Тог тог ! Инфляци дуудсан уу…

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Тог тог ! Инфляци дуудсан уу…

Сайн байцгаана уу, монголчууд аа. Намайг ер нь бол хямрал гэдэг. Би 1920-иод оны эхээр Америкт очиж бусниулж байлаа. Тэд намайг Адам Смитийн хүчээр хөөж явуулсан хэдий ч 1973 онд дахин очиж сандаргасан юм. Тэр үед Жон Мильтоны онолын хүчээр хэсэг намжаасан. Сүүлийн жилүүдэд очих газар, улс орон ч олон боллоо. Грек, Япон, Колумб, Бразил гээд олдож л байна. Харин танай орныг би зүгээр л үлдээчихэж. Танай зарим эдийн засагчид “Манай улсад нөлөөлөхгүй ээ” гэж мэдэмхийрч байна билээ. Би үнэндээ “Энэ жижиг улс, эдийн засаг муутай. Тэр нь том улс эдийн засаг ихтэй”  гэж голж шилдэггүй юм. Одоо л очихгүй бол боломгүй санагдана. Тэгээд ч танай төрийн түшээд намайг ирээч ээ гээд орчныг нь бэлдээд, урьж залаад байгаа бол би дуртайяа очно. Гэхдээ би урилгагүй зочин биш, ирэх гэж байна гэдгээ урьдаар заавал хэлдэг юм шүү. Тиймээс ирэх болсон шалтгаанаа доор дэлгэрэнгүй дурьдлаа.
Инфляци: 2000-2007 оны хооронд Монгол банк эдийн засгийн орчинг “зохиомлоор” томруулж үүнд танай засгийн газар “томруулсан” орчноос илүү гарчихсан. Монгол улсыг нэг айл гэж үзвэл тэр айлын зарлага болоод эргэлдүүлж байгаа мөнгө нь  /хувийн бизнес, банкин дахь хадгаламж, хэрэглээний зардал гэх мэт/ олдог орлоготойгоо ямар нэг хэмжээгээр хамааралтай байх ёстой. Орлого, эргэлдэж байгаа мөнгө, зардал эдгээрийг Монгол банк, Засгийн газар хоёр зохицуулах үүрэгтэй. Эргэлдүүлж болох мөнгийг нь Монгол банк мөнгөний нийлүүлэлтээрээ шийднэ. Олж байгаа орлого чинь ДНБ гэх үзүүлэлтээр хэмжигддэг. Хэр их алт олборлов, хэн их ноос самнав, ямар барилга барив, хэр их жуулчин авав гэх мэтээр хэмждэг юм. Харин зардал нь улсын нийт зарцуулж байгаа мөнгө болоод хөрөнгө оруулалт байдаг. Засгийн газрын зардал ДНБ-ий 20-30 хувийг эзэлдэг юм.
Гутал хийж зардаг гэр бүлээр жишээ авья. Гутлаа илүү чанартай хийдэг болоод борлуулалт нь нэмэгдвэл тэр айл бизнесээ өргөжүүлэхийг хичээнэ. Өөрөөр хэлбэл эдний орлого нэмэгдэж тэр хирээр эргэлдүүлдэг мөнгөө нэмэгдүүлэхийг хүснэ. Гэтэл банкны зээл олдохгүй юмуу, олдсон ч хэт өндөр хүүтэй бол бизнесээ өргөжүүлж чадахгүй. Төв банкны нэг үүрэг бол ийм нөхцөлд банкны зээл олдоцтой байх, олохдоо хүү багатай байх явдал.
 
Танай төв банкны бас нэг, илүү чухал, үүрэг бол, энэ айл эрхэлж буй бизнестэйгээ харьцуулахад хэт их мөнгө эргэлдүүлдэг болчихгүй байхад хяналт тавих явдал. Энэ айл гутлын бизнесээ яаж ч өргөжүүлээд өдөрт 100 мянган төгрөгөөс илүү борлуулалт хийж чадахгүй атлаа бизнесээ тэлэхэд 5 сая төгрөг хэрэгтэй тооцжээ. Гэвч мөнгө илүүдэхгүй гээд 10 саяын зээл банкнаас хүсчээ. Гэтэл энэ айлд банк 10 сая төгрөгийг нь зээлчихвэл яахав? Эхнэр нөхөр 2 зарим онц хэрэггүй зүйлд мөнгө зарцуулж эхэлнэ. Ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа учраас хуучин машин авч унадаг ч юм уу гэх мэтээр. Олон айл ийм үрэлгэн байвал бараа бүтээгдэхүүн зарж байгаа нөхдүүд үнээ бага зэрэг нэмж илүү ашиг олохыг бодно. Хүн бүр иймэрхүү байдлаар үнээ нэмээд ирэхээр эцсийн дүнд нь үнийн өсөлт буюу инфляци үүснэ. Авдаг бүх зүйлсийнх нь үнэ өсөхөөр манай хоёрын гутлаа зараад олдог мөнгө өмнөх хэрэглээгээ хангаж хүрэхээ байна. Ийм л орчин намайг халуун дотноор угтан авдаг юм шүү дээ.

Монголбанк 2000-2007 оны хооронд яг ийм байдлыг бий болгосон. Энэ хугацаанд нийт 7 жилийн турш танай улсад эргэлддэг мөнгийг тодорхойлдог мөнгөний нийлүүлэлт жилд дунджаар 38%, тэр дундаа зөвхөн 2007 онд гэхэд л 56 хувиар өссөн. Гэтэл энэ хооронд улсын бодит орлого буюу ДНБ хамгийн ихдээ л жилд 10.6 хувиар өсч байж. Ингээд 98 оноос хойш тогтонги байсан инфляци 2007 оний 8 сард 10 хувиас давж, 2008 оны 8 сард 33% болсон. Тухайн үед Монголбанкийг удирдаж байсан хүн эдийн засагт их мөнгө эргэлдэх тусмаа л сайн гэсэн буруу ойлголттой байсан нь тодорхой байдаг. Эдийн засагт тодорхой бодлогын илрэх хугацаа гэж байдаг. Ямар ч бодлогын үр дүн тэр дороо илрэхгүй, хэсэг хугацааны дараа мэдрэгдэж эхэлдэг. Ийм л хуулиар Монголбанкы хэдэн жил явуулсан буруу бодлогын үр ашиг хуримтлагдаж явсаар өнөөдөр намайг залж ирүүлж болохуйц хэмжээний болсон юм шүү.

Засгийн газар чинь яасан бэ?

Танай засгийн газрын зардал их хэмжээнийх, дээр нь танай орлого 200-2007 онд урьдынхаасаа нэмэгдсэн. Дээр нь Монголбанкны явуулсан буруу бодлогын үр дүнд татварын орлого хиймлээр нэмэгдэж Төр гэнэт баян болсон. Улстөрчид нэр хүндээ өсгөхийн тулд болж өгвөл төсвөөс мөнгө зарцуулж байх сонирхолтой. Энэ ганцхан танайд ч биш хаана ч тийм. Гэхдээ танайд хэрээс хэтэрч сонгогчдийн саналыг мөнгө амлаж авдаг болсон, элдэв хэрэггүй халамжууд маш ихээр нэмэгдсэн, үр ашиггүй төсвийн зардал бас нэмэгдсэн явдал нь бүр нэрмээс болсон юм шүү.

 
Засгийн газрийн зардал ихээр нэмэгдэнгүүт энэ нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх нь тодорхой. Өөрөөр хэлбэл Засгийн Газар зардлаа хэт өсгөөд танай гуталчин өрхийг ядууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнийг инфляцийн татвар гэдэг.
 
Хэрэв Төв Банк эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлээд байвал Засгийн Газрын зарцуулж болох мөнгөний хэмжээ томроод л байна гэсэн уг. Өөрөөр хэлбэл Засгийн Газар нь Төв Банкийг мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаас нь лоббидох сонирхолтой. Тийм ч учраас улс орнууд Төв Банкныхаа бие даасан байдлыг хангаж, улс төрөөс ангид байлгахийг хичээдэг. Төв банкны ерөнхийлөгчийг Парламентаас томилж, улс төрийн сонгуулиас илүү урт хугацаанд ажиллах эрх өгдөг. Америкийн Төв банкийг л гэхэд 1979-2006 оны хооронд 27 жилийн хугацаанд 2-хон хүн л удирдсан байдаг. Манайд ч иймэрхүү хуультай боловч бодит байдал дээрээ танай Монголбанк ерөнхий сайдын мэдлийн агентлагийн статустай нт надад маш их таалагдсан.

