Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөнхдоржийн “Хөхөө намжил” дуурийн шинэчилсэн тавилтын нээлтийн тоглолт арваннэгдүгээр сарын 1,2-ны өдрүүдэд тавиагдах гэж буй.
Эл бүтээл нь Дуурийн театрын хүүхэд залуучуудад зориулсан үндэсний сонгодог бүтээлийн урын санг баяжуулж байгаа төдийгүй нас, үндэс, угсаа харгалзалгүй ямар ч үзэгч үзэх боломжтой уг бүтээлийг Дуурийн театрын хамт олон “Аялал жуулчлалын брэнд” бүтээл болгохоор зорьж байгаа гэнэ.
Хүүхэд залуучуудад зориулсан үндэсний сонгодог бүтээлийн цомнолыг Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар ард анх “Хөхөө намжил домог”-оос сэдэвлэн дуурийн цомнолыг бичиж байсан бөгөөд 1961 онд тавьж, 1998 онд сэргээж байсан юм байна.
Харин энэ удаа ССАЖЯ-ны Соёл урлаг хариуцсан сангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцсыг нь бүрэн шинчилж үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. “Хөхөө намжил” дуурийн найруулагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж, хөгжмийн хэсгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар хариуцан ажиллах бол Соёлын тэргүүний ажилтан Ц.Мөнхболд удирдах юм байна.
Шинэчилсэн тавилтын гол дүрүүдэд залуу гоцлооч М.Даваадорж, Б.Батжаргал, Б.Энхнаран, Ц.Арюна, Соёлын тэргүүний ажилтан дуучин Ш.Наранчимэг, М.Дариймаа, А.Сайнбаяр, Э.Анхбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин зэрэг уран бүтээлчид оролцон тоглох гэж буй.
Э.ТЭКҮ