Хилийн чанадын уйгаруудын амьдралын талаар Шведэд байгаа энэ үндэстний төлөөлөгчөөс Хятад мэдээлэл авч байсан гэх ялыг Бээжин үл зөвшөөрнө гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Цинь Ган мягмар гаригт мэдэгдсэн байна. Даваа гаригт хэвлэлүүд Шведэд 13 жил амьдарсан 62 настай уйгар хүнийг 16 сарын хорих ялаар шийтгэсэн тухай бичиж эхлэв. Уйгар гаралтай Шведийн иргэнийг Хятадын талд тагнуул хийн Шведэд амьдарч байгаа уйгаруудын талын мэдээллийг Хятадад өгч байсан хэрэгт буруутгажээ. “Энэ бүх ял үндэслэлгүй. Хоёр орны харилцаа харилцан бие биенээ хүндэтгэх зарчмаар явагдана гэдэгт найдаж байна” хэмээн Хятадын мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Уйгар үндэстнүүд БНХАУ-ын баруун хойд бүсийн Шинжаан-Уйгарын автономийн районд амьдардаг. Тэр бүсийг Хятадын халуун цэг гэдэг ба тэнд салан тусгаарлах үзэл ихтэй. Тухайлбал, 2009 онд Шинжааны үймээн гарахад Германд байдаг “Дэлхийн уйгаруудын конгресс” байгууллагыг гол буруутан гэж Бээжин үзэж байлаа. Хятадын албан ёсны мэдээгээр тэр үед салан тусгаарлагчдын ажиллагааны улмаас бараг 200 хүн амь насаа алдсан гэнэ.