нь тодорхой биш байгаа. Тэгэхлээр 7-р сарын 1-ний асуудлыг “унтуулъя” хэмээн “ойлголцож” Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгууль хоёроор “наймаалцсан” байж тун болзошгүй гэж хүмүүс таамагладаг шүү дээ? Нээрээн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ хурц асуудал таг чиг болчихсон.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ноён Баяр хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, сэтгүүлчидтэй уулзахдаа бас нэг нууцыг өөрөө задалчих шиг болсон. Элбэгдорж бид хоёр Ерөнхийлөгчийг ард түмнээс биш УИХ-аас сонгодог болгож, Үндсэн хуулийг өөрчлөх талаар тохирсон байсан. Харин сонгуулийн дараа Элбэгдорж тохирсноосоо буцаад байна гэж хэлсэн. Ардчилсан намын нэр дэвшигчтэй бүр Үндсэн хуулийг өөрчлөх, Төрийн тэргүүнээ сонгох эрх мэдлийг ард түмнээс салгах хэмжээнд наймаа, арилжаа хийдгээ өөрөө батлан хэлсэн гэж ойлгож ч болно. Харин Баяр Таныг буруутгаж, өөрийгөө зөвтгөхөө зогсохгүй, Та бидний энэ ярилцлагыг ч бас л няцаахыг оролдох магадгүй.
-Энэ асуулт, ажиглалтыг дагаж өөрийн эрхгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэн, юу хийх байсан, эсхүл хийхгүй байсан бэ гэсэн асуулт тавигдах ёстой. Эдгээрт хариулах нь өөрийн чинь асуултанд ямар нэгэн хариулт болно биз ээ. Миний хувьд хэрэв шударга сонгууль болж, Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон бол ийм, ийм юм хийх байсан, эсхүл УИХ, Засгийн газраар хийлгэх байсан, харин ийм ийм юмыг хийхгүй байсан, эсхүл УИХ, Засгийн газраар хийлгэхгүй байсан гэсэн хоёр тусдаа жагсаалт гаргаж болно.
Эхний жагсаалт буюу хийх байсан ажлын жагсаалт гэвэл хамгийн эхэнд нь “Гурван 15-ын бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлэх зорилт байх байсан. Арван таван жилийн турш эдийн засгаа жил бүр 15 хувиар өсгөе, улмаар хүн бүрт 15 мянган ам.доллар ногддог эдийн засагтай болж, хөгжлийн өндөр төвшинд хүрье гэсэн зорилт бүхий ажлыг шуурхайлан хэрэгжүүлэх байлаа. Оюутны сургалтын зардлыг төрөөс даадаг болгох, 1 сая 500 мянган төгрөгийг иргэн бүрт өгүүлэх ажлыг ардчиллын 20 жилийн ойтой уялдуулан хийж, энэ баярыг нийт ард түмний баяр болгон тэмдэглэх, “Оюу толгойн гэрээ”-нд гарын үсэг зурахдаа тодорхой хугацааны дараа Монголын талд 51 хувь ногдохоор тохиролцох гээд ажлын гараагаа эрчимтэй эхлэх байсан.
Хоёр дахь жагсаалт буюу хийхгүй, эсхүл хийлгэхгүй байсан зүйлийн жагсаалт гэвэл юуны түрүүн Оросын нөхдүүдтэй ярьж ойлголцсоноор “Монросцветмет”-ийн өрийг зөвшөөрөхгүй байх, ингэснээрээ улсынхаа өрийг 180 орчим сая ам.доллараар нэмэхгүй байх, 1 сая 500 мянган төгрөгийг олгоогүй мөртлөө Хүүхдийн мөнгө зэрэг нийгмийн халамж, хамгааллын ажлыг зогсоолгохгүй байх, Ардчиллын 20 жилийн ойг цөөн хэдэн хүний баяр болгохгүй байх, түүний дотор Зоригийн алуурчдыг олоогүй байхад түүнд нэр холбогдож нэр нь олны амнаас ам дамжин яригддаг хүмүүст төрийн өндөр шагнал олгохгүй байх, 7-р сарын 1-ний асуудлыг одооных шиг “найзан дундаа” гэмээр аль ч үгүй эзэнгүй орхигдуулахгүй байх зэрэг байсан болов уу. Дашрамд хэлэхэд, шагнал олгох тухай оносон, оноогүй шийдвэр гарч болно. Харин татгалзах соёл байж болно шүү дээ.
Энэ бүхнийг мөнгөөр хэмжвэл хэдэн зуун сая ам.долларын алдагдал болж байгаа юм. Тухайлбал, саяхан хөгшчүүл, хүүхдүүдэд 70 мянган төгрөг өгсөн. Үүнд олон арван тэрбум төгрөг зарцууллаа. Гэтэл Оросын Их өр эцэслэн шийдвэрлэгдэж, нэгмөр хаагдсан байтал Энхбаярыг л буруутгахын тулд өөрсдөө “сөхөн” тавьж, улс орноо даруй 180 орчим сая ам.долларын өрөнд орууллаа. Уг нь гадаад харилцааны асуудал дээр хэнбуйгай ч, ямар ч байгууллага Монгол Улсын эрх ашгийн төлөө нэг л дуу хоолой, зарчим, байр суурьтай байх ёстой. Орос нөхөдтэй хамт суугаад бүх юмыг үнэн зөв, үндэстэй тайлбарлавал ойлголцох бүрэн бололцоо байсан. Гэхдээ монголчууд хэн нэгнийгээ муулахын тулд өртэйгээ “хүлээн зөвшөөрч” байхад тэд “аманд орсон өөх”-ийг хэлээрээ юу гэж түлхэх юм бэ? Үүнд оросууд биш, манай өнөөгийн удирдлага буруутай. Харин хохирогчид нь албан тушаалтнууд биш, ард түмэн болж байгаа юм. Хэрэв тэгж амархан хүлээн зөвшөөрөөгүй бол үгүйдээ гэхэд 70 мянга биш 100 мянган төгрөг хөгшчүүл, хүүхдүүддээ өгч болох байсан. Тэгээд бод л доо. Нэг хариуцлагагүй үг, нэг булхайтай сонгууль ард түмэнд ямар хүнд, ямар өндөр өртөг үнэтэй тусч байна вэ?
Гэхдээ хийх байсан, эсхүл хийхгүй байсан ажлыг Монгол орон үнэхээр ардчилсан улс мөн юм бол албан тушаалтай байсан ч, байгаагүй ч хөөцөлдөж зүтгэж болно. Тэгэх ч хэрэгтэй. Гагцхүү цаг хугацаа алдагдах аюул, илүү хүч чадал шаардагдах саад бэрхшээл бий тул яг хүссэн үр дүн гарахгүй байх магадлалтай.
Сонгууль нэртэй луйвар байгаа цагт 20 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн Та бидний ардчилал байхгүй болно шүү дээ. Хэн сайн хуурч мэхэлсэн нь, хэн хэлсэн ярьснаа мартсан нь хождог нь бас л ардчилал биш. Одоо хараад байхад худлаа ярьж, хуурч мэхэлснээ улс төрчид шалавхан мартуулахыг хичээдэг болж. Өөрсдөө мартвал хүмүүс ч мартана гэж тэд боддог бололтой. Ард түмэн дэндүү олуулаа учраас нэг хэсэг нь мартсан ч, нөгөө хэсэг нь мартахгүй. Биелүүлтэл нь сануулна, шаардана, биелүүлэхгүй хуурвал хариуцлага тооцно. Энэ чинь бас л ардчилал шүү дээ.
Сүүлийн үед сонгууль ч байсан, төр засгийн, эсхүл намын ажил ч байсан тэрэндээ эзэн болж хийхийн оронд эзэнгүйдүүлж орхидог, хариуцлагаас бултдаг “моод” дэлгэрч байх шиг. Ийм “урваач шарваач” улс төр газар авбал нэг хүнд биш, нийт улс оронд хортой. Албан тушаал нь байгаа мөртлөө ажил хийхгүй, амарч зугаалаад ч байх шиг, амарч зугаалаад байгаа юм уу гэхлээр ажил хийх гээд ч байх шиг. Нэг нь ажлаа өгчихсөн ч юм шиг, үгүй ч юм шиг, нөгөөх нь ажлаа авчихсан ч юм шиг, үгүй ч юм шиг байна шүү дээ. Ёстой нөгөө “эргэлзээ” гэдэг шог чинь энэ байх. Ард түмний итгэлийг дааж хариуцлага хүлээнэ гэдэг албан тушаалаа ашиглаж мөрийтэй тоглохоос их өөр зүйл байгаа юм даа.
ДЭЛХИЙД БАЙДАГГҮЙ БАНКНЫ БАЙХГҮЙ ДАНСАНД БАЙХГҮЙ МӨНГӨ БА СОНГУУЛЬ
-Луйврын сонгуулийн бас нэг жишээ. Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгө мөнгөөр мөрийтэй тоглож алдаад оргон зайлж, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа Сүрэнхор гэдэг хүний нэрийг ашиглан Таны эхнэрийн “Suisse Credit” хэмээх банкны хадгаламжийн дансыг “хайж олсон” гэсэн шуугиан дэгдээж, тэр нөхөр сонгуулийн маргааш л “гавъяа байгуулчихсан” хүн шиг эргэж ирнэ, тэр үед өөрийг нь өөрийнх нь хийсэн хэргийг өршөөгөөрэй гээд байсан яасан бэ? Бүтэн жил боллоо шүү дээ. Рок попын оддын хамтран бүтээсэн, бас ч гэж сонгуулийн хандивын мөнгөний багагүй хэсэг нь зарцуулагдсан дууны клипэнд нэр дэвшигч Таны нүүр цухуйлгүй байсаар сонгууль дууссан. Харин бүх зүйл өнгөрсөний дараа зарим нэг нь “Өө энэ чинь сонгуульд зориулсан, Энхбаярыг дэмжсэн дуу байсан юм уу?” гэж тэр хойно ойлгож байх жишээтэй …
-Манай Цолмонгийн нэр дээр “Suisse Credit” хэмээх байдаггүй банкинд 1,3 тэрбум ам.доллар байна, сонгууль дууссаны дараа энэ тухай дэлхий даяар зарлана гэж олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа Сүрэнхор гэдэг залуугийн нэрээр гүтгэлэг “үйлдвэрлэн” тараасан. Намайг сонгуулийн өмнөхөн Бээжинд очиж тэр банкныхантай уулзаж “сонгууль өнгөртөл битгий зарлаарай” гэж гуйсан хэмээн гүтгэсэн. Нэгдүгээрт, дахин хэлье. “Suisse Credit” гэдэг банк энэ дэлхийд байхгүй. Харин “Credit Suisse” гэдэг банк бий. Дэлхийд алдартай банкны хоёр үгнээс бүтдэг оноосон нэрийг урд хойно нь оруулан сольж, ард түмнийг хуурсан. Жишээ нь “Талх чихэр” компанийг “Чихэр талх” гэж болохгүй биз дээ? Төстэй сонсогдоно, төөрөгдүүлнэ гэж бодоод санаатайгаар иймэрхүү арчаагүй гүтгэлэг “үйлдвэрлэж” тараасан. Байдаггүй банкинд данс нээгээд, тэр их мөнгийг хадгалж байна гэвэл үлгэрт ч гарахгүй худал зүйл болно.
Хоёрдугаарт, өөрийгөө яая гэж байгаа сэжигтэн, олон улсын цагдаад эрэн сурвалжлагдаж байгаа хүн яахаараа банк санхүүгийн хамгийн өндөр нууцлалтай Швейцар Улсад дуртай дансаа “мэдэж” нэхээд явж байдаг “дэлхийн хэмжээний мөрдөн байцаагч” болчихсон байдаг билээ? Сонгуулийн маргааш эх орондоо ирээд энэнээс илүү юм илчилнэ гэж Сүрэнхор хэлсэн мэтээр түүний нэрээр “үйлдвэрлэгдсэн” захидалд өгүүлсэн байсан. Гэтэл Сүрэнхор одоо хүртэл ирээгүй л байна. Сонгууль дуусмагц Швейцарийн банк тэрбум гаруй ам.доллартай дансыг “дэлхий даяар зарлана” гэсэн яасан бэ? Бүгд худал, гүжирдлэг.
Үнэн хэрэг дээрээ хадам ээжийн маань бие муудаж, Бээжинд яаралтай эмчлүүлэх шаардлага гарсан. “Өвчин хэлж ирэх биш хийсч ирдэг”. Энэ тухай Бээжин дэх манай Элчин сайдын яамныхан ч сайн мэдэж байгаа. Би нэг их мундаг гэж өөрийгөө хэлэхгүй. Зүгээр л хүргэн хүүгийн хувьд Ерөнхийлөгч байна уу, ерийн иргэн байна уу эргэж очсон юм. Хэний ч амьдралд тохиолддог өвчин зовлон дээр тоглож гүжирдэнэ, манай улс төр, улс төрчид тэгтлээ ялзарсан, эвдэрсэн гэж хэн санах билээ. Мушгиж далимдуулах нь гэж мэдсэн байлаа ч хүн чанараа гээж, хүргэн нь болсноо мартаж, хүний ёсноос гажиж чадахгүй ээ. Ингэж явах шаардлага гарсан тухай би тэр үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд албан ёсоор мэдэгдэж, ТЕГ-ын даргад хэлээд явсан. Харин ТЕГ-ын дарга “Сонгууль өнөө маргаашгүй эхлэх гэж байхад явах хэрэг байна уу? Сүүлд нь мушгиж гүжирдэх вий” гэж хэлж байсныг санаж байна. Хариуд нь би “Хүмүүс тэгтлээ ялзраагүй байлгүй дээ” гэсэн ухаантай юм хэлсэн.
Тийм банк ч байхгүй, тийм данс ч үгүй, тийм болохоор тэнд нэг ам.доллар ч байхгүй, байхгүй банк нь “зарлахгүй”, “байлгаж олсон” гэх “Сүрэнхор” нь ч сураггүй бүтэн жил боллоо.
ТӨЛБӨРИЙН ТОГТОЛЦООНЫ БОХИР УЛС ТӨРИЙГ ХАЛЖ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ЦЭВЭР УЛС ТӨРИЙГ БИЙ БОЛГОЁ
-Танай нам 1996 оны сонгуульд ялагдсан. Гэтэл Та цоо шинэ баг байгуулаад 2000 онд үнэмлэхүй ялалт байгуулж, МАХН дахин хүчээ авсан тухай Та бид хоёр ярилаа. Харин тэр үед Таныг дагаж улс төрд орж ирсэн нэлээд хүмүүс саяын сонгуульд Таныг дэмжээгүй ч гэх шиг, бас сонгуулийн дараа зарим нь хөндийрсөн ч гэх шиг яригддаг. Тэд яагаад ийм жудаггүй зан гаргадаг юм бол?
-Нэг их сүйд болчихсон юм байхгүй дээ. Миний хувьд олон жил бусдын алдааг өөр дээрээ үүрч, амжилтыг өөрсдийнх нь хэмээн ойлгож, бас ойлгуулж явсан. Сайндаа юу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Хүн хүн өөрийнхөөрөө хэлнэ биз. Ямар ч байсан тэгэхээс өөр арга байгаагүй. Одоогийн Цэцийн дарга, тэр үед УИХ-ын орлогч, олонхийн бүлгийн дарга байсан Бямбадорж нэг удаа надад “Манай намынхан таны нэрийг их ашиглаж байна. Үүнийг таслан зогсоохгүй бол хожим хойно нэр хүндэд их хортой болно шүү” гэж хэлсэн юм. Би хариуд нь “Нэрээ ашиглуулахыг хориглох бололцоогүй биз дээ. Ажил төрөл нь бүтэж байвал ашиглаж л байг л дээ” гэж хэлж байсан. Тэгж бусдад тусалж явах нь удирдагч хүнд байх ёстой шинж чанар гэж боддог. Харамсалтай нь зарим хүн үнэхээр сайн ажил бүтээхийн тулд миний нэрийг ашиглаж, зарим нь өөрийнхөө буруу үйлдлийг хааж хамгаалах, гүйцэлдүүлэх гэж ашигласан нь хожим хойно мэдэгддэг л юм билээ.
Энэ бүхнийг мэддэг хүмүүс нэр зааж байгаад тэр танд өртэй шүү дээ. Хэн байгаад одоо хэн болчихоод байгаа юм?” гэж хэлдэг л юм. Гэтэл амьдралын бас нэг үнэн бол хүн шууд болон шууд бус утгаараа “өр”-тэй байх дургүй. Уг нь чадалтай, жудагтай хүн “өр”-өө мэддэг, бас “төлөх”-ийг хичээдэг. Заримдаа хүн “өр”-өө заавал “төлөх”-дөө биш, харин түүнийгээ мэддэг, мартдаггүй байх нь чухал. Харин чадалгүй, жудаггүй нь “өр”-өө зориуд мартдаг, бултдаг. “Ойн мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай” гэдэг биз дээ.
Бид зах зээлийн эдийн засаг гэж ярьдаг. Энэ бол хүний амьдралд хамгийн ойр тогтолцоо ч гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл амьдрал бол бүхэлдээ шилжүүлсэн утгаараа хүмүүсийн харилцааны нэг ёсны “өр, зээл”-ийн тогтолцоо. Бид эцэг, эхдээ “өр”-тэй. Үр хүүхдүүд маань бидэнд “өр”-тэй гэж хэлж болно. Нэг нэгээсээ “авлага”-тай, бас нэг нэгэндээ “өр”-тэй гэсэн үг. Гэхдээ шууд мөнгөн утгаар нь ярьж байгаа юм биш шүү дээ. Монголчууд “агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” гэсэн мэргэн үг, санаагаар энэ харилцааг зохицуулсан байдаг. Гэхдээ энэ зарчим алдагдвал үнэн шударга ёс алдагдана, ах захгүй болно, хөл толгой хоёр солигдоно.
Энэнтэй адил түүх гэдэг нь үе үеийнхний харилцааны нэг ёсны “өр, зээлийн тогтолцоо” гэсэн үг. Бид өвөг дээдэстээ “өр”-тэй гэж ярьдаг. Мөнгө төлнө гэсэн үг биш шүү дээ. Харин ах захаа мэднэ, өвөг дээдсээ мэднэ гэсэн үг. Алдаа, оноог нь зөв дэнсэлж, сургамж ба болгоомжлол, зориг ба итгэл авч амьдарна. “Хойч үедээ бүрэн бүтэн улс орноо, байгаль орчныг хүлээлгэн өгнө, өр шилжүүлэхгүй” гэж ч ярьдаг. Нэг үе нөгөөдөө “өр”-тэй, нэг нэгээсээ “авлага”-тай байна гэдгийн цаана хэл, соёлоо хадгалах, эв нэгдэлтэй байх, нэг үндэстэн гэдгээ байнга мэдэрч, мэдэж байх тухай юм.
Сүүлийн үед үндэсний үзлийн тухай их ярьж байна. Өөртөө ташуур өгдөг, өөрийгөө хөгжүүлэхэд тус дэм болдог үндэсний үзлийн тухай ярьж байгаа бол хамгийн түрүүнд дэмжих хэрэгтэй. Харин бусдыг дайрч доромжлоход ашигладаг, өөрийнхөө муу, арчаагүй байгаагийн бурууг бусдаас эрж хайж олоход хэрэглэдэг үндсэрхэг үзэл бол эсэргүүцэх хэрэгтэй. Өөрийн хөгжлийг түргэтгэсэн үндэсний үзэл бол нийгмийн харилцаанд хүмүүсийн хооронд, түүхийн хугацаанд үе үеийн хооронд буй болсон “өр, авлага”-ын харилцааг хариуцлага, ах зах, үл мартах зарчмаар шийдэхийг эрхэмлэдэг, хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болдог, улмаар улс орондоо жинхэнэ эзэн болдог үзэл гэж ойлгож байна.
Үндэсний үзэл бол хэсэг хүн өөрсдийгөө нэг үндэстэн хэмээн мэдрэх, мэдэх тухай ч юм гэж хэлж болно. Тэгвэл тэгж мэдрэх, мэдэх нарийн холбоос нь нэг нэгдээ “өр”-тэй, нэг нэгээсээ “авлага”-тай байх явдал. Өнөөгийн бидний хувьд манай эх орон бол өвөг дээдсээсээ өвлөн авсан “авлага”, харин хойч үедээ улам баяжуулж өвлүүлэн өгөх ёстой “эрдэнэ”. Үүх түүх, хэл соёлоо, улс орноо, түүнийхээ эрх ашгийг сайн мэдэхгүй бол “авлагаа” бүрэн дүүрэн авч чадахгүй байна гэсэн үг. Үүх түүхээ дураараа өөрчилж, хэл соёлоо устгаж, улс орныхоо эрх ашгийг хөсөрдүүлвэл дараагийн үедээ “өр” л үлдээнэ гэсэн үг. Үүний тулд энэ нарийн нандин харилцааг мэддэг, мэдэрдэг үндэстэн болох, бас байнга тийм байх ёстой. Ийм үндэстэнд хөгжил дэвшил рүү зоригжуулсан үндэсний үзэл заавал хэрэгтэй.
-Та олон удаа яриад байдаггүй. Хүлээж тэвчиж, арга буюу шударга үнэний төлөө чангахан дуугарлаа гэж байна. Улс төрийн хүрээнд нэг ярилцлага өгөхөд чинь л овоохон цочроо доргион үүсчих юм. Монголд өвөл зуд, хавар жагсаал, зун наадам, намар найр болдог. Улстөрийн хавсарга шуурга ширүүсдэг хаврын эхэнд ярилцлага өгсөн тань улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх цаг гэж үзсэнийх үү? Эсвэл Төрийн тэргүүний тамгыг хүлээлгэж өгөхийнхөө өмнөхөн “Би ард түмэндээ өртэй. Ард түмний итгэл, дэмжлэгээр надад хуримтлуулсан туршлага, олсон мэдлэг, тогтоосон харилцаа, хийсэн ажил бий. Энэ бүхнийг ард түмэндээ зориулна. Гэхдээ хийх ёстой ажил түүнээс ч их байна” гэж, нэг ёсондоо төр, түмэндээ зүтгэсэн хэвээр байна гэж мэдэгдэж байснаа нотолж буй хэрэг үү?
-Үнэн үгэнд дургүй, үхтлээ айдаг хүмүүс сандралдан, өөрсдөө шууд, эсвэл өөр хүнээр дамжуулж эргэж ноцдог. Тэгэх тусам нь үнэн улам тодордог. Ер нь улс төр, төр түмэнд зүтгэнэ гэдэг хоосон ярьж, худал амлахын нэр огт биш. Зөвхөн албан тушаал авах нь ч улс төрийн зорилго биш. Асуудал шийдэж, ажил хийж, гарц олж, тархиа гашилгаж, сэтгэлээ өвтгөж, үгээ үйлдэл болгож, үйлдлээ үр дүнд хүргэхийг би улс төр, улс төрчийн зорилго гэж ойлгодог. Хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлж, хоосон яриа биш бодитой ажил хийхийг улс төр гэж ойлгодог. Тэр нь заавал сандал бөглөж, ширээ тохойлдож байж бүтдэг ч юм биш. Улс төрчийг хэлсэн гоё үг, суусан сандал нь биш хийсэн ажил, хүрсэн үр дүн нь тодорхойлдог гэдэгт би эргэлздэггүй ээ. Их өрийг тэглэсэн, Мянганы сорилтын сангаас 285 сая долларын буцалтгүй тусламж авах хэлэлцээрт гарын үсэг зурсан, Мянганы замыг эхлүүлсэн гээд хийсэн ажил бага биш гэдгээ би сайн мэднэ. Гэхдээ хийх ажил нь түүнээс хавьгүй их гэдгийг бүр сайн мэднэ.
Хэн сайн хуурсан нь, хэн хэлснээ мартаж бултсан нь хождог, хамтарч том том, хүнд хүнд асуудлыг шийдэх биш, хамтарч аваад хуйвалддаг улс төр байгаа цагт цөөн дарга нар жаргаж, ард түмэн зовно. Ард түмэн зовж байгаа бол биеэ оторлож, хойш сууж, гараа хумхиж, хараагүй царайлаад суух эрх надад үгүй. Албан тушаалтай ч, албан тушаалгүй ч ард түмнийхээ төлөө зүтгэнээ. Хуримтлуулсан туршлага, олсон мэдлэг, ажил хийх нас аль аль нь байна. Бас зовсных нь төлөө зүтгэх эрх чөлөө нь ч надад бий. Хэлээ билүүдэх нь билүүдэг. Хийж бүтээхээсээ ухрахгүй. Өөрийгөө дэмжих, дэмжүүлэх нь гол биш. Харин залуучуудаа, чадвартай, санаачилгатай, шударга, шийдмэг хүмүүсээ дэмжих нь өнөөдрийн эрхэм зорилт. Зөв улс төр гэдгийн нэг тал нь энэ.
Тэгвэл энэ бүхнийг зөв шийдэхэд юу саад болж байна вэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Шулуухан хэлэхэд өнөөдөр Монголд “рент”-ийн буюу “төлбөрийн тогтолцоо”-ны гажиг үүсэн тогтсон байна. Цөөн бүлэг хүмүүс албан тушаал, авлига хахууль, алт мөнгөөр бие биендээ тал засан “төлбөр” төлж, нэг нэгнийгээ хаацайлан хамгаалж, харин ард түмнээ үл тоон амьдардаг гажуудлыг олон улсад “төлбөрийн тогтолцоо” гэж томъёолдог.
Бүр энгийнээр хэлбэл өнөөдөр ард түмэн зовж, дарга нар жаргасан тийм цаг үе байна. Гэхдээ би энэ үгийг албан тушаалаа өгчихөөд хэн нэгэнд гомдоод хэлж байгаа юм биш шүү. Миний үг албан тушаалтай байсан ч, албан тушаалаа өгсөн ч өөрчлөгддөггүй. Оросын том улстөрч, нэртэй эдийн засагч Егор Гайдарыг Монголд айлчлахад, түүнийг гадаадын бусад зочидтой хамт хүлээн авч, үдийн зоог барих үеэрээ би яг энэ үгийг хэлж байсан юм. Егор Гайдар надаас “Монголд байдал ямар байгаа вэ?” гэж асуухад би хариуд нь “Болж байгаагаасаа болж бүтэхгүй нь их байна даа. Яагаад гэвэл дарга нар бидэнд бүх юм болж байгаа мэтээр бодогдож байхад ард түмэн болохгүй байна хэмээн үзэж байна. Товчхон хэлэхэд, дарга нар бид жаргаж, ард түмэн зовж байна” гэж хариулсан. Тэрээр “Хэзээ, хаана, ямар улсын Ерөнхийлөгч ингэж хэлж ярьж байсныг би мэдэхгүй, санахгүй юм байна” гэж гайхаж байсан. Одоогийн Ерөнхий сайд Сү.Батболд тэр ярианд Гадаад хэргийн сайдын хувиар оролцсон. Энэ бол зөвхөн гадаадын хүнд зориулсан үг ч биш. Одоо хэлж байгаа үг ч биш. Ерөөсөө үг төдий ч биш. Бидний амьдралын гоёл чимэггүй үнэн.
Уг нь бид гадаадынханд “Монгол орон бол ардчилсан хувьсгалыг улс төр, эдийн засгийн салбарт нэгэн зэрэг амжилттай хийсэн орон. Монгол Улс бол Номхон далайн эргээс Газрын дундах тэнгис хүртэлх уудам нутагт оршиж буй цорын ганц ардчиллын арал” гэж хэлж, өөрсдийгөө магтах дуртай хүмүүс шүү дээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ ардчилал гэдэг үгээр мөн ч олон хүн мөн ч их алдаа дутагдлаа хаацайлж, баллуурдлаа даа.
Ардчиллыг хэдхэн хүн “хувьчлаад авчихсан” л байгаа гэдэг нь нууц биш. Уг нь аль ч утгаараа энэ үг, энэ ухагдахуун аль болохоор олон хүнд, бүр нийт ард түмэнд хүртээлтэй баймааж нь Монгол оронд ардчилал батжиж бэхжинэ. Ардчилал гэдэг ард түмнийхээ дуу хоолойг сонсоно, тэднийхээ хүсэл зорилгыг үйл хэрэг болгоно гэсэн үг. Гэтэл дарга нар жаргаж, ард түмэн зовно гэдэг бол иргэдийнхээ үг, хүсэл эрмэлзлэлийг дээрээ сонсохгүй байна, өөрсдөө санаанд орж ирснийгээ ард түмэнд тулгаж байна гэсэн үг. Ийм ардчиллын биш, бүр хүчирхийллийн гэж хэлж болох аргаар нэг их хол явахгүй нь ойлгомжтой.
-Таныг “Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн” гэдэг. Таны эхлүүлсэн ажил, боловсруулж батлуулсан хууль, шийдвэр хэр өрнөж үргэлжилж байна вэ? Мянганы зам, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Үндэсний хөгжлийн цогц бодлого Энхбаяр гэдэг Ерөнхийлөгчийн хувийн ажил биш. Төрийн бодлого, шийдвэр үргэлжилж, залгамжлагдаж байх ёстой учраас ингэж асууж байгаа юм.
-Мянганы замыг “Мянгуужингийн зам” гэж л байсан. Одоо тэгж хэлж байсан хүмүүс өөрсдөө Мянганы замын хажуугаар биш дээгүүр нь цаг товчлон тав тухтай явж байна. Хөдөөг хоттой холбосон, хөгжил дагуулсан ард түмний зам болон сунаж байна. Бүр ч урт зам тавих ёстой. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ, Чөлөөт бүсийн нэгдсэн бодлого, газар хувьчлал, Их өрийг тэглэсэн зэрэг ажлууд бүгд цагаа олсон зөв шийдвэрүүд байсан. Заримыг нь санаатай, санаагүй саатуулж, хүчингүй болгох гэсэн оролдлогууд ч бий. Гэхдээ зөв юм зөв л байдаг учраас санаанд хүрэхээр хурдтай биш ч гэлээ ажил үргэлжилж, асуудал шийдэгдсээр л байна.
Ерөнхийлөгч санаачилж, олон эрдэмтэн мэргэд ухаан бодлоо шингээж, УИХ хэлэлцэж баталсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын явц удаашралтай байна. “Үндэсний хөгжлийн цогц бодлого” бол мөрөөдлийн жагсаалт огт биш. Аливаа улс орны, ялангуяа манайх шиг хөгжиж байгаа ядуу буурай орны хөгжлийн асуудал нэг, хоёрхон байдаггүй. Харин бүр олон байдаг. Тэдгээрийг шийдэх арга нь иж бүрэн, цогц байх ёстой. Ийм бодлого хүн бүрийг, сум, аймаг бүрийг, салбар бүрийг багтааж, Монгол орон даяар хэрэгжиж байж монголчууд сайхан амьдарна. Ингэснээр зүгээр нэг үлгэн салган амьд явах биш, бүр хүн шиг амьдрах баттай үндэс суурьтай болно. Асуудлыг олон талаас нь харж судалж, иж бүрэн цогц байдлаар нь тооцож чадах эрх мэдэлтэн, хүчтэй баг л Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баримтлан ажиллаж, зорилтод нь хүрэхийн төлөө зориглон зүтгэж чадна. Нэг, хоёрхон талаас нь өрөөсгөл ханддаг, дутуу хардаг бол, өөртөө итгэдэггүй бол “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг шүүгээндээ мартаж, тоосонд даруулах нь амар байх болно.
МОНГОЛЧУУД 15, 20 ЖИЛИЙН ДАРАА 51 ХУВЬ БУЮУ ДАВУУ ЭРХ ЭДЛЭХЭЭР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛАХ САНАЛТАЙ БАЙСАН. АРД ТҮМЭНД Ч ШУДАРГА ХҮРТЭЭМЖТЭЙ , ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ОЛОН УЛС, БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА Ч ДЭМЖИН ЗӨВШӨӨРЧ БАЙСАН АЛТАН БОЛОМЖИЙГ БИД АСГААД АЛДЧИХСАН
-Улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн том шийдвэрийг гаргаж, төрийн өндөр албан тушаал бүхнийг хашиж явсан улс төрчөөс “том” сэдвээр асуулт асуухгүй өнгөрч болохгүй нь. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний Техник эдийн засгийн үндэслэл буцаагдлаа. Та Оюутолгойн гэрээг яагаад шүүмжилдэг юм бэ? Төмөр замын талаар ч эсрэг, тэсрэг хэрүүл маргаан их байна. Эх орны хишиг, Эрдэнийн хувь, 1,5 ба 2,5 сая төгрөгийг өгөхгүй луу унжиж, цагаан сарын өмнө 70 мянган төгрөгөн дээр шинэлэх гэсэн хөгшчүүд, хоногийн бор хоолтой, үгүйтэй хүмүүс хонон өнжин дугаарлаж авах шиг боллоо.
-Шуудхан хэлэхэд би Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд шүүмжлэлтэй ханддаг нь үнэн. Ерөнхийлөгч байхдаа ч тийм байр суурьтай байсан. Гэхдээ хүний ажлыг хийлгэхгүй нураахын тулд биш, харин хамгийн зөв гарц олъё гэж бодож ханддаг юм. Уг нь миний санал бол дэндүү тодорхой санал. М.Энхболд, С.Баяр нарыг Ерөнхий сайд байхад нь “Оюутолгойн гэрээ”-г Монгол Улсад, монголчуудад ашигтай тодорхой зарчмуудад тулгуурлан байгуулъя гэж шахаж шаарддаг байсан.
Их бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой ч одоохондоо бидэнд техник, технологи, хөрөнгө мөнгө байхгүй, нарийн мэргэжлийн боловсон хүчний нөөц тааруухан байгаа нөхцөл байдлыг тооцож үзээд тодорхой хэдэн зүйл дээр хатуу тохиръё гэдэг саналыг гаргасан. Нэгд, монголчууд аргагүйн эрхэнд, их бүтээн байгуулалтыг цаг хугацаатай уралдан эхлүүлэх үүднээс “Оюутолгойн гэрээ”-г нэн даруй байгуулах нь зөв. Эхлээд давуу буюу 51-ээс дээш хувийг хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх нь ч зөв. Хоёрт, харамсалтай нь өнөөдөр ийм нарийн гэрээг боловсруулдаг олон улсын эдийн засагч, хуульч нь, тооцоо үндэслэлийг нь боловсруулдаг байгууллага нь бараг байхгүй. Гэхдээ бид 15 юм уу, хорин жилийн дараа олон улсын сайн хуульчид, эдийн засагчид, банк санхүү, судалгааны байгууллага, инженер техникийн боловсон хүчнээр дутахгүй болно. Тэр цагт, хорин жилийн дараа Оюутолгойн ордын давуу буюу 51-ээс дээш хувийг Монголын талд буцаан авахаар гэрээ байгуулъя. Энэ хугацаанд гадаадын компани оруулсан хөрөнгөө хэд дахин нөхөөд авна. Ийм зарчмаар тохирвол ажил хурдан эхэлнэ, та нар ч ашиг орлогоо олж авч чадна, манай ард түмэн ч гэсэн ойлгож дэмжинэ гэхэд гадаадынхан ч үндсэндээ зөвшөөрч байсан. Английн хунтайж, Америкийн элчин сайд, хөрөнгө оруулагчид, гадаадын банк, санхүүгийн байгууллагынхан цөм л ойлгож хүлээн зөвшөөрч байсан. Харамсалтай нь ийм сайхан бололцоог алдаж, монголчууд их говийнхоо хөрсөн доорх зэс, алтыг олборлож дуустал нь гэрээ байгуулсан гадаадын компанид давуу эрхээ алдаж, өөрсдөө 34 хувьтай л үлдлээ.
Уг нь нэг нь хождог, нөгөө нь хохирдог тэр өнгөрсөн, хоцрогдсон үеийн гэрээ байгуулдаг цаг өнгөрсөн шүү дээ. Өнөөдөр аль аль тал нь хождог гэрээ байгуулдаг цаг болсон. Тийм тохироог бүрдүүлчихсэн байсан учраас би өнөөдөр өөрийнхөө энэ байр суурийг аль алинд нь ашигтай зөв гарц байсан гэдэгт эргэлзэхгүй байгаа юм, одоо бүр тэр үеэсээ ч илүү итгэлтэй байна.
Алдагдсан боломжийн өртөг их. Илүү ашиг орлого, иргэн бүрт илүү ноогдох хувь хишгээ л алдаад асгачихлаа. Уг нь ийм том асуудлыг хүчээ нийлүүлж, Монголынхоо төлөө нэг дуу хоолойтой, талцалгүй нэгдэлтэй байж зөв шийдэж, зөв гарц олно хэмээн хамтарсан Засгийн газар байгуулагдсан юм байгаа биз дээ?
-Хамтармааргүй юман дээр хачин сайн үгсээд л, хамтрах нэгдэх зүйл дээрээ болохоор бүр эсрэгээрээ хандах нь ердийн зүйл шахуу болчихож. Өргөн, нарийн төмөр зам хил дамнуулан тавина, тавихгүй гэж баахан маргалдлаа.
-Нөгөө л албан тушаал, ашиг сонирхлоороо наймаалцдаг, арилждаг, ханцуйн дотроо тохирч үгсдэг “төлбөрийн тогтолцоо” ноёрхож, хариуцлагын тогтолцоо алдагдсаных. Монголын эрх ашиг, монголчуудын төлөөх хариуцлага хойш тавигдаж байна. Орост төлөх Их өрийн асуудлыг Монголд ашигтай шийдвэрлэхэд хамтарсан Засгийн газар байгаагүй, гэхдээ УИХ-д 72 суудалтай, дээр нь зарчмын эрх ашиг дээрээ эв нэгдэл, илүү нягтралтай байсны ач холбогдол гарсан. Том гүрний Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй нэг ширээний ард сууж, нүд рүү нь харж байгаад зовлонгоо ойлгуулах хэцүү. Өнөө дарга нар зовох ёстой гэдгийн нэг бодит жишээ. Харин нөгөө талын байр суурийг хүлээн зөвшөөрөөд, буулт хийгээд байх юм бол дарга нарт амар боловч ард түмэнд хохиролтой.
Төр, улсаа төлөөлж, том том асуудлуудыг шийдүүлэх гэдэг амаргүй шүү дээ. Том гүрний удирдагчид ширүүхэн харж, аашилж, манай талын саналыг тэр болгон зөвшөөрөхгүй, бичиг цаас шидэлнэ, гар барихаа ч болино. Сэтгэл зүйн элдэв шахалт дарамт үзүүлнэ гэсэн үг. Тэгэхдээ л ард түмнээ жаргаая гэсэн хүн иймэрхүү “зовлон”-г үүрч гарах л ёстой. Тэгнэ ч гэж том албан тушаал дээр очсон юм байгаа биз дээ?
Төмөр замын хувьд бол төслөө эхлүүлчихсэн, ажлаа өрнүүлчихсэн хувийн компаниуд буруугүй. Засгийн газар тогтоол шийдвэрээ гаргаж, зөвшөөрлөө өгчихсөн байхад хувийн компаниуд өөр юунд итгэж найдаж, үндэслэж суурилж, хөрөнгө мөнгө босгож, хөлс хөдөлмөрөө урсгах билээ. Гагцхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үл хэрэгсэж, нэгдсэн бодлого гараагүй байхад зөвшөөрөл олгосон Засгийн газар, гарын үсэг зурсан Ерөнхий сайдтай л хариуцлага тооцох шаардлагатай. Хил давж тавигдах төмөр зам бүр улсынх буюу төрийн өмчийнх байна, дотооддоо тавигдах төмөр зам хувийнх байж болно гэсэн энгийн, ойлгомжтой улс төр-эдийн засгийн, үндэсний аюулгүй байдлын зарчим баримтлагдах ёстой.
Төр, засаг бодлогогүйгээсээ болж, эсхүл бодлоготой байхад түүнийг мэдэн будилж зөрчин гаргасан шийдвэр улсаа ч, гадаад түншээ ч, хувийн компанийг ч, хөрөнгө мөнгө босгох гэж буй банк санхүүгийн байгууллагыг ч бүгдийг нь хооронд нь зөрчилдүүлэн талцуулж, ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм.
-Та “Эх орны хишиг” олгох санаачилгыг гаргасан Ерөнхийлөгч. “Эх орны хишиг” буюу 1,5 сая төгрөгийг заавал өгүүлнэ гэж итгэлтэй мэдэгдэж байсан. Ингэж итгэлтэй мэдэгдэж байсан тань ямар гарц шийдэл, тооцоо судалгаанд үндэслэж байсан юм бэ?
-Бүтээе гэж хандвал бүтэхгүй ажил гэж үгүй. Их энгийн боловч илүү бодитой, эдийн засагтаа ч хэт ачаа дарамт болохгүй, иргэддээ ч шударга хүртээмжтэй тодорхой арга зам байгаа юм. Тэр нь иргэн бүрийн нэр дээр 1,5 сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж гардуулах. Ингэснээр иргэний бүртгэлийн ажилд ч зарчмын ахиц дэвшил гарна. Улс нь иргэн бүрээ мэддэг болно гэсэн үг. Ингээд эдийн засгийн боломж, төсөвтэйгээ уялдуулаад, бүгдийг нь бэлэн мөнгөөр биш гэхэд сургалтын төлбөр, эмчилгээний зардал, жижиг дунд бизнесийн санхүүжилт, орон сууцны зээл зэрэг олон төрөл хэлбэрээр олгож болно. Аргагүй ядарсанд нь бэлэн мөнгө ч олгож болно. Ямар ч байсан иргэн бүр амалсан мөнгөтэй тэнцэх хадгаламжтай, тэр нь өөрийнх нь нэр дээр хадгаламжийн дэвтэрт бичигдээд баталгаажчих учраас хэзээ ч алдахгүй, хоосон үлдэхгүй. Бас дээр нь бэлнээр олгоогүй мөнгөнд хүү тооцож хадгаламжийг нь өсгөнө гэсэн зарчим барих ёстой. Ингэж амалсан 1,5 сая төгрөгөө хүн бүрт өгөх ажлыг хийж болно, хийх ч ёстой. Харин яагаад одоо болтол хийхгүй байгааг нь ойлгохгүй байна. Хэрэгжих баталгаатай учраас “Эх орны хишиг”-ийг олгох итгэл надад дүүрэн байсан.
ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ ХЭНБУГАЙ Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ ТОГТОЛЦОО, ХУРДТАЙ ХӨГЖИХИЙН ТӨЛӨӨХ ЭРЭЛ ХАЙГУУЛ, АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ГАРЦ
-Өнөөдөр яагаад улс төр улам л бохирдож, бүр л хариуцлагагүй, эзэнгүй айл шиг болоод байна вэ? Үндсэн хуулийг өөрчилж, бүх ард түмнээс сонгогдож итгэл хүлээснийхээ хувьд Ерөнхийлөгч Засгийн газрыг байгуулж, Ерөнхий сайдыг томилдог тогтолцоонд шилжье, илүү хариуцлагатай болно гэж төр тэргүүлж байх үеэс чинь яригдаж эхэлсэн. Таныг улам хүчтэй болчихно, Танд л илүү ашигтай өөрчлөлт гарна гэж хардаж сэрдэж байсан. Харин одоо хүчтэй, хариуцлагатай төрийг олон түмэн ч илүү хүсдэг болж, болохгүй байна гэдгийг бүгдээрээ алдсан боломж, илүү өртөг, амьжиргааны доройтол, ардчилсан бус, шударга бус зүйлүүдтэй тохиолдох бүртээ улам их ярьж хэлэлцдэг болсон байна.
-Илүү хариуцлагыг бий болгох эрэл хайгуул болохоос Энхбаярын хувийн асуудал биш гэж би олон удаа тайлбарласан шүү дээ. Хардаж сэрдээд байхаар нь 2013 оноос буюу бүр дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан хойно эхлэн мөрдөж, үйлчилж байхаар батлая ч гэж удаа дараа хэлсэн. Өнөөгийн Үндсэн хууль шилжилтийн үеийн үүргээ сайн биелүүлсэн. Одоо өөрчлөх гэж өөрчлөх биш, харин хөгжихийн тулд өөрчилье.
Яг Таны асуусан шиг алдаа гарвал нэг нэг рүүгээ түлхэж бултдаг хариуцлагагүй төр, засаг биш, харин хэнбугай ч байсан хариуцлагаа хүлээдэг, хэлснээрээ байж, ажиллаж чадсан эсэхээрээ нэр хүнд нь өсдөг, эсхүл унадаг, ард түмэнд тустай ажлаар албан тушаал нь баталгаажин бэхэждэг, чадахгүй бол хариуцлага тооцдог тийм тогтолцоог санал болгож байсан. Хөгжлийн төлөөх, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлье гэж уриалж байсан хэрэг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг харилцан хяналттай, тэнцвэртэй тогтоож өгөх, төрийнхөө тогтолцоог ойлгомжтой болгох л хүсэл зориг, олон улс оронд амжилттай хэрэгжиж байгаа Үндсэн хуулийн үндсэн зарчмуудыг ярьж байсан юм.
Төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх нь авлига хээл хахуультай тэмцэхэд тун чухал. Эс тэгвээс өнөөх “төлбөрийн тогтолцоо” хэвээр л байх болно. Нөгөө л дарга нар нь жаргаж, ард иргэд нь зовсоор л байна даа.
Улс төрийн намуудыг шинэчлэх, ялангуяа тэдгээрийн санхүүжилтийг цэвэр тунгалаг болгохгүй бол авлигын хөрс, үр нь тэнд амь бөхтэй оршино. Бохир мөнгөн дээр суурилсан цэвэр улс төр байх боломжгүй, улс төрийн намуудын санхүүжилтийг зөв зүйтэй болгож, энэ том асуудлыг шийдье гэж уриалж дуудан, шахаж шаардсан. Бүгд л ус балгасан юм шиг дуугаа хурааж, чихээ бөглөөд өнгөрсөн шүү дээ. Гэхдээ асуудал хэвээр байгаа. Зөв шийдэхгүй бол “төлбөрийн тогтолцоо” амь бөх оршсоор, цөөн хэд нь жаргаж, олонхи зовсоор л байх болно.
Төрөөс бизнесийн үйл ажиллагаанд хутгалдахаа болих, түүний оролцоог аль болохоор хумих, удирдах даргалах биш үйлчлэх туслах зарчмыг хатуу баримтлахгүй бол зах зээлийн харилцаа, эрүүл бизнес, эдийн засгийн эрх чөлөө бодит утгаараа хэрэгжихгүй, илааршин цэвэршихгүй, ажлын байр бий болохгүй, арилжааны банкууд олноороо дампуурсан хэвээр, аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа зогссон хэвээр байх болно.
Орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хүч, хөрөнгө тарамдуулсан өнөөгийн байдлаас хөгжлийг буй болгож, дэмжсэн зөв бүтэц рүү шилжүүлэх цаг хэдийнээ болсон. Шийдэхэд хүнд асуудал нь үнэн. Гэхдээ нэг нэгэндээ “төлбөр” төлөөд амар сайхан жаргах гэж биш, асуудал шийдэх гэж албан тушаал дээрээ “зовох” нь хожим хойно улс орондоо илүү ашигтай тусна. Тийм биз? “Үгүй, үгүй, би чадахгүй, миний мэдлэг боловсрол муу, ёс суртахуун нимгэн, өрөөлийг байтугай өөрийгөө яаж авч явахын учрыг сайн олоогүй байна, туршлага байхгүй” гээд байхад нь хүчээр том албан тушаалд тавьсан нэг ч хүн байхгүй, бүгд л хүсч, зүтгэж, гуйж гувшиж, бүр заримдаа хуурч, худалдаж авч байж очсон байдаг шүү дээ.
Энэ мэт нэг нэгэнтэйгээ уялдсан, цаг алдалгүй хийж бүтээх ёстой том том асуудлууд байна. Хамтарч ярилцаад шийдье гэвэл эх оронд маань монгол хүн сайхан амьдрахад тус болсон эрүүл саруул улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцлийг бүрдүүлэх бүрэн дүүрэн бололцоо байна. “Төлбөрийн тогтолцоо”-ноос “Хариуцлагын тогтолцоо” руу түргэн хурдан шилжихгүй бол улсын хөгжил, хүний амьдрал аль аль нь баталгаагүй байна.
Уг нь энэ бүхнийг мэдэж ядаад байх юм байхгүй. Нууц юм лав биш. Юм уншдаг, боддог бол энэ тухай олон ном, судалгааны бүтээл байна. Гэтэл энэ бүхнийг мэдэх хүсэл хэдэн хүнд байна? Олж мэдлээ гээд асуудлыг шийдэх чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл, зориг тэвчээр байна уу? гэдэгт л бүх юмны учир нуугдаж байгаа юм. Тэгж мэдээд хүссэн, зориглосон нь өнөөдөр хөгжиж чадсан байна, одоо болтол мэдээгүй нь, эсхүл мэдсэн ч хүсээгүй, зориглоогүй нь хөгжиж байгаа гэсэн тодотголтой улс орон хэвээр байсаар байна.
Уг нь ард түмэн тийм дорвитой өөрчлөлтийг хүсэж байдаг нь ойлгомжтой учир тэгэх хүсэл, зориг тухайн орны удирдлагад байгаа, эсэхээс бүх асуудал шууд хамаарна. Тэгэхлээр тэгж хөгжиж чадаагүй орнуудын хоцрогдлын шалтгааныг судлахад дийлэнхид нь удирдлага нь хүсээгүй, зориглоогүй учраас гэсэн дүгнэлт гардаг. Нэг нэртэй эрдэмтнээс “Хөгжиж байгаа гэж ямар орныг хэлдэг вэ?” гэж асуухад “Хөгжиж байгаа гэж хөгждөггүй орныг хэлнэ” гэж хариулсан байдаг. Тэгэхлээр Монгол орны хөгжлийн гарц бол өнөөгийн “төлбөрийн тогтолцоо”-ноос “хариуцлагын тогтолцоо” руу шилжих явдал. “Төлбөрийн тогтолцоо” байгаа цагт албан тушаалтнууд буюу дарга нар жаргана, “хариуцлагын тогтолцоо” тогтвол дарга нар зовж, ард түмэн жаргана.
-Газрын баялагтай орнууд баялгийн хараалд өртсөн нь маш их. Манайх шиг засаг төр нь хариуцлагагүй, авлига хахууль нүүрлэсэн оронд хэт цөөн хүн хагартлаа баяжиж, ард түмэн өлөн зэлмүүн, уулаа нурааж, усаа ширгээж үлдсэн нь их. Уул уурхай дээр суурилсан наймаа тохироо газар шороо, өв соёл, уул, усыг устгаж, өчигдөр ба ирээдүйг ч дээрэмдэн цөлмөж, улс орон маань “Mongolia” биш “Мinegolia” хэмээн, өөрөөр хэлбэл “Монгол орон” гэхийн оронд “Уурхайн орон” гэж нэрлэгддэг, зүгээр нэг ашиглалтын талбай боллоо.
-Өнөөх “төлбөрийн тогтолцоо”-ны л үр дагавар. “Хариуцлагын тогтолцоо” хэрэгжиж, үг, үйлдэл болгон нь хариуцлагатай уялддаг тийм улс орнуудад уул уурхай нь улс орондоо, ард түмэндээ ашигтайгаар хөгжсөн. Чадваргүй, ёс суртахуун дорой хүмүүс “төлбөр” төлж албан тушаалд томилогддог, эрх мэдэлд хүрдэг шүү дээ. Намдаа төлбөр төлнө. Албан тушаал, сонгуулийн луйвар, бэлэн мөнгө, лиценз, газраар төлбөр хийгдэнэ. Худлаа ярьж, ам ажил нь зөрнө. Нэлээн хэд хууртсаар залхсан ард түмэн ч сонгуулиар эрхээ эдлэх биш, саналаа “худалддаг”, нэг ёсны эрх чөлөөгөө худалддаг болно, ингэснээр хариуцлага үгүй болдог.
Өнөөдөр Монгол оронд “төлбөрийн тогтолцоо” ноёрхож байгаа тул хүчтэй хяналт, бодитой шүүмжлэл байхгүй байна. Уг нь бодитой шүүмжлэл ухаантай хүнд тус болно. “Гаргаагүй алдаа”-ных нь төлөө хүртэл намайг хурцаар шүүмжилдэг байснаа өнөөдөр яагаад бараг бүгдээрээ бүлх залгичихсан юм шиг дув дуугүй болчихов оо?
-Ерөнхий сайд Сү.Батболдод боломж бололцоо нь олдохгүй байна уу? Таны ярьсан төлбөрийн тогтолцооны элдэв нэхэмжлэл, дарамтанд орчихоод байна уу? Томоохон, дорвитой асуудлаас барьж авч шийдэж чадахгүй л байна. Таньтай харьцаатай байгаа юу, зарим нэгэн шиг нь хүн чанар, өчигдрөө мартагсдын нэг үү?
-Миний бие намын дарга, Ерөнхий сайдаар ажиллахдаа Батболдыг Гадаад хэргийн дэд сайдаар томилж анх улс төрд хөтлөн оруулж ирж, итгэж дэмжсэн. Энэ мэтээр МАХН-аас Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн болсон маш олон хүнийг дэмжиж, тулж тусалж, зааж зөвлөж, бас зэмлэж загнаж, урам зориг ч өгч улс төрд өдий зэрэгтэй явахад нь гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. АН-аас ч нэлээн хэдэн хүнийг дэмжиж, Ерөнхий сайд хүртэл болгож, бас хариуцлага ч тооцож, хатуужуулан өсгөсөн, албан тушаалд хүрч, ард түмний төлөө асуудал шийдэх боломжийг олгосон зам мөрийг туулсан билээ. Гэлээ гээд би тэднээс хариу нэхэж зовоохыг боддоггүй. Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж ярьдаг. Ач тусыг заавал хариулахдаа ч биш, чадвал хариулна л биз, хамгийн гол нь мартахгүй байх нь чухал. Төрөлхөөсөө төрийн өндөр албан тушаалтан байсан юм шиг өчигдрөө мартах нь эцсийн эцэст итгэж дэмжсэн ард түмэн, сонгогч олноо мартахад хүргэнэ.
Батболд ажлаа аваад удаагүй байгаа ч Ерөнхий сайдын зангараг зааж ажиллахгүй байна гэсэн шүүмж байгааг сонсож л байна. Харин чадахгүй байна уу, чадуулахгүй байна уу? гэдгийг одоогоор дүгнэн хэлж мэдэхгүй юм байна.
ЗОРЬСОН ЗОРИЛГО, ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА
-Яг одоо Таны ажил амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? Ерөнхийлөгчийн бус байр сууринаас харахад бодоогүй, санаагүй, харагдаагүй зүйл байх юм уу?
-Ажлын ачаалал мэдээж тодорхой хэмжээгээр багассан ч нийслэл Улаанбаатар болон бусад хотуудад чиглэсэн “Шинэ гудамж” Төрийн бус байгууллага, хөдөөд хандсан “Хөдөөгийн хөгжлийн төв”-ийн зорьсон зорилго, хийх ажил их байна. Олон улсын харилцаанд Монголоо сурталчлах, нэр хүндийг нь дээшлүүлэх, зөвөөр ойлгуулах, хөрөнгө санхүү олж ирэх, хөгжлийн төлөө хамтарч ажиллах “Шинэ цаг үе” Төрийн бус байгууллагын хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл нэг биш байна.
Сонгож унших, судалж дүгнэх ном зохиолууд ч байна. Хүн өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг зорьж байх ёстой, ингэхийн тулд ямагт өөрийгөө голж байх хэрэгтэй. Өөрийгөө голвол бусдад гологдохгүй, өөрийгөө эс голвол харин бусдад гологдоно шүү дээ. Өөрийгөө голоход их ч юм судлах, унших, бодох, хийх шаардлага гарах юм. Өөрийгөө голно гэдэг хүнийг их цаг зав муутай болгодог аж.
Улс төрчид, төрийн хариуцлагатай албан тушаалтнууд спиртээр биш спортоор хичээллэж, ёс суртахууны хувьд ялзралгүй, мөрийтэй тоглоом, садар самуун, зугаа цэнгээнээс хол байх үүрэгтэй гэж боддог. Зэмлэхээс илүү зөвлөж байгаа юм.
Архи гэснээс би зарим хүмүүсийн дургүй нь хүрдэг зөвлөгөө өгдөг юм. Та нар том том асуудлаар төр засгийн, намын шийдвэр гаргахаар хоорондоо уулзаж учрахдаа архи дарс хэрэглэлгүй эрүүл саруул байж ярьж байгаач гэж. Согтуу хүн ажил ярихаасаа илүү цээжээ дэлдэн сайрхана, эсхүл гомдлоо ярьж агсарна, хуйвалдана, буруу шийдвэр гаргана. Тэгэхэд тэд урьдаас “Хүмүүс уухгүй бол сэтгэлээ нээхгүй шүү дээ” гэнэ. Үнэн хэрэг дээрээ аймхай, зальжин, бас хариуцлагагүй хүн л архи ууж ярьдаг биз. Архи уухгүй бол сэтгэлээ нээх зориг дутна, эсхүл худлаа ярьж, хүмүүсийг хуурахын тулд архи уухгүй бол ярьж чадахгүй. Эцэст нь хэлж ярьсандаа эзэн болохгүйн тулд архи ууж ярина. Согтуу хүн машин барьж болдоггүй биз дээ? Гэтэл нийт ард түмэн, улс орны хувь заяаг болохоор согтуу ярих гээд байдаг.
Энэ бол нэг л жишээ. Гэхдээ энэ мэтийн муу зуршлыг арилгахгүй бол зөв ажил хийгдэхгүй, зөв шийдвэр гарахгүй. Би бодохдоо хүний албан тушаал хариуцлага хоёр шууд холбоотой. Албан тушаал ахих тусам хариуцлага нэмэгдэж, муу зуршил алга болох ёстой. Харин албан тушаал доогуур байгаа нөхцөлд хариуцлага бага байж болох юм. Учир нь албан тушаал дээшлэх тусам тэр албан тушаалтны хэлсэн үг, хийсэн ажлаас олон хүний, магадгүй нийт ард түмэн, улс орны хувь заяа түүхэн тэр хугацаанд шалтгаална шүү дээ.
-Өнгөрсөн зун Монгол орны улс төр, нийгэм, эдийн засгийн байдлаар томоохон судалгаа хийлгэсэн гэж сонсогдсон. Судалгааны дүнтэй танилцаад Танд юу бодогдов?
-Тийм ээ, хараат бус судалгааны байгууллагаар нийслэл хот, дөрвөн аймгийн иргэдийн дунд томоохон судалгаа хийлгэсэн. Одоо энэ судалгааны материалыг задлан шинжилж байна. Ер нь аливаа асуудалд улстөржих, шоудах, амин хувийн явцуу эрх ашигт нийцүүлэх үүднээс сэтгэлийн хөөрлөөр, цээжний бангаар хандах нь туйлын хортой үр дагавартай байдаг гэдгийг манай улстөрчид ухаарч, судалгаа тооцоотой, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр асуудлыг хөндөн тавьж байх нь чухал байна. Улстөрчийн хувьд алдаагүй зөв шийдвэр гаргахад үнэн бодитой, шинжлэх ухаанч суурь судалгаа туйлын чухал. Тийм болохоор та бид хоёр дараагийн яриагаа энэ сэдвээр үргэлжлүүлж болох юм шүү.
-Цаг зав гаргаж, илэн далангүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.
Ярилцсан Б.ГАЛААРИД