Албадан эмчлэх тухай хуулийн төсөл мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.26-нд нийтлэгдсэн

Албадан эмчлэх тухай хуулийн төсөл мэдүүлнэ

"Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн хугацаанд тус хуулийг мөрдөн ажиллах явцад зарим заалт хэрэгжих боломжгүй, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай нөхцөл үүссэн учраас Хууль зүйн яамнаас хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн бүр албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд арилгах үүрэг хүлээдэг. Иймд согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх нь шийтгэл ногдуулж байгаа явдал биш учраас энэ хуулиас албадан хөдөлмөр хийлгэхтэй холбогдсон зохицуулалтыг хассан байна.

Одоо мөрдөж байгаа хуульд Албадан эмчлэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд байж, албадан эмчилгээг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан ч мэргэжлийн боловсон хүчний хангалтаар шалтгаалан энэ заалт хэрэгжих нөхцөл боломж бүрдээгүй байгаа юм. Иймд Албадан эмчлэх газрын харьяаллыг ЭМЯ-нд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Бусад орны туршлага ч ийм байдаг байна.

Манай улсад албадан эмчлэхийг хориглодоггүйтэй холбоотойгоор улсын хэмжээнд ганцхан байдаг Албадан эмчлэх газарт эмчлүүлэгсдийн тоо байнга өсч, эмнэлгийн хүчин чадлаас хэтэрсээр байна. Иймд цаашид энэ чиглэлийн эмчилгээ, үйлчилгээ явуулдаг газрын тоог нэмэх, эрүүл мэндийн бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулж, бодлогын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай. Судалгаанаас үзэхэд согтуурах донтой өвчтэйн улмаас эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүсийн 50-60% нь ямар нэгэн суурь өвчтэй ирдгээс болж эмчилгээнд хамрагдах боломжгүй, эсхүл эмчилгээг дундаас нь зогсоох болдог гэнэ. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан албадан эмчилгээнд хамруулах хүмүүст насны хязгаар тавих, жирэмсэн болон гурав хүртэл насны хүүхэдтэй эмэгтэй, түүнчлэн харшлах өвчтэй хүмүүст албадан эмчлэхийг хориглосон заалтыг хуулийн төсөлд оруулжээ.

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж