“Залуусын ажил хийх идэвхийг сэргээх хэрэгтэй” | News.MN

“Залуусын ажил хийх идэвхийг сэргээх хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

“Залуусын ажил хийх идэвхийг сэргээх хэрэгтэй”

Хөдөлмөрийн Судалгааны Институтын захирал М.Чимэддоржтой ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн Газар байгуулагдахдаа Хөдөлмөрийн яамыг шинээр бий болгон зохион байгуулсан. Мөн тус яамны харъяа Хөдөлмөрийн судалгааны институтыг байгуулах шийдвэр гаргасан байдаг. Танай байгууллагын зорилго, чиг үүрэг юм вэ?

-Манай байгууллагыг үндсэн зорилго бол Хөдөлмөрийн салбарын судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.  Бид хоёр үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэх, бодлогын хувилбар боловсруулах, хоёрдугааарт хөдөлмөр эрхлэлтийн идэвхитэй бодлогын хэрэгжүүлж салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх.

Бид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бий болгоход анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн болон хөдөлмөрийн харилцааны чиглэлээр өргөн хүрээний судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж байна.

Мөн Хөдөлмөрийн салбарт ажиллаж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнүүдийг мэргэшүүлэх шаталсан сургалтын төсөл боловсруулан сургалт явуулж байна.

-Судалгааны ажлын дүнгээс харахад Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн байдал өнөөдөр ямар байна вэ?

-Манай улс өнөөдөр хүн ам зүйн талаасаа хамгийн тааламжтай үедээ буюу хамгийн олон хүн хөдөлмөрийн насанд байгаа цаг үедээ байна. Гэхдээ энэ хүн ам зүйн цонх үе цаашдаа хаагдаж эхэлнэ. Хөдөлмөрийн зах зээлийн хүндрэл бэрхшээл нь нэлээд ужгирсан бодлогын алдаанаас үүдэлтэй гэж болно.

2006 оноос уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт, олборлож буй түүхий эдийн тоо хэмжээний өсөлтөөс үүдэн эдийн засгийн огцом өсөлт бий болсон. Нөгөө талаас улс төрийн сонгуулийн амлалтууд халамжийн бодлогыг тэлэхэд нөлөөлсөн. Халамжийн бодлогын сөрөг нөлөө нь 2007 оноос ажиллах хүчний оролцооны түвшин буурах үеэс эхэлсэн бөгөөд бодлогын шинэ хувилбар боловсруулахгүй бол дараагийн арван жилд үр нөлөө нь хадгалагдахаар байна. Ажиллах хүчний оролцооны түвшин гэдэг нь хөдөлмөрийн насны хэдэн хувь нь эдийн засгийн идэвхитэй байгааг харуулдаг чухал илтгэцүүр юм. Манай улсын ажиллах хүчний оролцооны түвшин 2008 онд 59,2% хүртэл буурсан бол 2011 оноос халамжын бодлогыг хумьж эхэлсэнээр өсч энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 63,1% байна. Цаашид бид ажиллах хүчний оролцооны түвшинг 70% хүртэл өсгөх шаардлагатай байгаа юм. Учир нь хөдөлмөрийн нөөц багатай улс орны хувьд хүн амынхаа эдийн засгийн идэвхийг сэргээж ажиллах хүчний эдийн засагт оролцох оролцоог аль болох өндөр түвшинд хадгалах ёстой.

-Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудал нь ажилгүйдлийн түвшин биш гэсэн үгүү?

-Шууд хэлэхэд тийм манай улсын ажилгүйдлийн түвшин үндэсний статистикийн хорооны зарласнаар 8,2% байна. Бид ажилгүйдлийн түвшинг тооцоолох аргачлалаа олон улсын тооцооллын аргачлалаар авч үзвэл бүс нутагтаа ч, шилжилтийн орнууд дундаа ч ажилгүйдлийн түвшин харьцангуй бага буюу хэвийн ажилгүйдлийн түвшинд байна.

Мэдээж ажилгүйдлийн түвшинг бууруулахад анхаарах ёстой ч үүнээс чухал асуудал нь ажиллах хүчний оролцооны түвшин юм. Учир нь хүн амын эдийн засгийн идэвхийг сэргээхэд чиглэгдсэн бодлого нь дунд хугацаанд ажилгүйдлийг өсгөхөд нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл хүмүүс гэртээ суугаад байхаа больж ажил хайж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бодлогын хувьд ажилгүйдэлтэй ноцолдоод, эсвэл ажилгүйдлийн түвшин бага байгаад сэтгэл ханаж сууж болохгүй. Харин ч ажилгүйдлийг дунд хугацаанд өснө гэдгийг хүлээн зөвшөөрөөд иргэдээ идэвхжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мэдээж ажилгүйдлийн аль болох өсгөхгүй байх, иргэдийн эдийн засгийн идэвхжлийг ажилгүйчүүд биш хөдөлмөр эрхлэгч болгохын тулд түүнийг нөхөхүйц ажлын байрыг шинээр бий болгож байх ёстой.

-Шинээр бий болж байгаа ажлын байрны өсөлт ямар түвшинд байна вэ?

-Ямартай ч сүүлийн хоёр жил дараалан шинэ ажлын байр тавин мянгаас илүү байна. Хөдөлмөр эрхэлж буй хүний тооны өсөлт ч үүнийг батална. Мэдээж хэрэг шинээр бий болж буй ажлын байрны тогтвортой байдал, ажлын байрны чанар санаа зовоох асуудал мөн.

-Мэдээллийн хэрэгслүүдээр маш олон хүн ажилгүй болж байгаа мэдээлэл өдөр бүр гардаг энэ талаар?

-Тоон мэдээллийг цуглуулдаг, боловсруулдаг шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүй бий. Бүх улс орон тогтсон арга зүйд үндэслэн статистик мэдээ гаргадаг. Манай улсын тоон мэдээлэл цуглуулж буй арга зүй ч адил. Сүүлийн үеийн статистик мэдээлэлд хөдөлмөрийн зах зээлийн гол үзүүлэлтүүд эерэг дүнтэй байна. Мэдээж зарим салбарт өөрчлөлт орж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн мууг нь л хараад байж болохгүй. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд хөдөө аж ахуйн салбараас дөчин мянгаас илүү хүн эдийн засгийн үйл ажиллагааны бусад салбарт шилжиж байна. Энэ үйл явц нь ажиллагсад илүү өндөр бүтээмжтэй эдийн засгийн салбаруудад шилжиж байна. Тэр хэрээрээ ажлын байр нь, хөдөлмөрийн орлого нь баталгаажиж байгаа.

-Тэгвэл өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн хамгийн тулгамдсан асуудал нь юу вэ?

-Өмнө хэлсэнчлэн ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлэх, иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх нь мэдээж чухал асуудал. Мөн түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хөдөлмөрийн нийлүүлэлт буюу мэргэжил эзэмшигчид хоёрын хооронд тоон болон чанарын том зөрүү бий болсон. Үүнийг шийдвэрлэхэд маш системтэй бодлого, түүнийг хэрэгжүүлэх чадварлаг баг чухал юм.

-Хөдөлмөрийн яам энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Иргэдийн эдийн засгийн идэвхийг сэргээх, ялангуяа залуучуудад богино хугацаанд мэргэжил олгох ажилд анхаарч үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үр дүнд нь хоёр жил дараалан жил бүр долоон мянга орчим залуус богино хугацааны мэргэжил олгох сургалтанд сууж ажлын байрандаа зуучлагдаж. Мөн ажлын байр бий болгоход чиглэгдсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарч байна.

-Хөдөлмөрийн яамыг АНУ-ын судалгааны байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч байгаа талаар сонсож байсан.

-Засгийн газар шийдвэр гаргасны дагуу Хөдөлмөрийн яам АНУ-ын РАНД корпорацитай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны гол чиглэл нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн эрсдлүүдийг тодорхойлох, түүнийг даван туулах арга замыг тодорхойлох юм. Манай байгууллага хөдөлмөрийн яамыг төлөөлөн Монголын талаас ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллүүдэд илүү гүнзгий шинжилгээ хийж, одоогоор түүвэр судалгааны ажлыг хамтран гүйцэтгэж байна.
Хэдийгээр эцсийн дүгнэлт гарах болоогүй байгаа ч урьдчилсан шинжилгээний үр дүнгээс хэлэхэд манай залуучуудын дунд ажил хийдэггүй, боловсрол эзэмших процесст оролцдоггүй, ямар нэгэн сургалтанд суудаггүй томоохон бүлэг бий болсон байна. Энэ бол хэт хавтгайрсан халамжийн бодлогын үр нөлөө. Мөн түүнчлэн эдгээр хүмүүсийн тодорхой хэсэг нь ажил хайдаггүй, дээр нь цалин хөлсгүйгээр өрхийн амжиргаандаа ч дэм болдоггүй хүмүүс байна, ялангуяа залуу эрэгтэйчүүд. Үүнийг шууд хэлэхэд залхуучууд гэж тодорхойлж ч болно. Хэрэв бид ойрын жилүүдэд эдгээр залуусыг ажил хөдөлмөр эрхэлдэг болгож чадахгүй бол цаашид дөчин жилээс илүү хугацаанд тэтгэмж өгч амьдруулах болно. Судалгааны хамтарсан баг өнөөдөр эдгээр залуусын байдлыг дэлгэрүүлэн судалж байна.

Дараагийн нэг гол үр дүн бол хотын хүн ам дахь асуудлууд. Сүүлийн арав гаруй жил үргэлжилсэн шилжилт хөдөлгөөний үр дүнд хотын хүн ам дахь хөдөлмөрийн асуудал хүндрах хандлагатай болсон байна. Ялангуяа аймгийн төвүүд дэхь ажилгүйдлийн асуудал санаа зовоосон асуудал болж байна.

Гуравдугаарт тавиас дээш насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал, ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал илүү хүнд байна. Ардчилсан хувьсгалын өмнөх үед боловсрол эзэмшсэн, нийгмийн тогтворгүй үед боловсрол эзэмших боломж олдоогүй энэ үеийнхэний хувьд өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд тохирох ажил мэргэжил олдохгүй байна. Нөгөө талааар дээрх насны бүлэг дэх эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх идэвхи маш бага байгаа нь санаа зовоосоон асуудал юм. Хөдөлмөрийн Судалгааны Институт цаашид энэ чиглэлээр гүнзгийрүүлэн судлах болно.

-Хамтран ажиллаж байгаа АНУ-ын талын байгууллага нь ямар байгууллага вэ?

-РАНД корпораци нь анх 1948 онд байгуулагдсан АНУ-ын шилдэг тинк-танк-уудын нэг. сүүлийн 20 гаруй жил Ази, Европ, Ойрхи дорнодын олон улсуудтай бодлогын судалгааны чиглэлээр ажиллаж байгаа туршлагатай байгууллага юм. Сүүлийн жилүүдэд тус байгууллагатай идэвхитэй хамтран ажиллаж байгаа улс орнуудын дунд хурдтай хөгжиж байгаа Катар, БНХАУ зэргийг дурдахад хангалттай байх.

-Хамтарсан багт ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?

-РАНД корпорацийн талаас судалгааны ажлыг Харвардын Их сургуулийн доктор, РАНД корпорацийн ахлах эдийн засагч Ховард Шатз, мөн РАНД корпорацийн эдийн засагч, РАНД пардий институтын проффессор доктор Луэй Констант нар хамтран удирдаж байна. Мөн хөдөлмөр, хүн ам зүйн бодлогын чиглэлээр олон жилийн олон улсын туршлага хуримтлуулсан эрдэмтэд ажиллаж байна. Монголын талаас манай байгууллагын хөдөлмөр эрхлэлтийн секторын эрхлэгч, хөдөлмөрийн зах зээлийн загварчлал, хэтийн төлвийн тооцооллын секторын эрхлэгч нар, Хөдөлмөрийн яамны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын мэргэжилтэн болон хүн ам зүй, хөдөлмөрийн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай мэргэжилтэнүүд ажиллаж байна.

-Хамтын ажиллагааны үр дүнд гарч байгаа бодлогын зөвлөмжөөс гадна Монголын тал юу олж авч чадах вэ?

-Маш их зүйлийг олж авч чадна гэж бодож байна. Төслийн нэг хэсэг нь Монголын талын судлаачдын чадавхийг бэхжүүлэх явдал юм. Бид өнгөрсөн хугацаанд шийдвэр гаргагчид цөөн хоногоор хөгжсөн орны туршлагатай танилцаад бүгдийг нь дуурайж хийх гэж оролдож ирсэн. Гэтэл тодорхой салбарт зөв бодлого боловсруулахад бодлогын судалгаа, ялангуяа бодлогын шинжилгээний ажил маш чухал байдаг. Монголын тал энэ чиглэлд чадавхиа бэхжүүлж байна. Өнөөдөр төслийн багийн Монголын талын судлаачид хөдөлмөрийн салбар дахь асуудлуудыг өмнө байгаагүй илүү гүнзгий мэддэг болсон. Цаашид энэ чадавхи хадгалагдан үлдэх болно. Хөдөлмөрийн салбарын бодлогын хүрээний асуудлуудыг илүү олон талаас нь харж, бусад салбаруудын бодлоготой уялдуулах чадавхитай болсон гэж хэлж чадна.

-Танай байгууллагаас бодлого боловсруулахад шаардлагатай өөр ямар ажлууд хийж байна вэ?

-Бид 2013 оноос БНСУ-ын эрдэмтдийн багтай хамтран Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны эрэлт нийлүүлэлтийн таамаглалын загварыг боловсруулж эхлээд байна. Энэхүү загварыг боловсруулсанаар ирэх арван жилд эдийн засгийн аль салбарт ямар мэргэжилтэй хүн хэд хэрэгтэй вэ гэдгийг таамаглаж чаддаг болж байна. Мөн түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн хамаарлыг судалдаг гаргадаг илүү өндөр түвшний ерөнхий тэнцвэрийн загварыг Гэрэгэ Партнерс ХХК-тай хамтран Австрали улсын туршлагаас нэвтрүүлж эхлээд байна.

Энэхүү загварыг хөгжүүлсэнээр аливаа шийдвэр гарахаас өмнө тухайн шийдвэрийн хувилбарыг загварт оруулан эдийн засагт, ялангуяа хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлөхийг урьдчилан харах боломжтой болох юм.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэмжиж байна 2014-10-25 150.129.141.20

Үнэхээр чухал зүйл байна, Бас маш өргөн мэдлэгтэй, асуудалд гүнзгий ханддагаар чинь бахархдаг шүү, Сэтгэгдэл бичигчидийг битгий тоож бай Бүгд чамаас айж явдаг арчаагүй юмнууд байгаа, Чамайг урагшлах тусам муулна битгий тоогоорой Олон залуус дэмжиж явдаг шүү, Урагшаа ЧИмдээ

Avatar

Уншигч 2014-10-25 202.179.20.251

Яг үнэндээ манай монголын компаниуд 45 ба түүнээс дээш насны эмэгтэй хүнийг огт ажилд авдаггүй л байхгүй юу, кк

Avatar

Уншигч 2014-10-25 202.179.20.251

Хөдөлмөрийн зах зээл дээрх насаар ялгаварлах үзлийг зогсоох арга хэмжээ ав.

Avatar

Зочин 2014-10-25 150.129.141.97

ЭНЭ НЭГ ХӨДӨӨ ЦАРАЙЛСАН НУСГАЙ БАЦААН ДАНДАА ХУДЛАА ШААНАА. ХЭН МӨНГӨ ХЯЛАЙЛГАСАН, ТЭРНИЙ ҮГЭЭР Л ХУЦНА. ЯГ ЯС ЮМАН ДЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГГҮЙ НӨХӨР.

Avatar

U 2014-10-25 112.72.13.222

Ene neg chadvargui yum hudlaa Tom Tom yum yariad.baahan mungu ugaaj bgaa nuhur

Avatar

Зочин 2014-10-25 112.72.13.113

Энэ хүний ярианаас үзвэл манай хөдөлмөрийн яамныхан тун зөв юм хийж байгаа шиг байна. Гэхдээ энэ яаманд ажиллаж байгаа хүмүүс нь ийм нарийн юмнууд хийх чадвартай гэж эргэлзжил байна. Бас 2 жил дараа засаг солигдвол тэгээл энэ ажил будаа болно гэж бодохоор харамсалтай.

Avatar

Зочин 2014-10-25 60.31.198.141

Халамж гээд донгосоод байх юм. 21 000 төгрөгөөр юу авах вэ? 2 кг үхрийн мах. Тэгвэл Элбэгдоржийн ийш тийшээ явахад зарцуулдаг халамжийн буюу 1 аялалын зардал нь монголын бүх залуучуудад бүтэн жил халамжаар өгөхөд зарцуулдаг мөнгөтэй тэнцэх байх. Танай судалгаа чинь яасан дуусдаггүй юм бэ. Үр дүн дүгнэлт хийн ажил зохиож болдоггүй юм уу. Өнөөдөр манай нийгмийн салбарт ажиллаж байгаа хүмүүс тэр чигээрээ хоолны савнууд ба худлаа чалчихаас өөр юу ч чадахгүй.

Avatar

Зочин 2014-10-25 150.129.141.18

poshhhhhhh. enuunii sudlaach gej yu bdgiim. zailaach

Avatar

Адар 2014-10-25 103.11.192.34

Чих худалч, нүд үнэнч гэж үг бий шүү хө. Ажиллах хүчний оролцоо хаа ч гэж 60-аас дош хувьд орж явюаагүй юм шүү. ҮСХ-ны мэдээгээр жилийн дүнгээр нь авч үзвэл 2008 онд -61,1; 2009 онд- 61,4; 2010 онд 61,3; 2011онд 64,2; 2012 онд 61,6; 2013 онд 60,9; 2014 оны 2 дугаар улирлын байдлаар 63,1 хувь байх юм. Халамж хавтгайрсан гэж АН-ынхны ад үзээд байгаа 2011 онд ажиллах хүчний оролцооны түвшин хамгийн өндөр байгаагаас үзвэл халамж хөдөлмөр хоёрын хооронд урвуу биш шууд хамаарал харагдах гээд байх юм. Эсхүл огт хамааралгүй ч байж магад. Эрхэм судлаач гуай. Ингэж олны толгой эргүүлэх зүйлээр худлаа яриад яахав дээ. Залуучуудыг идэвхжүүлж байна гэж шоу хийдэг, Монголын Залуучуудын холбооны бизнес болгож хэдэн оюутан ийш тийш нь явуулахаа зогсоовол харин залуус жинхэнэ ажлын байрыг сонирхож магадгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж