Украины Дээд Радын /Парламент/ сонгууль өнөөдөр өглөө эхэллээ. Украины зүүн хэсэгт салан тусгаарлах бослого, үймээнтэй байгаа ч Ерөнхийлөгч Виктор Янукович парламентын сонгууль шинэчлэл, тогтвортой байдал авчирна хэмээн найдаж байна. Бослого, үймээний бүс нутаг Донецк, Луганск мужийн гурван сая орчим хүн парламентын сонгуульд оролцох боломжгүй байна. Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчид ирэх арваннэгдүгээр сард өөрсдийн санал хураалтыг явуулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн гуравдугаар сард Киевээс салж, Кремльд нэгдсэн Крымын хойгийн 1.8 сая оршин суугч Украины сонгогчдын жагсаалтаас хасагдсан билээ.
Украины парламентын 450 суудлын тал хувь нь холимог системийн дагуу намын жагсаалтаар эзнээ олох юм. Харин парламентын үлдсэн 198 гишүүнийг сонгогчдын саналаар сонгох аж. Украины парламентын сонгуульд Ерөнхийлөгч Пётр Порошенкогийн Эв санааны нэгдэл, Виталий Кличкогийн Удар нам эвсэл болон оролцож байгаа юм. Мөн Ерөнхий сайд Арсений Яценюкийн Ардын фронт, Олег Ляшкогийн Радикал нам, Экс Ерөнхий сайд Юлия Тимошенкогийн “Эх орон” нам парламентын сонгуульд өрсөлдөж байна. Харин экс Ерөнхийлөгч Виктор Януковичийн “Мужийн нам” Украины парламентын сонгуульд оролцоогүй аж.
Украины зүүн хэсэгт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш үргэлжилсэн бослого, үймээний улмаас 3700 хүн амь үрэгдээд байна. Үүнээс 300 хүн өнгөрсөн есдүгээр сарын 5-нд гал зогсоох гэрээ байгуулснаас хойш амь үрэгджээ. Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА