“Мобиком хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ёстой”

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

“Мобиком хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ёстой”

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар өнөөдөр / 2014.10.24 / УИХ-ын гишүүдийн утаснаас мессеж ирүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын зарим гишүүдийн гар утасны дугаарыг ашиглан Газрын тухай хууль, “Bank of Сhina”, төмөр замын царигтай холбоотой мессежийг "Мобиком" корпораци, "Юнител" группийн үүрэн телефоны сүлжээгээр тойргийн сонгогчдод болон нийтэд тараасан үйлдэл нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй байх эрх, мөн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар хамгаалагдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хөндсөн гэж үзэж байна. Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчжээ. Иймд Улсын Их Хурлын зарим гишүүний утасны дугаарыг ашиглаж мэдээ тараасан үйлдлийг шалгуулах болон зохих залруулга хийлгэх талаар холбогдох байгууллагад хандсан болохоо мэдэгдлээ. Энэ үеэр  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Энэ бүхнийг ямар нэг захиалгат үйлдэл гэж үзвэл УИХ, Засгийн газар аюулгүй байдалд байж чадаж байгаа юу гэдэг асуудлыг сөхөж байх шиг байна. УИХ энэ асуудалд хэр хурдан хандаж, эзэн холбогдогчийг илрүүлж чадах вэ?

-Энэ үйлдэл гарсны дараа УИх-ын дарга З.Энхболд ТЕГ-т үүрэг өгч энэ асуудлыг шалгахыг даалгасан. Мөн өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл дээр энэ асуудал яригдаж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах талаар үүрэг өгчихсөн байгаа. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж энэ асуудлыг шалгаж тогтооно. Энэ зөвхөн УИХ-ын гишүүний биш жирийн иргэний утасны дугаарыг ашиглаад ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Асуудал хариуцсан хууль хяналтын байгууллагууд нь хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулж энэ асуудлыг шалгаж тогтооно. Өнөөдөр Мобикомоос мэдэгдэл гаргасан байсан. Гэхдээ аль ч үүрэн телефоны компаниуд өөрийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.  Гадны нэг байгууллагаас ийм үйлдэл хийсэн байна гэж мэдэгдэхээс илүү тухайн хэрэглэгчийн захидал харилцааны хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй гэж үзэж байна.

-Энэ асуудалд хэн нэгэн буруутан тогтоогдсон тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

-Энэ асуудал энэ талаасаа хууль тогтоох байгууллагад шууд халдаж байна, нөгөө талаасаа үндэсний аюулгүй байдалд бас халдаж байгаа хэрэг болж байна. Хууль хяналтын байгууллагууд эзэн холбогдогчийг нь тогтоосны дараа ямар хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн болон бусад хууль тогтоомжоор шийдэгдээд явна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж