“Хилийн аюулгүй байдал ба менежмент” сургалт болов

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

“Хилийн аюулгүй байдал ба менежмент” сургалт болов

Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх албаны Хилийн аюулгүй байдлын менежментийн газар, Терроризмтэй тэмцэх газар болон Стратегийн цагдаагийн бодлогын газраас Монгол Улсын хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилтнуудад сургалт зохион байгуулж байна. 

ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх албаны хилийн аюулгүй байдлын ажилтан Жонатан Трамбл “Хилийн аюулгүй байдал ба менежмент” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 10 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургуульд амжилттай зохион байгууллаа. 

Энэхүү сургалтад Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөл оролцсон.

Сургалтын хүрээнд Байгууллагын аюулгүй байдал, Европ дахь хамтын ажиллагаа гэж юу вэ, Нээлттэй, аюулгүй хилийн бүс, Хил ба хилийн бүс-бидэнд тохиолдож буй нийтлэг бэрхшээлүүд, Хилийн аюулгүй байдал, менежмент-үндэсний загвар-бидний анхаарах хүчин зүйлс, Бүс нутгийн  хилийн аюулгүй байдал-эдийн засаг, Монголын хилийн менежмент, Үндэсний хилийн аюулгүй байдал, менежментийн стратегиуд зэрэг сэдвээр сургалт явуулсны зэрэгцээ сургалтад оролцогчдыг багийн зохион байгуулалтад оруулж тодорхой даалгавар өгч ажиллуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болголоо.

Сургалтад хамрагдсан төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсад хүний наймаа, хар тамхитай холбоотой гэмт хэрэг анхаарал татаж байгаа. Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас иргэдтэй хамтарч ажиллах үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэлээр Европын холбоо ямар байр сууринаас ханддаг талаар Жонатан Трамблаас тодруулахад, тэрбээр “Цагдаагийн байгууллага иргэдийн хамтарсан сайн дурын үйл ажиллагааг дэмжсэн богино хугацааны болон урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тиймээс Монголын зүгээс энэ чиглэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болох юм” гэсэн саналыг хэлж байлаа.  Мөн сургалт удирдаж буй Жонатан Трамблын хувьд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий дээрх байгууллагуудын төлөөлөгчид нэгдэж, сургалтад идэвх санаачилгатай хамрагдсанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Ийнхүү таван өдөр үргэлжилсэн уг сургалтад амжилттай оролцсон төлөөлөгчдөд Хууль сахиулахын их сургуулиас сертификат гардуулсан юм.

ЕАБХАБ-ын Терроризмтэй тэмцэх газраас 10 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд “Интернетийн орчинг террорист бүлэглэлүүд хэрэглэж байгаа болон бусад төрлийн цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж