Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

2014 оны 10 дугаар сарын 27

Улаанбаатар хот

1989-1990 онд Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/, Ардчилсан Социалист Хөдөлгөөн /АСХ/, Шинэ Дэвшилт Холбоо /ШДХ/, Монголын Оюутны холбоо /МОХ/ зэрэг улс төрийн хүчнүүд БИД хамтарч ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн бөгөөд анхдагчдын  хувьд өнөөдрийн Монгол улсын улс төр, нийгмийн амьдралд  БИД  үнэлэлт дүгнэлт өгөх бүрэн эрхтэй юм.

1996 онд Сонгогч олон Монгол орныг удирдах эрхийг МҮАН-МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэлд итгэж өгсөнболовч  улс төрийн туршлагагүй балчир залуу хүчний хувьд  МАХН-ын (өнөөгийн МАН) эрх мэдлээ алдсанаас үүдэлтэй хонзогнол, хорт явуулгад автаж, өөр хоорондоо эвдрэлцэн Засгийн газраа 4 удаа сольж,  ард түмэнд нэр хүндээ алдаж,  2000 оны УИХ-ын сонгуулиар УИХ –д ганцхан суудалтай үлдэж байсан гашуун  үнэнийг  БИД хэзээ ч мартаж болохгүй.

Харин улс төрийн хувьд туршлага суусан Ардчилсан Намд 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогч олон итгэл өгч, засгийн эрх баригч гол нам болгосон. Шинэчлэлийн Засгийн газар нь МАН-ын  хийж чадаагүйг  энэ хоёрхон жил гаруйхан хугацаанд   зам, эрчим хүч,  барилгын материал, жижиг,  дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих  зэргээр  үр өгөөж нь  Монгол  улсад шингэж үлдэх томоохон бүтээн байгуулалт болж байгааг  олон нийт талархан дэмжиж байгааг БИД  мэдэрч байна.

МАН шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагаа энэ хэвээр тогтвортой үргэлжилвэл Монгол орны улс төрийн тавцангаас бүр мөсөн  арчигдана гэдгээ мэдэрч бачимдан, багтарч байх суух газраа олж чадахгүй байна.

Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг далимдуулан  хуурч мэхлэх, гүтгэн гүжирдэх, айлган сүрдүүлэх зэрэг сурсан мэхээ хэрэглэн Засгийн газрыг огцруулан өөрсдийн булхайг далдлах,  ямар нэг аргаар хамтарсан Засгийн Газар байгуулах,  болохгүй бол улсын төсвөөр барьцаалан УИХ-ыг тарааж  сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах зорилготой нь  ил байна.  Иймд:

1. Сөрөг  хүчний авилгын гэмт хэргээ хаацайлах, албан тушаал горилсон ичгүүргүй  арга мэхэнд автаж манай намаас нэр дэвшиж Улсын их хуралд суусан зарим гишүүд өөрсдийн байгуулсан Засгийн газраа МАН-тай хамтарч огцруулах гэж байгаа нь 1996-2000 оны түүхийн гашуун сургамж давтагдаж болзошгүй  хэмээн  ахмад гишүүд  БИД сэрэмжлүүлж байна.

2. Хэрвээ Засгийн Газраа огцруулах аваас түүнээс гарах үр дагавар нь УИХ тарж, улс орон эзэнгүйдэж  нийгэм улс  төрийн  урт хугацааны хямралд хүргэж  улс орны хувь заяанд нөхөж баршгүй хохирол учруулж болохыг ахмад гишүүд  БИД  анхааруулж байна.

3. Аливаа намыг ашиг хонжоо харж гаднаас замын дундаас орж ирэгсэд л бохирдуулдаг, тэд л өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө хэнийг ч юугаар ч зольж чаддаг гэдгийг анхааран тэдний үг, үйлдэлд авталгүйгээр дотоодын эв нэгдлээ бэхжүүлж улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашгаа хойш нь тавьж ажиллахыг ахмад гишүүд  БИД  шаардаж байна.

Улс төрийн эгзэгтэй одоогийн нөхцөлд өөрсдийнхөө хөлс хүч, сэтгэл зүтгэл, зориг эрмэлзлэлээр  байгуулсан Засгийн газраа  хамгаалж үлдэхийг уриалахын ялдамд бидний энэхүү уриалгад нэгдэн  нийлэхийг  Монгол орныхоо  хувь заяаны төлөө өнгөрсөн хугацаанд хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэж ирсэн МоАХ, МОХ-ны ахмад  гишүүддээ хандан уриалж байна.

Ардчилсан Социалист Хөдөлгөөн, Шинэ Дэвшилт Холбоо

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж