Монгол ардын хувьсгалт намын дотоод бүтэц ямархуу байгаа, дүрэм журмаа хэрхэн биелүүлж буй талаар өнөөдөр тус намын “Шударга ёс” анхдагчдийн холбооны тэргүүн Ч.Азар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. МАХН энэ сарын 15-17-ны өдрүүдэд Бага чуулганаа хийсэн бөгөөд чуулганы үеэр хэд хэдэн асуудлыг хурц шүүмжлэлтэйгээр авч үзсэн байна. МАХН-ын “Шударга ёс” анхдагчдийн холбооны тэргүүн Ч.Азар “Юун түрүүнд гадуур МАХН-ын бага чуулганаар дарангуйллын шинж чанартай асуудал хэлэлцсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй худлаа” гээд намын удирдлагууд хангалтгүй ажилласнаас болж хэд хэдэн асуудал үүсч байгааг онцлов.
“Намын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Гүйцэтгэх товчоо, болон УИХ, Засгийн газарт намаа төлөөлөн сууж байгаа гишүүд, Мянгат, зуутын дарга нар ажлаа хангалтгүй хийж байна. Удирдлагууд намынхаа гишүүдийн саналыг сонсдоггүй, намдаа шаардлагатай бүтцийн шинэчлэлийг хийдэггүй, төрийн албыг төрлийн алба болгон хувиргах боллоо. Ялангуяа Гүйцэтгэх товчоог огцруулах саналыг МАХН-ын бага чуулганаар хөндөн ярьсан. Мөн удирдлагууд хангалттай ажиллахгүй байгаагаас МАХН-ын нэр хүнд асар их унаж, манай мэдлэг боловсролтой өчнөөн олон залуус гадуур ажилд орж чадахгүй байна. Гэтэл Монгол ардын намын залуус хаана ч ажилд ороод явж байна шүү дээ” гэж хэлсэн юм.
Тиймээс намд тодорхой зохицуулалт хийж, гишүүдийнхээ саналыг хууль дүрмийнхээ дагуу сонсч, мөрдөх хэрэгтэй байгааг ийнхүү шаардлаа. МАХН-ын дарга Н.Энхбаярт хандаж эдгээр асуудлыг танилцуулсан болов уу? гэсэн асуултанд тус намын “Шударга ёс” анхдагчдийн холбооны тэргүүн Ч.Азар“Намын даргын биеийн байдал тааруу байсан учир нам дотор болж байгаа ийм асуудал, бүтцийн зохицуулалтад бүрэн санаа тавьж чадахгүй байсан байж болох юм. Гэхдээ намын дарга нам дотор маань дүрэм биелүүлэхгүй асуудал байгааг харж үзээд шүүмжлэлтэй хандаж байсан” гэлээ.
Л.ЦОГ