Мөнгөний бодлогын талаар хэн юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогын талаар хэн юу хэлэв

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад эдийн засагт учраад байгаа хүндрэл, бэрхшээлүүдийн суурь  шалтгааныг төлбөрийн тэнцлийн болон төсвийн 2013-2014 оны хос хямрал гэдэгт гишүүд нэгдсэн байр суурьтай байлаа. Үүний зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах нь чухал,2015 оны төсвийг маш нухацтай хэлэлцэж, бодитой төсөв батлах ёстой, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай, байдал улам хүндэрвэл мөнгөний бодлогоо хатууруулах хэрэгтэйзэрэг байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд УИХ-ын зарим гишүүд ямар байр суурь илэрхийлснийг түүвэрлэе.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Дотоодын үйлдвэрлэл сэргэхэд үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөн

2013, 2014 оны хувьд Монголбанкны явуулсан үйл ажиллагаа бүхэлдээ эдийн засгийг эрүүлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, төлбөрийн тэнцлийн хямралыг зөөллөх, макро эдийн засгийн зорилтуудыг хангаж тогтворжуулахад маш сайн ажиллалаа гэж би ойлгож байгаа. Ийм зүйлийг хийж чадаагүй бол үнэхээр бид эдийн засгийн өсөлтийн тухай ярихад ч хүнд байх байсан. 2013 онд эдийн засаг 11.7 хувиар өслөө. Энэ өсөлтийн том жин буюу 8-9 хувийг Монголбанкнаас явуулсан мөнгөний бодлого хангасан гэсэн дүгнэлт гарч байсан. Үүнтэй би санал нэг байна. Өнөөдөр бидэнд аливаа асуудалд хамгийн бодитойгоор ханддаг байх шаардлага бий болоод байна. Өнөөдөр ханшийг яриад л байдаг. Гэтэл ханшний өсөлт нь өөрөө сайн, муу хоёр талтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний тансаг хэрэглээ, үргүй зардал буурч, төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл сайжирч, экспорт нэмэгдэж, импорт тодорхой хэмжээгээр багаслаа. Зөвхөн барилгын салбарт гэхэд бид 30, 40-өөд бүтээгдэхүүнийг гаднаас авах шаардлагагүй боллоо. 2015 оноос эхлээд цементийг гаднаас импортлох шаардлагагүй болж, 2016 оноос эхлээд бид цементийг экспортлох тухай ярих чадалтай болж байна. Арматурыг бол 2015 он гэхэд ер нь гаднаас авах шаардлагагүй болж байна. Энэ мэтчилэнгээр дотоодын үйлдвэрлэл сэргэхэд үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд нэмэр болж байгаа юм. Ер нь үүнийг танил талтай компанидаа ч өгдөг юм биш, арилжааны банкинд зээлийнхээ баталгаа гаргаж чадсан компани нь банкнаас зээлж авч байгаа юм. Тэр талаараа бүх аж ахуйн нэгжүүдэд хүрч чадаагүй байх. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн гол үйлдвэрлэгч нарт үр дүнгээ өгсөн арга хэмжээ боллоо гэж харж байна. Одоо бид яг энэ суурин дээрээсээ цаашаа яах вэ гэдгийг их зөв тодорхойлох шаардлагатай байна. Импортын 70 хувь нь урд хөрштэй холбоотой байгаа. Монголбанк Хятадын төв банктай байгуулсан своп хэлцлийн хэмжээгээ нэмэгдүүлсэн нь бид хоёр орны худалдааг дэмжихэд, валютын ханшийн хэлбэлзлийг бага байлгахад, эдийн засгийг тогтворжуулахад чухал арга хэмжээ болсон гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Валютын ханшийн асуудал бол ганц Монголбанкны үүрэг биш

Оюу толгой зэрэг том төсөл гацсанаас,  гадаадын хөрөнгө оруулалт алга болсон. Жилдээ 4.5 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан бол одоо 500 саяыг л олсон гэсэн мэдээлэл байна. Гадаадын хөрөнгө оруулалт 8 дахин буурсан. Экспортын орлого муудаж, хамгийн их мөнгө олдог байсан нүүрс маань өнөөдөр үнэгүйдэж, гарах хэмжээ нь ч багассан. Тавантолгойгоос 1 тн нүүрсийг өмнөх Засгийн газар 78-хан доллараар өгч байна гэж баахан муулсаар байгаад зургаан сар нүүрс гаргахгүй зогсоож байгаад өнөөдөр юу ч байхгүй болсон ш дээ. 40 доллар хүрэхтэй үгүйтэйгээр нүүрсээ өгч байна ш дээ. Ингэж улс төр, эдийн засгийн бодлогын алдаанаас болж өнөөдөр долларын орж ирэх урсгалыг зогсоогоод гадагшлах процесс явуулсан хэрэг.

Валютын ханшийг тогтворжуулах асуудал бол ганц Монголбанкны үүрэг биш гэж би хардаг. Гол зүйл нь Засгийн газрын, төсвийн үйл ажиллагаатай холбоотой. Шулуухан хэлэх юм бол валютын ханшны өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, амьдралын түвшингийн бууралт нь Засгийн газартай холбоотой гэж хэлэхээс аргагүй байгаа юм. Засгийн газар болохоор валютын ханшийн өсөлт нь Монголбанктай холбоотой гээд. Би тэгж үзэхгүй байгаа. Засгийн газартай дийлэнх, ихэнх хэсэг нь холбоотой байна. Үүн дээр дүгнэлт хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Алтны ил тод байдлын тухай хуулийг баталсан нь зөв зүйтэй алхам болсон

УИХ-ын зарим гишүүд маань бусдын гэмийг бөөн хар борооны үүл шиг хараад өөрсдийнхөө гэмийг өлөн тоосны чинээ бодохгүй юм аа. Би Монголбанкийг энэ хүнд хэцүү нөхцөлд боломжийн хэмжээнд ажиллаж, эдийн засгийг зөөлөн газардуулж байна гэж ойлгож байгаа. Монголбанкны явуулж байсан маш зөв зүйтэй бодлого байгаа. Жишээ нь 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн хөтөлбөр байна. Нэлээн олон хүмүүс урьд өмнө байгаагүйгээр орон сууцтай болж байна. Орон сууцтай болсон хүн ажлынхаа байрыг аль болох аятайхан авч явахыг боддог юм байна, бар ресторанаар явахаа больдог юм байна, мөнгөө төлдөг юм байна, илүү их хариуцлагатай, зорилготой болдог юм байна, иймэрхүү эерэг зүйлүүд байнаа. Энэ нь маш зөв зүйтэй бодлого учраас энийгээ цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Ялангуяа хөдөө, орон нутагт илүү түлхүү явуулж, хүртээмжтэй болгох талаас бодох хэрэгтэй. Үүнээс гадна УИХ-аас хууль баталж, алтны роялтиг бууруулсан. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад энэ нь маш зөв зүйтэй зүйл болжээ гэж харагдаж байна. Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ хоёр дахин өссөн байна. Цаашид улам их алт худалдан авч, валютын нөөцөө зузаатгахын тулд хийх юм их байна. Жишээ нь, орон нутагт, газар дээр нь алтаа авдаг болох хэрэгтэй. Бас энэ хуулийн Оюу толгойг хамруулж, Оюу толгойн алтыг Монголбанк худалдаж авдаг болох юм бол валютын нөөц чинь өснө. Энэ нь валютын ханш тогтворжиход эерэг нөлөө үзүүлнэ. Энэ чиглэлээр Монголбанк илүү сайн ажиллах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Баттулга: Үйлдвэрлэгч орон болох шаардлагатай

Жил бүр Мөнгөний бодлого гэж орж ирээд тал бүрээс нь тойрч ярьсаар байгаад л баталдаг. Одоо яг л тэгээд явах байх. Энгийнээр бид нар Монгол улсынхаа эдийн засгаа харахад ийм л бодлого орж ирнэ. Өөр илүү юу ч орж ирэхгүй. Өнөөдөр бид нар үйлдвэрлээд гаргаад экспортлоод байгаа бүтээгдэхүүн гэж юм байхгүй. 70-аад оны сүүлээр баригдсан Эрдэнэт үйлдвэрийн зэс нэг явж байгаа, хилтэй ойрхон Тавантолгойн нүүрс энэ хоёр л байгаа. Улстөрчид нь халамж өгнө, тэр халамжаар нь Эрээн хот баяждаг. Эрээнээс ирсэн бараа Нарантуулд ирээд Нарантуулаас 21 аймаг руу явдаг. Энд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр эдийн засгаа нэг хараач ээ. Өнөөдөр Говийн бүтээгдэхүүн гэхэд ихэнх нь ганзагааар явж байгаа. Хөдөө аж ахуйн орон гээд байж нэхий дээлүүд ганзагаар зарагдаж байна. Транзитаар 2 хөршөөрөө далайд гарна гээд, яг транзитаар далайгаар гаргаад зарах бүтээгдэхүүн манайд байхгүй л байхгүй юу. Өнөөдөр бид дундад зууны үеийн эдийн засагтай байхад мөнгөний бодлого маань энэнээс илүү байх боломжгүй. Юу хэлэх гээд байна гэхээр УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд минь нэг сэрээч ээ. Олонх, цөөнх болоод тоглоод байдаг. Нийлж байгаад олонх, цөөнх гэхгүй нэг экспортолдог бүтээгдэхүүнтэй, ядаж 10 сая ширхэг арьсаа боловсруулаад, бүтээгдэхүүн болгоод гаргачихдаг болъё л доо. Ингэж байж бид мөнгөний бодлогоо өөрөөр ярихгүй бол маш жижигхэн энгийн хөдөлгөөн дээр хямрал нүүрэлчихдэг. Эрдэнэтийн зэс бид нарын хийсэн юм биш шүү. Иймд эдийн засгийнхаа бүтцийг бид нар засах, өөрчлөх тухай ярьж, түүнд бодлогоо чиглүүлэх ёстой.Мөнгөний бодлогыг бид янз бүрээр шүүмжилж болно. Ухаантай юм ярьж болно. Энд зөндөө дээд боловсролтой доктор, профессор хүмүүс сууж байгаа ш дээ. Тэгээд яагаад үйлдвэрлэгч, экспортлогч орон болох тухай асуудлыг дэмжээд, орилоод явдаггүй юм болдоо гэж гайхаад байна. Инфляци гэж яг юу яриад байгааг ард иргэд ойлгохгүй ш дээ. Эдийн засаг маань ийм дундад зууны үеийн байгаа тохиолдолд энэнээс илүү мөнгөний бодлого орж ирэхгүй ээ. Их хуралд нэгээс дээш удаа сонгогдсон гишүүд минь олонхи, цөөнх гэхгүй нэгдээд энэ улсаа нэг үйлдвэрлэдэг, үйлдвэрлэгч орон болгох бодлогыг дэмжээчээ. Тэгвэл түүнийг дагаад мөнгөний бодлого ч өөр болно.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Төвбанкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал

Төвбанкны хуулийн 4.1 дэх заалтыг төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх тухай гэж өрөөсгөл ойлгоод байх шиг байна. Яг уншвал тэгж ойлгогдохоор утга байгаа л даа. Уг нь энэ нь үнийн тогтвортой байдал буюу инфляци гэж ойлгох хэрэгтэй юм. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, 4.1 заалтыг үнийн тогтвортой байдал гэж засч залруулахгүй бол Монголбанкны ерөнхийлөгч хичнээн тайлбарлаад ч Монголбанкны үндсэн зорилтыг хүмүүс ташаа ойлгож эндүүрсээр байх болно. Монгол улс бол капиталын контролгүй, тогтмол валютын ханшгүй, хараат бус мөнгөний бодлоготой орон. Дэлхийн бусад орнуудад валютын ханшийн бодлогыг Төв банк нь Засгийн газартайгаа хамтарч тодорхойлдог. Тэгээд Төв банк нь валютын ханшийн бодлогоо бие даан хэрэгжүүлдэг практик байдаг. Энэ жишгээр явах хэрэгтэй. 2015 оны төсвийн төслийг Монголбанкныхан үзсэн үү? Төсөв яг тэр байдлаар батлагдах юм бол 2015 онд маш их инфляци үйлдвэрлэх гээд байна. Гэтэл та нар инфляцийн зорилтоо 7 хувь гээд тодорхойлчихож. Тэгэхээр инфляцийн зорилтондоо хүрэхийн тулд та нар мөнгөний бодлогоо чангаруулж таарна. Тэр нь хувийн хэвшилд асар сөрөг нөлөө үзүүлнэ. Тийм байдал үүсгэхгүйн тулд ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг нягт уялдуулж батлах ёстой.

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Монголбанк 2015 онд мөнгөний хатуу бодлого барих ёстой

Бодит эдийн засгийг сүүлийн хоёр жил мөнгөний бодлогоор Монголбанк маш сайн дэмжиж ажилласан. Харин 2015 онд яг энэ чиглэлээ үргэлжлүүлээд бариад ажиллах юм бол буруудна. Хэрэв тийм юм хийвэл улсаараа дефолт руу явах шинж тэмдэг харагдана. Мөнгөний бодлогыг бид баталж өгөхдөө зөвхөн Монголбанкинд өөрт нь даалгавар өгсөн заалт тогтоолд оруулж өгөх хэрэгтэй. 2015 онд маш хатуу мөнгөний бодлого явуулах шаардлага үүсэхээр байна. Эдийн засаг 2015 онд энэ оноос ч муу байж болзошгүй харагдаж байна. 2014 он 2013 оноос ч муу байсан. Ийм цаг үед стандарт бус арга хэмжээ авч, бие даасан бодлого явуулах хэрэгтэй. Мөнгөний бодлогын баримт бичгийг төсөвтэй уялдуулах зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлийн онцгой нөхцөл байдал үүсээд байна. Шилжилт хийснээс хойш Монголын эдийн засагт 2008-2009 онд гүнзгий хямрал болсон. Тухайн үед эдийн засгийн олон янзын арга хэмжээ авсан. 2012, 2013 онд Монголбанк бодит эдийн засгийг маш сайн дэмжиж ажилласан учраас нөхцөл байдал бидний бодсон шиг муудаагүй. Өнгөрсөн хоёр жилд эдийн засагт Монголбанкны гүйцэтгэсэн үүрэг маш өндөр байсан. Гэхдээ хэрэв Монголбанк яг өнгөрсөн хоёр жилийн бодлогоо 2015 онд өөрчлөхгүй үргэлжлүүлэхявах юм бол эсрэгээрээ маш их хүндрэл рүү аваачиж ч мэднэ. Ирэх онд Төв банк бодит эдийн засгийн секторт оролцох оролцоогоо маш ухаалгаар хязгаарлаж өгөх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал улам муудахаас сэргийлж онцгой арга хэмжээ авах эрх, үүргийг нь УИХ-аас Монголбанкинд яг одоо өгөх ёстой. Тэгэх юм бол Сангийн бодлого дээр хүмүүсийн толгой ажиллана. Одоо бол сангийн бодлого залхуу хүн шиг байгаад байгаа байхгүй юу. Түүнчлэн 2017 оноос төлөгдөх өр дээрээ анхаарахгүй байна шүү дээ. Сүх далайтал үхэр амар гэгчээр 2017 он болтол улстөрчид санаа тавихгүй юм шиг байна. 2017 он болоход санхүүгийн хямрал руу орж ч мэднэ. Тиймд Монголбанк маш хүчтэй тоормоз татах хэрэгтэй.Яг Монголбанкинд хандсан заалтуудыг Засгийн газрын хийх ажилтай холилдуулагүй, тусад нь тодорхойлж өгөх хэрэгтэй. 2017 оноос төлөх гадаад өрийгтөлөх эх үүсвэрийг ямар үе шаттайгаар яаж бүрдүүлэх, хэнд хариуцуулах юм бэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хэлэлцүүлгийн явцад Эдийн засгийн байнгын хороо болон бусад холбогдох байнгын хороо маш сайн анхаарна биз.   

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монгол Улс төсөв, төлбөрийн тэнцлийн хямралд оржээ

2015 онд баримтлах мөнгөний бодлогыг УИХ-аар батлахыг дэмжиж байна. Гэхдээ батлахдаа энэ жилийн мөнгөний бодлогыг бид улс оронд үүссэн нөхцөл байдалтай уялдуулж нилээн чамбай батлах ёстой гэж ойлгож байгаа. Макро эдийн засгийнхаа үзүүлэлтүүдийг мөнгөний бодлогодоо нэг үзүүлэлттэй, төсөв дээрээ нэг үзүүлэлттэй мөнгөний бодлого батлагдах ёстой гэж ойлгож байгаа. Монголбанкнаас УИХ-д өгсөн мэдээллээр эдийн засагт учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийн суурь шалтгааныг их зөв тодорхойлжээ. Нэгдүгээрт, төсвийн хямрал үнэхээр бодитойгоор үүсчихсэн байна. Төсөв өөрөө маш их алдагдалтай, үүнээс болоод эдийн засгийн хүндрэл үүсчихээд байна. Хоёрдугаарт нь Монгол Улсад төлбөрийн тэнцлийн алдагдал үүсчихээд байна. Ийм хоёр хямрал үүсчихсэн учраас бид эдийн засгийн хүндрэл, суурь шалтгаанууд бий болчихоод байна гэдэг дээр тодорхой нэг ойлголттой боллоо гэж бодож байна. Тэгэхээр бид 2015 оныхоо төсөв, мөнгөний бодлогоор энэ эдийн засгийн хямралыг давж гарах ёстой. УИХ-д өргөн барьсан энэ мөнгөний бодлого хямралыг давах бодлогын сонголт байх ёстой гэж ойлгож байна. Тэгэхээр төсвийг дан ганц төсвийн байнгын хороо, мөнгөний бодлогыг дан ганц эдийн засгийн байнгын хороо хэлэлцмээргүй байна. Яагаад гэвэл бидэнд маш их хүндрэлтэй нөхцөл байдал үүсчихсэн. Тийм учраас ирэх жилийн мөнгөний бодлого, төсвийг ЭЗБХ, ТБХ хамтарсан ажлын хэсэг гаргаж, хамтарч батлах зайлшгүй байдал улс оронд үүсчихээд байна. Харамсалтай нь өнөөдөр УИХ-д өргөн барьчихсан байгаа төсвийн бодлого нь өнөөдөр улс оронд үүсчихээд байгааасуудлыг засах чиглэлтэй төсөв биш. Тэгэхээр энэ төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулах зайлшгүй нөхцөл үүсээд байна. Хэрэгжүүлэх бодлогын арга хэрэгсэл, дэд хөтөлбөрүүдээ маш ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Тэгвэл хямралаас маш бага хохиролтой гарна. 

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж