&#34Ухаалаг, хөгжилтэй эмэгтэйн дүрд сонгодог&#34

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

&#34Ухаалаг, хөгжилтэй эмэгтэйн дүрд сонгодог&#34

Холливудын жүжигчин Сьюзен Сарандонтай сэтгүүлч Пол Шихан хувийн амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсаныг хүргэж байна. Нэрт жүжигчин эмэгтэй аавынхаа талаас англи, уэльс, ирланд гаралтай бөгөөд ээжийнхээ талаас сицили,тоскани цустай гэнэ. Католик шашинтай гэр бүлд өсч, католик сүмийн сургуульд суралцсан тэрбээр нөхөрт гарсныхаа дараа кино урлагт хөл тавьсан аж.

-Сьюзен, та Тим Роб­бинсонтой гэрлэлтээ бат­луулаагүй ч та хоёрыг хам­­гийн сайхан хосоор нэр­лэдэг байсан…

-Тийм ээ, одоо ч гу­дам­жинд явж байхад хүмүүс ирээд “Яагаад та хоёр салах болов оо” гэж асуудаг. Шүтэн бишрэгчдийнхээ ур­мыг ху­галсандаа харамс­даг. Алдар нэртэй байхын нэг хэцүү тал нь энэ. Тим бид хоёр салах үедээ нийг­мийн зүгээс ирэх да­рамтыг мэдэрч байлаа. Учир нь хүмүүс биднийг ха­­рахаараа баярладаг бай­сан юм. Гэхдээ тэд над шиг их гуниглаагүй гэж бодож байна. Би ярилцлага өгөхдөө гаргасан алдаа, болсон явд­­лыг үнэнээр л хэлдэг. Шүтэн бишрэгчидтэй бай­хын сайхан тал нь огт танихгүй хүн өглөө таарал­дахдаа “Таныг их хайрлаж хүндэлдэг” гэж хэлэхэд тэр өдөртөө л сэтгэл өндөр, урам зоригтой болдог. /Инээм­сэг­лэв./

-Та ер нь гэрлэлтэд итгэдэг үү?

-Итгэлгүй яах вэ. Гэр бүлтэй элэг бүтэн байх шиг сайхан зүйл амьд­ралд байхгүй шүү дээ. Гэхдээ би гэрлэлтэд итгэх итгэлээ алдсан. Дөнгөж 20 настайдаа жүжигчин Крис Сарандонтой гэрлэсэн нь миний амьдралын цорын ганц хурим. Бид гэрлэлтээ батлуулахгүй бол их хатуу дүрэм журамтай Като­ли­кийн их сургуулийн кам­пусын байранд хамтдаа амь­дарч чадахгүй байсан юм. 1960-аад оны үеийн хүмүүс гэр­лэлтийг чухалчлан үздэг байсан. Тухайн үед чөлөөт хайр дурлал, хиппи урсгалд шүүмжлэлтэй хандана. Крис жүжигчин болохоор уулзалт арга хэмжээнд их оролцоно. Бид хүүхэдтэй болоогүй байсан учир их маргалддаг байлаа. Би нэг удаа түүнтэй хамт арга хэмжээнд очоод эхний дүрийнхээ саналыг ав­сан. Хэдийгээр Крис бид хоёр салсан ч миний хам­гийн сайн найз хэвээрээ байгаа.

-Та есөн хүүхэдтэй айлын том нь. Тийм хүүхэд нас таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бол…

-Би 17 настайдаа гэрээсээ зугтсан. /Инээв./ Гэхдээ ээжийн үүрэг хариуцлагыг одоо хүртэл мэдэрсэн хэ­вээрээ байгаа. Би дүү нар­таа анхаарал тавьж, удаан хугацаанд ээжийн үүр­­гийг гүйцэтгэсэн. Харин эр­чүүдтэй хамт байхдаа энэ үүргийг орхиж сурсан. Хэдийгээр баяр ёслолын үеэр ширээ засах, төрсөн өдөр, үдэшлэг зохиож хоол унд бэлтгэх дуртай ч эрэгтэйчүүдэд зориулах нь ховор. Хүүхэд байхдаа бүх л асуудлыг зохицуулж сурсан гэх үү дээ. Ер нь ээж хоол бэлтгэдэг, аав амттан авдаг гэсэн үг байдаг шүү дээ. Гэхдээ эрэгтэй хүн амьдралдаа үүрэг ха­риуц­лагатай хандаж су­рах нь чухал.

Тиймээс хөв­гүүддээ хүчирхийлэлтэй кино үзүүл­дэггүй бөгөөд эмэг­тэй хүний нэр хүндийг уна­гааж болохгүйг сургадаг. Ихэнхдээ эрэгтэй хүн бу­руутай гэдгийг сануулна. Хамгийн гол нь хүүхдүүдээ хаана ч байсан хоорондоо харилцаатай байж, бие биеэ тусалж дэмжиж бай­хыг захидаг.

-Та алдартай жүжигчин хэрнээ ширээний теннисний клубын бизнес эрхэлдэг нь сонин санагддаг. Яагаад ширээний теннис сонирхох болсон бэ?

-Хэрвээ хэдэн жилийн өмнө надад ширээний тен­нисний клубууд эзэмшихийг санал болгосон бол би ну­лимсаа гартал инээх байсан биз ээ. Гэтэл Жонатан /найз залуу/ намайг ят­гаж чад­сан. Нью-Йоркт ажил­ладаг клуб маань цэцэглэж байгаа төдийгүй өөр хотууд, өөр улсад шинэ клубууд нээж байгаа. Ширээний тен­нисийг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшид бүгд тоглож болдог спорт. Нью-Йоркийн клубт гэхэд олимпийн аварга болохыг хүссэн хүүх­дүүдээс эхлээд хар тамхитай тэмцэх хэсгийн цагдаа нар хүртэл тоглодог юм. /Инээв./ Хэдий тоо бодох дур­гүй ч би энэ бизнест хө­рөнгө оруулсандаа огт ха­рамсдаггүй ээ.

-Та зоригтой, нээлттэй дүрүүд бүтээдэг нэр хүнд­тэй жүжигчин. Түүнчлэн таныг секси ч гэж ярьдаг…

-Киноны үйл явдалд хи­жээл насны эмэгтэй залуу эрэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой хэсэг гарах бол найруулагчид надад са­нал тавьдаг. /Инээв./ “White Palace” кинонд Жеймс Спэй­­дертэй хамт тог­лос­­­ноос хойш хэд хэдэн тийм дүр бүтээсэн. Гэхдээ на­майг ухаалаг, хөгжилтэй эмэг­тэйн дүрд сонгодог нь таалагддаг.

Би дүр бүтээх гэж өөрөө эхэлж санал тавих дургүй ч нэг удаа зураг авалтад очихдоо Тимтэй та­нилцсан юм. Европт байх үеэр “Bull Durham” киноны жүжигчдийг сонгож байгааг сонсоод тоглохыг маш их хүссэн. Гэвч намайг дүрд тохирохгүй гэж хэлсэн нь гомдмоор санагдаад АНУ руу нисч зураг авалтын талбайд өөрөө очсон. Тэгээд дүрээ авснаар ч зогсохгүй Тим Робинстой учирч би­лээ. Тэр миний залуухан нууц амрагийн дүрд тог­лосон. /Инээв./

-Гэхдээ та 15 настай охиноо тавьтай эртэй хайр сэтгэлтэй болохыг хүсэхгүй нь мэдээж?

-Би охиноо 15 настай байхад нь хэнтэй ч үер­хэхийг зөвшөөрөөгүй. Ми­ний эмээ Италиас Нью-Йоркт гэр бүлийнхээ хамт цагаачилж очсон юм. Элэнц эмээ минь нас барахад эмээ 10 настай үлджээ. Эмээг 12 настайд хөрш айлын 21-тэй залуу толгойг нь эргүүлж жирэмсэн болгосон гэж ярьдаг. Тэгээд эмээ өөрийгөө 15-тай гэж худлаа хэлээд гэрлэлтээ бүртгүүлсэн. Тийм болохоор эмээ бидэнд хяналт тавьдаг байлаа.

-Та Оскарын шагналд таван удаа нэр дэвшсэний дараа 1996 онд “Dead Man Walking” киноны дүрээрээ хүртсэн…

-Энэ кино тэр үед хит болж байсан. Гэхдээ хам­гийн гол нь Тим Роббинс киноны зургийг авсан нь миний хувьд онцгой зүйл байлаа.

-Охин тань гэрлэж та зээ охинтой болсон. Охиндоо зөвлөгөө өгдөг үү?

-Үгүй ээ, охин маань биеэ даасан хүн. Би охиноо 38 настайдаа төрүүлсэн. За­луу байхад эмч нар на­майг хүүхэд төрүүлэх бо­ломж­гүй гэж оношилсон ч Италийн найруулагч Франко Амурритэй хамт Ромд амарч байхдаа бие давхар болсондоо огт үнэм­­шээгүй. Ёс­­той гэнэ­тийн бэлэг байсан. Гэх­дээ Амурри бид хоёр гэр бүл болох боломжгүйг ойлгоод ганцаараа хүүхдээ өсгөхөөр шийдсэн юм.

-Хөвгүүдийн тань том Жек найруулагчаар ажил­лаж байгаа. Дүү Майлз нь хөгжимчин болсон. Хэзээ мөдгүй гэрлэх гэж байгаа биз дээ?

-Тийм ээ, том нь 25, бага нь 23 настай. Би тэдэнд “Хэрвээ сайн бүсгүйтэй хамт байхыг хүсвэл хүний үгийг сонсдог, хоол хийж чаддаг байх хэрэгтэй” гэдгийг ойлгуулсан. Хөвгүүд маань хүлээцтэй зан аран­шинтай болж төлөвшсөн гэж бодож байна. Мөн хоол сайн хийж сурсан. Майлз бүр шанзтай кекс амттай хий­дэг. /Инээв./

Н.ТУНГАЛАГ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж