Муу Дэмбэрэлийг хөөргөж байгаад….?

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Муу Дэмбэрэлийг хөөргөж байгаад….?

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын байгуулсан нууц гэрээ гэх зүйл сошиал ертөнцөд дэлгэгдэж, олон нийтийн дунд багагүй дуулиан тарьсан.  АН, МАН-ынхан нөхдүүд  тамга тэмдэггүй гэрээ гэгч зүйлд итгэн зарим нэг нь элий халаг болцгоосон. Гэвч энэ гэрээг хуурамч болохыг дөнгөж саяхан Тагнуулын ерөнхий газраас мэдээлэв. Хамгийн аймаар нь МАН-ынхан эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн байгаагийн нотолгоо энэ хуурамч гэрээ боллоо.

Хуурамч гэрээг  хийхэд МАН-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцах хэлтсийн дарга Н.Дэмбэрэл болон бусад ажилтан оролцсон болохыг тагнуулчид тогтоожээ.  Чухамдаа МАН-ын дарга нар “Муу Дэмбэрэлийг  хөөргөж байгаад хамаг ажлаа хийлгээд авъя” гэдэг Жамц баян шиг загнажээ.

Н.Дэмбэрэл нь энэ хэрэгт холбоотой гэдгийг  тагнуулынхан тогтоож, хуулийн дагуу бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгах явцад МАН-ынхан түүнийг ажлаас нь халсан бололтой. Тэрбээр өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд харин МАН-ынхан арав хоногийн өмнө ажлаа өгсөн гэдгийг яаран сандран зарласан хэвлэлийн хурлынха үеэр тайлбарлаж байна.

Гэхдээ бусдын гарын үсгийг дуурайлган хуурамч гэрээ үйлдэж байгаа хүмүүс он, цаг мэтийн жижигхэн асуудлыг өөрчлөхөд ядах юмгүй байх.

Н.Дэмбэрэл нь өнөөгийн МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд байх үед Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд тухай үедээ Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр хүндэд халдсан,  УИХ-ын гишүүн Ч.Улааныг “Цайрт минерал”-тай холбон гүтгэсэн гэдэг үндэслэлээр хорих ялаар шийтгүүлж явсан. 

Тэгвэл  бусдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн хэрэгт ашиглаж, МАН дахиад л түүнийг шалны алчуур болгоод хаячихлаа. "Хөөрхий муу Дэмбэрэл юм үзээгүй" юм болохоор хөөрүү занг нь МАН-ынхан ашиглачихаж.  “Хэдэн муу адсаганаас болоод хүн алахаа дөхөж” байгаа Түгжилээс  дор, эрх мэдлийн төлөө ямар ч хуурамч гэрээ үйлдэхээс сийхгүй гэдгээ МАН-ынхан ийнхүү харууллаа.

Хуурамч гэрээ, хуурамч гарын үсэг… Цаашлаад юуг хуурамчаар үйлдэж, хэнийг нохойд барьдаг мод болгох болоо гэсэн эмзэглэл ч олон нийтэд төрж байна. Эцсийн эцэст Монголын улстөрчид улам увайгүй, Монголын улс төр улам л бохир болсоор байна. Баячууд зодолдоход барлагийн биенээс цус үсэрдэг гэсэн үгийг эрх мэдлийн төлөө увайгүйтэж, урваж шарваж байгаа улстөрчдөд сануулчихад илүүдэхгүй биз.

 

Хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөд цацагдсан "Нууц" гэж нэрлэсэн гэрээ:

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж