“Мобиком” буруугаа хүлээсэнгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

“Мобиком” буруугаа хүлээсэнгүй

“Мэдлэг бүтээж, шинэчлэлийг тэргүүлэн, хэрэглэгчээ дээдэлсэн байгууллага  байна” гэсэн уриатай Мобиком корпораци хэрэглэгчээ дээдлэх үүргээ биелүүлдэггүй, гадны элдэв нөлөөлөл, хууль бус үйлдлээс  хамгаалах  чадамжгүй  болохоо  харууллаа. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өчигдөр  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.  Төмөр замын асуудал өргөн, нарийн царигийн асуудал маргаантай  байгаа энэ эгзэгтэй үеийг ашиглаж, УИХ-ын нэр бүхий гишүүдийн  дугаараас  иргэдийн утсанд 1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү…" гэх мессеж ирсэн юм.  Өөрөө бичээгүй байхад өөрийнх нь дугаараас  ийм мессеж илгээсэн асуудал  чуулганы танхимаас хальж,   олны анхаарлын төвд орсон.  УИХ-ын гишүүд твитерээр жиргэж,  УИХ-ын гишүүний нэр төрд халдлаа гэцгээв. УИХ-ын гишүүн А.Бакей “ Манай тойргийн иргэд надаас гайхаж асуусан. Та ямар мессеж явуулаад байгаа юм бэ гэж. Би Мобиком-ыг  их гайхаж байна. Хэрэглэгчийнхээ аюулгүй байдлыг яагаад хангахгүй байна вэ. УИХ-ын гишүүний  эрхэд халдсан  зүйл боллоо” гэсэн юм.  Энэ асуудал  олны анхаарлын төвд орсноор Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидей, дэд захирал М.Энхсайхан нар мэдээлэл  хийсэн. Үүссэн нөхцөл байдлын талаар тайлбарлахдаа Румын улс болон Мальта улс дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, ямар нэгэн компьютерийн программаар дамжуулан мессеж бичиж буй жинхэнэ дугаарыг нууцлан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулж байна, дугаараа нууцлан мессеж илгээх боломжийг олгодог маш олон үйлчилгээ байдаг бөгөөд хэн нэгэн этгээд Монгол Улсад ямар нэгэн асуудал үүсгэх зорилгоор уг үйлчилгээг ашиглаж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн гэсэн.

Мобиком корпораци хэрэглэгчээ хамгаалж чадаагүйдээ  уучлал гуйсангүй. Харин Гүйцэтгэх захирал Дэвид Холидэй “Энэ үйл явдал нь манай компани дээр хадгалагдаж буй хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд халдсан, задруулсан, ил болгосон асуудал биш. Хэн нэгний нэр барьж хулгай хийсэнтэй адилхан хэрэг” гэсэн. Энэ үгээрээ Мобиком  аюулгүй байдлаа хангаж чадаагүй хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа харуулав. УИХ-ын гишүүдийн дугаараас ийм явуулга хийсэн учраас энэ үйлдэл ингэж олны анхаарлын төвд  орсон. Гэтэл үүний цаана энэ мэт байдлаар энгийн иргэдийг төөрөгдүүлэх, залилан мэхлэх  тохиолдол гарахгүй гэх баталгаа алга. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өчигдөр мэдэгдэл хийхдээ “Зөвхөн УИХ-ын гишүүний биш жирийн иргэний утасны дугаарыг ашиглаад ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Асуудал хариуцсан хууль хяналтын байгууллагууд нь хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулж энэ асуудлыг шалгаж тогтооно. Мобикомоос мэдэгдэл гаргасан байсан. Гэхдээ аль ч үүрэн телефоны компаниуд өөрийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.  Гадны нэг байгууллагаас ийм үйлдэл хийсэн байна гэж мэдэгдэхээс илүү тухайн хэрэглэгчийн захидал харилцааны хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй. Ийм асуудал үүссэн нь хууль тогтоох байгууллага  шууд халдаж байгаа төдийгүй Үндэсний аюулгүй байдалд халдаж байгаа хэрэг” гэжээ.  Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартуудаар баталгаажсан, Герман улсын ISO байгууллагын  шалгалтаар дахин баталгаажсан   хамгийн найдвартай мэдээлэл технологийн  төхөөрөмжөөр тоноглогдсон гэх мөртлөө хэрэглэгчийнхээ утаснаас өөр зорилгоор sms илгээж байгааг  мэдээгүй өнгөрснийг юу  гэж ойлгох вэ?  Олон мянган хэрэглэгчдийн аюулгүй байдал хаана байна вэ?

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж