Туулын хайргаар орон сууц барих уу?

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Туулын хайргаар орон сууц барих уу?

Монгол орны төв хэсэгт 704 км үргэлжлэн урсдаг Туул гол нь нийслэлийн нэг сая гаруй иргэдийг ундны усаар хангадаг гэдгийг хэн хүнгүй мэдэх ч түүнийг хайрлан хамгаалах нь байтугай, өдрөөс өдөрт бохирдуулсаар байна. Сүүлийн жилүүдэд Туул голын бохирдол хэрээс хэтэрч, усны төвшин жил ирэх тусам багассаар байгаа талаар жирийн нэгэн иргэнээс авахуулаад эрхэм төрийн түшээд хүртэл халаглан ярьж байх. Хүн бүхэн хоосон халаглах ч хамгаалах талаар дорвитой ажил хийсэнгүй өдрийг хүрлээ. Эцэстээ нийслэлийг ундаалагч Туул голын орчимд хувийн эзэмшлийн барилга, орон сууц, “хаус”-ууд олноор баригдаж, түүнийг дагасан барилгын элс хайрга олборлодог аж ахуйн нэгжүүд хэрээс хэтэрч байна. Одоо нийслэлийн иргэн бүрт Туулыг хувааж өмчлүүлэх л үлдэж байх шиг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авсан мэдээллээр Туулын сав дагуух нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрганы тусгай зөвшөөрөлтэй 28 аж ахуйн нэгж бий. Тэд өдөр шөнөгүй, өглөө оройгүй Туулын эргийг сэндийчиж байна гээд нэг бод доо. Туулыг аврах, хариуцлага тооцох тухай байнга л ярьдаг хотын дарга, удирдлагууд өөрсдөө Туулыг “ширгээх”  ийм олон зөвшөөрөл олгосныг юу гэх вэ.  
Нааштай нэгэн ажил гэвэл мэргэжлийн хяналтынхан Туул голын дагуух түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд, Туул голд бохир ус нийлүүлж байгаа болон гол дагуух газар олголтыг шалгаж байгаа гэнэ.
Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн мэргэжилтэн Ц.Батсайханаас тодруулж асуухад “Нийслэлийн хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий 28 аж ахуйн нэгж Туул голын орчимд үйл ажиллагаа эрхэлдгээс өнгөрсөн онд хийсэн үзлэг, шалгалтаар 15-ынх нь тусгай зөвшөөрлийг цуцалж, өнөөдрийн байдлаар 14 нь ажиллаж байна. Эрх нь цуцлагдсан 15 аж ахуйн нэгжид жилийн өмнө нөхөн сэргээлтийг бүрэн хийж дуусгах албан даалгаврыг хүргүүлсэн ч зарим нэг нь огт хийлгүй өдийг хүрсэн байна. Ийм учраас нэр бүхий компаниудын удирдлагад хугацаатай албан даалгавар өгч, ирэх намраас ажлын гүйцэтгэлийг хянаж, эс биелүүлсэн тохиолдолд шүүхэд шилжүүлэхээр төлөвлөөд байна” гэсэн мэдээллийг өгч байна. Аль өнгөрсөн жил өнгөрсөн үүрэг, даалгаврынхаа биелэлтийг өнөөдрийг хүртэл шалгаагүй тэд маргааш ширгэсэн хойно нь шалгаж ч мэдэх юм.
Мэргэжлийн хяналт, хотын удирдлагуудын Туул голыг аврахаар ойр орчимд үйл ажиллагаа эрхэлдэг элс, хайрга, дайрганы үйлдвэрүүдийг суурьшлын бүсээс гаргахаар бодлогын төвшинд шийдвэрлэхээр зэхэж буй аж. Гэхдээ Туулын элс, хайрга дуусчихсан хойно уу, эсвэл өнөөдөр үзэглэх үү гэдэг нь бас л тодорхойгүй томъёо бололтой.
Албаны хүмүүсийн амнаас унаж буй тодорхой үг гэвэл “Газрын өнгөн хэсгийг хуулан авч, ашиглаж байгаа нь байгаль орчинд нэг их нөлөөлөхгүй байна гэж үзэж байгаа” гэсэн тоомжиргүй хариулт байх жишээтэй.
Тэднийг хэн нэгнийг торгож, ажлаа хийснээ дээд удирдлагууддаа харуулах гэсэн үүднээс асуудал хандаж байна гэхээс өөр арга алга. Ер нь манайхан аливаа ажлыг хийхдээ цаад талд гарах сөрөг үр дагаврыг нарийвчлан тооцолгүй хийдгээс үргүй зардал гаргаж, өчигдрийн шийдвэрээ өнөөдөр цуцалдаг нь нууц биш. Анхнаас нь Туулын орчимд олборлолт хийхийг ор тас хорьсон бол хатан Туулын өнгө зүс доройтож, усны ундарга ингэж их дундрах байсан гэж үү. Салбар хариуцсан мэргэжилтнүүд нь бага зэргийн зөрчил, дутагдал хэмээн “арын хаалга” сайтай аж ахуйн нэгжүүдээ толгойг нь илж, арав таван төгрөгөөр торгосон болоод өнгөрч байгаа нь Монголд хууль дүрэм байхын хэрэг байх эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Мөн Туул голоо хамгаалах гэж байна гэсэн нэрийдлээр ухаж, төнхөж байхдаа өрөвдөх сэтгэлгүй байсан цэвдэг сэтгэлтнүүдэд нөхөн сэргээлтээ сайн хийсэн хэмээн “цаасан малгай” өмсгөн, амралт, аялал жуулчлалын бүс бий болгох бизнес рүү санаархсан сувдаг сэтгэлийг давруулах гээд байгаа юм уу гэсэн хардлага ч энэ үеэр төрж байлаа. Аливаа салбарт мэргэжлийн бус хүн амжилт гаргана гэдэг юу л бол. Дээрээс нь хотоос гадагш гаргах гэж буй өнөө хэдэн тоосго, элс, хайрганы үйлдвэрүүд нь дахиад л нэг газрыг элгийг нь эмтэлж, өрийг өмлөөд хаяхаар эргээд л хариуцлага тооцох талаар ам уралдан шуугих биз. Хэрвээ хотоос зайдуу эдгээр аж ахуйн нэгжүүд олборлолт хийхээс өмнө замын асуудлыг шийдэхгүй бол бас л одоогийн өмнийн цэнхэр говь, дорнын талыг улаан шороогоор уйлуулсан хүнд даацын машинууд талхлаад дуусна гэдгийг урьдчилж харах нь чухал гэсэн асуудлуудыг эргэн нэг хараасай даа. Төрийн албыг хашиж буй дарга даамлууд нь ч энэ бүх асуудлыг тооцож үзсэн ч хэн нэгний бизнесийг өргөжүүлэх бэлэг барихын тулд эх нутгаа золиослохоос буцахгүй байгаа нь гаргаж байгаа бодлого шийдвэрээс илт харагдаж байгаа. Туулын хар шугуй хэзээ өөрийн өнгө төрхөндөө эргэж орох, эсвэл устан үгүй болох хувь заяаг Монголчууд л мэдэх биз ээ. Засгийн газраас зуун мянган айлын орон сууцны хөтөлбөр зарласан. Түүнийхээ барилгын түүхий эдийг яг өмнө нь орших Туулаас олборлох уу гэдгийг ч бодох л асуудал. Тиймээс ч гарах сөрөг үр дагавруудыг зөндөө байгааг салбар хариуцсан нөхдүүд эртнээс тооцоолоход илүүдэхгүй гэдгийг сануулья. Нөгөө талаар Монгол орны нийт гол горхины бохирдолтын дүнг харьцуулаад үзэхэд Туул гол хамгийн их бохирдолтой гарсан талаар уулзсан мэргэжлийн хүмүүс ярьж байв. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн буруутай үйл ажиллагаа болон байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан, Туул голын өөрөө өөрийгөө цэвэршүүлэх байгалийн чадамж алдагдахад хүрээд байгаа. Энэ нь “Харгиа” цэвэрлэх байгууламжийн ажиллагаатай шууд холбоотой. Нийслэлийн засаг дарга “Харгиа”-н үйл ажиллагаатай танилцаж, нийслэлийн өмчит байгууллага болгож байгаагаа мэдээлсэн. Тун удахгүй 1.5 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдэж, энэ байгууллагын ажил сайжирна хэмээн найдаж суухаас. Мөн “Улаанбаатар зам засвар арчлалт компани” төрийн өмчит газар нь одоог хүртэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй, байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй ажил байхгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн нь төр өөрийгөө боомилж байгаагийн л шинж. Туулаа хамгаалахаар хийж байгаа төрийн үйлдлийг буруушаах гэсэндээ бус, цаад талд дахиад л гарч ирэх үр дагавраа сайтар тооцоосой гэсэндээ үүнийг сийрүүлэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж