МАН-аас “нууц гэрээ”-тэй холбоотойгоор мэдээлэл хийлээ
МАН-аас яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хурал хийх болсон нь Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр 15.00 цагаас мэдээлэл хийж, АН, МАХН хооронд өнгөрсөн долоо хоногт байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хавсралт буюу нууц гэрээ гэгчийг МАН-аас хуурамчаар үйлдэж, олон нийтэд цацсан болох нь тогтоогдсон гэдгийг зарласантай холбоотой юм.
МАН-ын хэвлэлийн бага хуралд МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, хуульч Раднаасэд нар оролцож байна. Тэд ярихдаа,
-“Аравдугаар сарын 22-нд буюу өнгөрөгч шөнө Тагнуулынхан МАН-ын төв байранд нэвтэрч, компьютерийн хард дискийг авч явсан. Мөн МАН-ын хэвлэлийн ажилтныг байцаасан. Тагнуулын ерөнхий газар хүн гүтгэж байна. ТЕГ бол хувийн мөрдөх товчоо биш” гэлээ.
Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай “АН, МАХН-ын байгуулсан нууц гэрээ”-г шалгаад хуурамчаар үйлдэж, олон нийтэд тараасан болохыг баталгаажуулсан. Уг хэргийг МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл болон бусад нэр бүхий хүмүүс хуурамчаар үйлдсэн болохыг тагнуулын байгууллага тогтоож, шалгаж эхэлсэн” гэж мэдэгдсэн байгаа.
Тэгвэл нэр дурьдагсан Н.Дэмбэрэл гэгч нь МАН-ын тамгын газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн хүн юм байна. /Албан бус мэдээллээр түүнийг өчигдөр ажлаа хүлээлгэж өгсөн гэв/.
Одоо УИХ-ын Тамгын газраас их хурлын гишүүдийн утаснаас мессеж илгээсэн гэх асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийх гэж байна.
С.ОТГОН