Долларын ханшийн өсөлт:
Хэдэн жил тогтвортой байсан долларын ханш 2000-2007 оны үед нэг нь л 1800 төгрөг хуртэл өслөө. Яагаад? Энэ бас л Монголбанкны мөнгөний нийлүүлэлт ихээр өссөнтэй холбоотой. Танай улсын банк санхүүгийн салбарт эргэлдэж байгаа нийт мөнгөний хэмжээ 2000 онд тухайн үеийн ханшаар 260 орчим сая доллар байсан. Харин энэ тоо 2007 онд 2.3 тэрбум доллар болж 8 дахин өссөн. Өөрөөр хэлбэл хэдхэн жилд Монголчууд доллараар хэмжвэл 8 дахин баян болчихсон. Гэтэл үнэхээр хийж бүтээсэн нь 8 дахин өссөн бил үү?
Зүгээр байж байгаад л шууд баяжчихаж болохгүй биз дээ. Тэгэхээр долларын ханш өсч байгаа явдал бол зах зээл цаанаас зохицуулж буцааж байранд нь тавьж байгаа юм.
 
Угтаа бол долларын ханш унах нь тэгтлээ айгаад байх зүйл биш.  Аливаа юм сайн, муу 2 талтай байдаг шиг энэ бас 2 талтай. Муу тал нь танайх шиг ихэнхи бараагаа импортоор авдаг улсад төгрөгийн ханш унах нь импортын барааг үнэтэй болгож инфляцийг улам нэмэгдүүлнэ. Сайн тал нь танайд үйлдвэрлээд гаргаж байгаа бутээгдэхүүний доллараар илэрхийлэгдэх үнийг хямдруулж танай экспортийн барааны өрсөлдөх чадварийг нэмэгдүүлнэ. Даанч танайд экспортлоод байх юм нэг их байхгүй юм. Их экспортлодог улсууд бол өөрсдийн валютийн ханшаа буулгахыг хичээж, тэднээс бараа импортлодог улсууд нь нөгөөдүүлээ ханшаа зохиомлоор буулгаад танай дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хямдхан болгочихлоо гэж хардаж байнга маргаан дэгдээдэг. АНУ, Хятад улсуудын хоорондын гол маргаануудын нэг нь энэ. Нөгөө талаас долларын ханш өссөнөөр гаднаас Монголд бараа оруулж ирж зарах нь ашиг багатай болно. Өөрөөр хэлбэл импорт буурна. Импорт буурч, экспорт өснө гэдэг нь дотоодийн үйлдвэрлэл хөгжинө гэсэн үг. Төгрөгийн ханш буурах нь алсдаа ийм эерэг нөлөөтөй.

Хэрвээ та нар зөв бодлого явуулсан бол намайг хөөгөөд явуулах боломж хамаагүй их байх байлаа. Танай Засгийн  Газар анхаасаа зардлаа ихээр нэмээгүй бол, алт зэсийн үнийн өсөлтөөс хураасан татвараа олигтойхон хадгалж байсан бол би өнөөдөр танай улсад ирж чадахгүй байлаа. Үнэндээ би танай улсыг надад ийм элэгсэг дотно хандна гэж бодоогүй. Ихэнх нь намайг үүдэн дээрээсээ хөөгөөд явуулдаг байсан. Танайх харин их элэгсэг дотно юм. Намайг урьсанд баярлалаа. Одоо би үүдэн дээр чинь байна. Орж болох уу?

Б. Болорсүх

2000-2007 оны хугацаанд нийт 7 жилийн турш Монгол улсад эргэлддэг мөнгөний нийлүүлэлт жилд дунджаар 38%, тэр дундаа зөвхөн 2007 онд гэхэд л 56 хувиар өссөн. Гэтэл энэ хооронд улсын бодит орлого буюу ДНБ хамгийн ихдээ л жилд 10.6 хувиар өсч байж. Ингээд 98 оноос хойш тогтонги байсан инфляци 2007 оний 8 сард 10 хувиас давж, 2008 оны 8 сард 33% болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж