2 жилд 2500 км зам барьж, 6 аймгийг нийслэлтэй холболоо

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

2 жилд 2500 км зам барьж, 6 аймгийг нийслэлтэй холболоо

Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож дууслаа. Энэ их бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, замаа хугацаанд нь барьж дуусгасан зам, барилгын гүйцэтгэгч, зөвлөх компаниудад Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр/10.17/ батламж гардуулан өглөө.  Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа бөгөөд нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн юм. Үүнээс сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, бүтээн байгуулж чадсан байна. Өнгөрөгч онд Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоод дуусч байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг 4 км, Сүхбаатар аймаг 10 гаруй км замын хучилтын ажил л үлдээд байна. Энэ нь ирэх долоо хоногт Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын замын ажил үндсэндээ дуусна гэсэн үг.

Удахгүй Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой болно. Монголын авто замчид 2012-2014 онд нийтдээ 2500 км авто зам барьснаас, зөвхөн зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 450 гаруй тэрбум төгрөг, 59.2 сая ам.долларын төсөвт өртгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Зургаан аймгийг нийслэлтэй холбохоор барьсан замын урт нийтдээ 1162.2 км юм байна.

Энэ бүтээн байгуулалтад гадаад дотоодын 17 гүйцэтгэгч, 10 зөвлөх компанийн 3829 ажиллах хүч, 2400 орчим машин, механизм ажиллажээ. Үүний дотор дотоодын 12 компани, гадны хөрөнгө оруулалттай 5 компани ажилласан байна.

Зам, барилгын гүйцэтгэгч болон зөвлөх компанийн удирдлагуудад батламж гардуулж өгөх үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх “Монгол хүн зам барьж чаддаг юм байна гэдгийг та бүхэн хүмүүст ойлгуулж өглөө. Амжилтаа харуулж чадлаа. Бид юм хийе бүтээе гэвэл чаддаг юм байна гэдгийг бусад салбарынхандаа үлгэрлэж чадлаа. Та бүхэндээ бүгдэд нь баярлалаа. Салбар хариуцсан сайдын хувиар биечлэн замын компаниудынхаа ажил байдалтай газар дээр нь байнга очиж, гэрээт ажлын биелэлтийн явцад хяналт тавьж ажилласныг та бүхэн мэднэ.  Бид гэрээт хугацаандаа замаа барьж дуусгалаа. Энэ бол түүхэн дээд амжилт юм шүү. Монгол Улсын аль ч Засгийн газрын түүхэнд хийж байгаагүй бүтээн байгуулалтыг хийлцсэн авто замчиддаа баярлалаа” гэсэн юм. Түүнчлэн батламж гардуулсны дараа дээрх зургаан аймгийн удирдлагууд дэд бүтцийн чухал асуудлыг нь шийдэж өгсөн Зам, тээврийн сайд А.Гансүхийг тус тусын аймгийнхаа хүндэт тэмдэг цолоор шагнасныг гардуулан өглөө.

Эх сурвалж: http://mrt.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж