УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж өнгөрсөн долоо хоногт өрнөсөн улстөрийн үйл явдал, нөхцөл байдлын талаарх Ерөнхий сайдын мэдээлэл болон 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн талаар Сангийн яамны мэдээллийг тус тус сонсчээ. АН-ын бүлэг 2015 оны төсвийг хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн буюу өнөөгийн эдийн засгийн нөхцөлд байдалтай уялдсан төсөв болсон гэж үзсэн байна. Бүлгийн мэдээллээс анхаарал татсан сэдэв нь АН, МАХН-ын хооронд байгуулсан гэх нууц гэрээний хавсралтыг хуурамчаар үйлдсэн асуудал байлаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Нууц гэрээ гэгчийг холбогдох байгууллага шалгасан. Үүнийг АН-ын бүлэг төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй учраас Тагнуулын байгууллагаар шалгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн үйлдэж гэрээний хавсралт нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, ард түмнийг хагаралдуулах хэлбэрээр бичигдсэн байна. Урьд өмнө намыг, ард түмнийг хагаралдуулах гэсэн ийм увайгүй улстөр хийж байгаагүй” гэсэн юм.
С.ОТГОН