
АТМ-ын нүүрэн талд байрлах хэт улаан гэрэл бүхий хэсэгт хуруугаа тавьснаар арьсны цаана байрласан дахин давтагдашгүй хурууны бичил судлуудын хээг таньж, улмаар урьдчилан таних системд бүртгүүлсэн хээтэй таарвал тухайн хүн дансандаа нэвтэрч, бэлэн мөнгө авч болох ажээ.
Энэхүү шинэ технологийн талаар Hitachi компанийн аюулгүй байдал хариуцсан захирал Питер Жонс “Энэ нь ердийн хурууны хээ ашиглахаас илүү найдвартай арга юм. Бидний судалгаа, туршилтаар нэг сая удаад ердөө ганцхан л алдаа гарсан. Тэгэхээр нүдний солонгон бүрхэвчээр таньдагтай адил хамгийн найдвартай арга юм” гэжээ.
Хурууны хээнээс ялгаатай нь, хурууны хээ нь заавал ул мөр үлдээдэг, бас дахин ашиглах боломжтой байдаг бол хурууны судлын хээг дахин ашиглах боломжгүй, учир нь тэдгээр судлууд арьсны гадаргууны доор буюу цаана байдагтай холбоотой гэнэ.
BPS банк энэ оны сүүлч гэхэд бүх салбар нэгжүүддээ энэхүү био хэмжүүрт ATM-ийг байрлуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Уг бэлэн мөнгөний машиныг бүтээхийн тулд Hitachi өнгөрсөн гурван жилийн хугацаанд банктай хамтран ажиллажээ.
Био хэмжүүрт АТМ нь Европ дахь анхны тохиолдол боловч өнгөрсөн хугацаанд дэлхийн зарим улс орон энэ дэвшилтэт технологийг ашиглаж эхэлсэн байна. Bloomberg-ийн мэдээлснээр энэ технологи Японд хэдийнэ өргөн ашиглагддаг болсон гэнэ. Жонсын хэлснээр Японд өдгөө 80 мянга гаруй ийм төрлийн АТМ байдаг бөгөөд одоогоор 15 сая гаруй хэрэглэгчтэй болжээ.
Түүнчлэн Ази, Латин Америк, Ойрхи Дорнод болон Африк тивийн зарим улс оронд био хэмжүүрт АТМ-ыг хэрэглэдэг байна.
С.Цэлмэг