Хоёр Солонгосын хил дээр Өмнөдийн иргэд мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.26-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын хил дээр Өмнөдийн иргэд мөргөлджээ

 

Өмнөд Солонгосын идэвхитнүүд Хойд руу Пхеньянийг шүүмжилсэн тараах материал хөөргөснөөс хоёр орны харилцаа муудаж, хил дээр цэргүүд буудалцах явдал удаа дараа гарсан билээ. Тэгвэл өчигдөр /Х.25/ хоёр Солонгосыг заагласан 38-р өргөрөг орчимд Өмнөдийн хилийн оршин суугчид болон Пхеньянийг эсэргүүцэгч идэвхитнүүдийн хооронд мөргөлдөөн гарсан байна. Өмнөд Солонгосын хилийн Пажу хотын оршин суугчид идэвхитнүүдийн эсрэг өндөг шидэж, тараах материал хөөргөхөө зогсоохыг шаарджээ. Оршин суугчид болон идэвхитнүүдийн хоорондох мөргөлдөөнийг зогсоохоор олон зуун цагдаа ажиллажээ. Нүүрээ юүдэнгээр халхалсан олон тооны хүн тараах материал ачсан идэвхитнүүдийн ачааны автомашиныг булаан авснаар мөргөлдөөн улам ширүүссэн аж. Оршин суугчид идэвхитнүүдийн автобус руу өндөг шидэж, “Буц, Бидний амь насыг аюулд оруулахаа боль” хэмээн хашгирч байжээ. Идэвхитнүүд мөргөлдөөн гараагүй бол 40 мянга орчим тараах материалыг Хойд Солонгос руу илгээхээр төлөвлөж байсан гэнэ. Гэхдээ тэд мөргөлдөөний дараа өөр газраас 20 мянган тараах материалыг хөөргөж амжжээ.

 

 

Хойд Солонгос Өмнөдийн идэвхитнүүд Пхеньянийг шүүмжилсэн тараах материал хөөргөхийг дайны өдөөн хатгалга хэмээн үзэж, удаа дараа анхааруулсаар байгаа юм. Харин Өмнөд Солонгосын Засгийн газар идэвхитнүүдийг хориглох арга байхгүй хэмээн мэдэгджээ. Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж