Түймэр унтраах арга хоцрогдсон

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Түймэр унтраах арга хоцрогдсон

Монгол  улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ой хээрийн түймэр сүүлийн таван жилд 759 удаа гарчээ. Ойн түймрийн улмаас 1215.8 сая га ой, талбай шатаж экологид 496.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Түймрийг унтраах ажилд 88.8 тэрбум төгрөг зарцуулсан судалгаа гарсан байна.  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 2002 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ОБЕГ-ын галын улсын байцаагч нарын гал түймрийн хэргийг шалгаж бүртгэх эрхийг хасч, Цагдаагийн ерөнхий газрын  Галын хэрэг бүртгэх хэлтэс уг асуудлыгшийдвэрлэдэг болсон байна. Ой хээрийн түймэр гарсан л бол хэн нэгний буруутай үйлдлээс улбаатай байдаг. Гэвч дээрх  759 удаа гарсан ой хээрийн түймрийн 0.2 хувийг л цагдаагийнхан шалгажээ. Харин 732 буюу 99.8 хувийг огт шалгаагүй өнгөрсөн аж.

Ой хээрийн түймэр гарсан шалтгааныг хуурайшилтаас үүдэлтэй.  Мөн иргэдийн буруутай үйлдэл, гэнэтийн аянга цахилгаан, хил дамнасан түймэр зэргээс үүдэн ой хээрийн түймэр гардаг хэмээн албаныхан тайлбарлаж байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр ойн түймрийг мод бэлтгэдэг хүмүүс санаатайгаар тавидаг гэж байсан юм. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага нь шалгахад илүүдэхгүй болов уу? Гэвч манай улсын байгууллага хоорондын уялдаа холбоо муутай  байдаг олон жишээг дурьдаж болно. Үүний нэг нь Онцгой байдлын ерөнхий газар гал түймэр тавьсан буруутай этгээдийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад нь шилжүүлж өгөх нь олонтаа байдаг гэнэ. Гэвч  буруутай этгээдийг нэг хэсэгтээ шалгаж байна, хянаж байна гэсэн тайлбар өгсөөр удалгүй хэрэгт холбогдолгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг аж.  Харамсалтай нь Онцгойгийнхонд  түймэр тавьсан буруутай этгээдийг шүүх эрх мэдэл байхгүй юм.

2010 он гарсаар Монгол улсын хэмжээнд ой хээрийн түймэр нийт 13 аймгийн 36 сум дүүрэгт 52 удаа гарчээ. Үүнээс ойн түймэрт есөн га талбай, 850.276,4 га бэлчээрийн талбай шатсан байна. Ой хээрийн түймрийн улмаас улсад 36.6 сая төгрөгийн,  байгаль экологид 582,1 сая төгрөгийн, эд материалын болон бусад хохирол 292,4 сая төгрөг, нийт 852,9 сая төгрөгийн хохирол учирсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.  Дээрх гал түймрийг унтраахаар давхардсан тоогоор  Онцгой байдлын газрын 516 албан  хаагч, орон нутгийн 1028 иргэн, зэвсэгт хүчин, хилийн 162 цэргийн алба хаагч, 165 автомашинтай ажилласан байна.  Түймэр гарсан нутгаар нь авч үзвэл Архангай аймагт нэг, Булган аймагт 10, Дархан-Уул аймагт дөрөв, Дорнод аймагт найм, Сүхбаатар аймагт дөрөв, Төв аймагт нэг, Ховд аймагт хоёр, Хөвсгөл аймагт долоо, нийслэл Улаанбаатар хотод нэг  тус тус гарчээ.

Энэ хугацаанд Цагдаагийн байгууллага түймрийн хоёр удаагийн эзэн холбогдогчийг олж тогтоон  эрүү үүсгэн шалгаж байгаа аж. 12 иргэнд захиргааны хариуцлага тооцож,  630 мянган төгрөгийн торгууль ногдуулсан бол 10 удаагийн түймэрийн эзэн холбогдогчоор 12 сая 658 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн байна.
 

Түүнчлэн Онцгой байдлын Ерөнхий газраас  салбарын алба хэлтэсүүдэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-оос 11 дүгээр сарыг дуустал ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүрэг өгсөн.  Энэхүү үүргийн дагуу нийслэл болон хөдөө орон нутагт  байгаль хамгаалагч нартайгаа уулзаж, түймэрийн үед хэрэглэх багаж зэвсэг, холбоо хэрэгсэлийн шалгалт хийсэн билээ.  Тус шалгалтын нэгэн баг таван сарын эхээр Богд хан уулын дархан цаазат газраар хяналт хийх үед нь тэдэнтэй хамт явсан юм. Тэр үед байгаль хамгаалагч нарт  байх ёстой хүрз,  канистр,  гал унтраагч цохиур, сүх зэргийг шалгаж бүртгэж байв.  Харамсалтай нь зарим байгаль хамгаалагчидад байх ёстой багаж нь дутуу, цахилгаангүйгээс мэдээ дамжуулах станц нь цэнэггүй суусан зэрэг зөрчил илэрч байсан юм. Энд хэн нэгнийг муу хэлэх гэсэнгүй,  энэ нь тус байгууллагын төсвийн хэмжээ.

2009 онд ОБЕГ-аас гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлын талаарх саналыг төсөвлөж өгсөн. Харин төсвийн тодотголоор хэлэлцэж тав дахин хасаж 22.3 сая төгрөг болгосон аж. 21 аймаг нийслэлд хуваахад нэг аймагт нэг сая төгрөг, 368 суманд ажиллана гэж тооцвол нэг суманд 59 мянган төгрөг ногдсон төсөв баталжээ.  Энэ нь бутэн жилийн туршид 59 мянган төгрөгөөр галаа унтраа гэсэн үг бөгөөд энэ мөнгөнд гал унтраах багаж хэрэгсэл, ажилчидын хоол унд, гал унтраахад ашиглах ус, машин техникийн нийт зардалын мөнгө цөм багтсан гээд бодвол ямар тоо гарахыг тооцоод нэг үзээрэй. XXI зуунд хүн төрөлхтөн ой хээрийн түймрийг унтраах боловсронгуй арга техник хэрэглэдэг болсон атал манайд  дугуйны хамер модонд бэхлэж хадсан цохиур ашиглаж, нуруундаа канистр үүрэн уул өөд өгсөн гал унтаараахдаа гар шахуурга ашиглаж, усаа дуусахаар дахин  буцаж явдаг арга хэрэглэдэг улс орон байхгүй л болов уу. Уг нь 1990 оноос өмнө Ойн сан гэж байсан бөгөөд тус сангаас ойн 15 хувийн хөрөнгө гэж олгодог байжээ. Одоо бол хохирол барагдуулна гэсэн ямар ч ойлголт байхгүй гэнэ. Ойн сан ч гэж байхгүй болсон. Түймрийн хохирлыг барагдуулах сан гэж байдаггүй ч ядаж холбогдох байгууллагууд нь түймэр тавьсан буруутай этгээдийг нь тогтоох ажлаа хийж баймаар.  Төсвөө тануулсан ч Онцгойгийхон орон нутгийнхантай нйилж хоцрогдсон багаж хэрэгсэлээр амь нас, эрүүл мэндээрээ хохирон байж үүргээ биелүүлж, амжиж гал унтаахаар цаг хугацаатай уралдан тэмцэж байна.

 Харамсалтай үнэн гэвэл өнгөрсөн онд Онцгой байдлын ерөнхий газарт хуваарилсан 22.3 сая төгрөгөөс илүүтэй гарсан түймрийг унтраах ажилд 88.8 тэрбум төгрөг зарцуулсан судалгаа гарчээ. Харин тухайн онд ойн түймрийн улмаас 1215.8 сая га ой, талбай шатаж экологид 496.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Энэ оны эхний зургаан сард ой хээрийн түймэр нийт 13 аймгийн 36 сум дүүрэгт 52 удаа ой хээрийн тйүмэр гараад буй. Ой хээрийн түймрийн улмаас улсад 36.6 сая төгрөгийн,  байгаль экологид 582,1 сая төгрөгийн, эд материалын болон бусад хохирол 292,4 сая төгрөг, нийт 852,9 сая төгрөгийн хохирол учираад байна.  
Үүнээс гадна Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлсэнээр цөлжилт хуурайжилт ой мод багасахтай шууд холбоотой гэж үзсэн байдаг. Гэтэл манайх говийн аймгуудыг цөлжилтөөс хамгаалах элдэв төсөл хөтөлбөр боловсруулах явцад ой мод, бэлчээрийн өвч ургамал шатаж үгүй болсоор.  Энэ асуудлыг иргэд өөриймсөгөөр хүлээн авч, гарсан түймрийг унтраахад хүч нөөц бололцоогоо ашиглах үүрэгтэй. Хэрвээ бидний амьсгалах агаарыг бий болгогч ой модгүй бол яах билээ.   Тиймээс УИХ, Засгийн газар, Сангийн яам байгаль хамгалагчидад ой, хээрийн тйүмэр унтараахад хэрэгтэй байгаж техник худалдан авахад шаардлагатай төсөв мөнгийг нь  Онцгой байдлын албанд олгож, эх орноо ой модтой үлдэхэд өөрсдийн үүргээ биелүүлэх нь чухал юм.

П.Наран

 экологи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж