Хонгконгийн жагсагчид санал асуулга явуулна

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Хонгконгийн жагсагчид санал асуулга явуулна

Хонгконгийн ардчилалын төлөө жагсагчид ирэх ням гаригт /Х.26/ санал асуулга явуулах болсноо мэдэгдлээ. Санал асуулгын үр дүнгээс шалтгаалж жагсаалаа үргэлжлүүлэх эсвэл Хонгконгийн удирдлагын хэлэлцээ хийх саналыг хүлээн авч эсэргүүцлээ зогсоохыг шийдэх гэнэ. Хонгконгод олон хоног үргэлжилж буй жагсаал, суултаас зарим дүүргийн үйл ажиллагаа тасалдаад байгаа юм.

 

 

Хонгконгийн жагсагчид удирдлагаа өөрсдөө сонгохын төлөө Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй юм. Харин Хятадын эрх баригчид ирэх 2017 оны Хонгконгийн захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн байр сууриндаа хатуу зогсож байна. Түүнчлэн Хонгконгийн Ерөнхийлөн захирагч Люн Чун Ин Бээжингийн эрх баригчид болзолоо яасан ч өөрчлөхгүй гэж мэдэгдсэн билээ.

 

Оюутан залуусын эхлүүлсэн ардчилалын төлөөх эсэргүүцлийн жагсаал олон хоног үргэлжилж байна. Гэхдээ жагсаал эхэлснээ бодвол оролцогчдын тоо багассан ч Хонгконгийн зарим дүүргийг хаасан хэвээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Хонгконгийн цагдаа нар болон жагсагчдын хооронд хоёр удаа мөргөлдөөн гарснаас 70 орчим хүн баривчлагдаж, олон хүн гэмтэж бэртжээ. Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж