Ж.Энхбаяр: УИХ баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: УИХ баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна

Шүүхийн төсөв, шүүгчдийн цалингийн асуудлаар чуулганы танхимд шуугиан дэгдэж, УИХ-ын дарга З.Энхболд, Ц.Нямдорж нарын зүгээс хачирхалтай байр суурь илэрхийлэгдсэн. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-аас баталсан Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн хүрээн дэх  шинэтгэлийн үйл явцын талаар та ямар үнэлэмжтэй байна вэ?

Шүүхийн тухай багц хуулийг УИХ баталсан. Гэхдээ хууль батлах бол нэг хэрэг. Хамгийн гол нь баталсан хуулиа хэрэгжүүлэх асуудал шүү дээ. Баталсан хуулиа биелүүлэх, түүнд хяналт тавих, улс тарийн асар их эрмэлзэлтэй байх ёстой. Ингэж байж л Монгол улсын шүүх засаглалын шинэчлэл чанарын шинэ шатанд ахих бололцоо бүрдэнэ.

Хууль тогтоох байгууллага баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй, түүнийг хэрэгжүүлсэн төрийн байгууллага руу дайрч, давшлах юм бол туйлын ноцтой асуудал. Үр дагавар нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, дархлаа, чадамжийн асуудалд сөрөг. Хэрэв шүүхийн төсав, санхүүг төр дааж, улс төр, эдийн засгийн баталгааг нь хангаж өгөхгүй бол шүүхийн шинэтгэл хэрэгжих  нь бүү хэл, урдахаасаа бүр дордох аюул нүүрлэнэ.

Тийм учраас шүүхийн шинэтгэлийг эрчймжүүлэхийн тулд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байддыг бүх талаар хангах нь бидний 24 жилийн өмнө сонгосон ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хамгаалах асуудал юм. Ялангуяа шүүн таслах ажиллагааг төрийн бусад засаглалаас ангид, УИХ, Засгийн газраас хөндлөнгийн нөлөөлөлгүй байлгахын тулд төсөв, улс төр, эдийн засгийн баталгааг нь бүрдүүлэх чин хүсэл эрмэлзэл байж гэмээнэ, шүүхийн шинэтгэл явагдана.

Харамсалтай нь өнөөдрийн бодит байдал дээр эрх баригчид өөрсдийнхөө эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн энэ гол ажилдаа чин хүсэл гаргахгүй байгаа нь тод харагдаж байна шүү дээ. Чанга хашгирч, сүр дуулиантай эхлүүлэнгүүтээ дутуу алсан могой шиг болгож байгааг хараад гайхаж байна.


– Чуулганы хуралдаан дээр шүүгчдийн цалин, хангамж яригдахад УИХ-ын дарга болон Ц.Нямдорж гишүүн энэ асуудлаар чанга дуугарлаа?

-Шүүх бол засаглал. Энэ бол улс төр биш. Дөрөв, дөрвөн жилээр солигддог, огцордог Засгийн газар биш. Нийгмийн гол тулгуур ойлголт,  Улс төрчид, эрх баригчид шүүх, хэвлэл мэдээлэл хоёрыг гарынхаа дор, өөрсдийнхөө аясаар, захиалгаар хөдөлгөх туйлын, сонирхолтой байдаг. Ажиллах орчин нь бүрдээгүй, төсөв санхүү нь тарчиг, төр нь оролцоотой байх гэсэн ийм нөхцөлд шударгаар ажилла гэж шүүхээс үр дүн шаардах нь ухаалаг бус.

Бусад салбарт ч гэсэн ийм байдал ажиглагдаж байгаа.Цалин бол нэг асуудал. Шүүгчид санхүүгийн хувьд хараат  бусбайж, шударга шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ. Тиймээс нэн тэргүүнд шүүх Засаглалынх нь үнэт зарчмыг хамгаалахын хувьд төсвийг нь хангалттай хуваарилж, шат шатны шүүхийн шүүгчдийн ажиллаж, амьдрах цалин хангамжийг нь зохих түвшинд шийдэж өгөх нь зүй ёсны асуудал.

Хоёрдугаарт, шүүгчдийн хуульд заагдсан үүрэг функцээ хэрэгжүүлэх ажлын байрны орчин, боломжийг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд л Шүүхийн захиргааны бие даасан байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заагдсан чиг үүргийнхээ дагуу бүх шатны шүүхийн төсвийг төлөвлөн УИХ-д шууд өргөн мэдүүлэх эрх нь хуулиар баталгаажсан шүү дээ. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн дагуу ажилласан гэж үзэж байна.

Улс төрийн бодлогын хэмжээнд эргэж бухсан асуудал гаргаж ирж байгаа нь маш бодлогогүй алхам боллоо. Шүүх эрх мэдэл гэдэг бие даасан  засаглалынх нь хувьд хэвийн, хариуцлагатай ажиллах төсөв, хөрөнгийг хэн нэгэн дарга нь ч юм уу, хувьдаа  хармааны мөнгөө авах гэж байгаа юм шиг жижиг харж болохгүй. Төрийн мөнгө захиран зарцуулах, түүнд хяналт тавих  аудитын дүгнэлт гаргах зэрэг хяналтын бүхэл бүтэн механизм ажилладаг нөхцөлд сул үгээр үгүйсгэх хандлага хэнд хэрэгтэйг ойлгохгүй байна.


-Та хөдөө орон нутгаар шүүхийн байгууллагын үйл ажиллагаа, ажиллаж байгаа бодит байдалтай танилцаад явж байсан уу?

-Өнөөдөр шүүх бие даан ажиллах баталгаа аль ч утгаараа бүрдэж чадаагүй л байгаа. Шүүхийн тухай багц хууль нь хэрэгжээд, шинэтгэлийн хүрээнд шүүгчид хараат бусаар ажиллах эхлэл нь дөнгөж тавигдаад явж байна.Цаашид шүүхийн бие даан ажиллах олон талын баталгаа улам бүр шаардагдана.Төр нь үүнийг эс хангаваас шүүхийн шинэтгэл дээр хэлсэн шиг дутуу алсан могой болно.


-Шүүхэд итгэх олон нийтийн итгэл гэж хүчтэй хяналт байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Төсөв нь хүрэлцээгүй шүүх, цалин багатай шүүгчийн үйл ажиллагаанаас улбаапаад шүүх, шүүх засаглалд итгэх ард түмний итгэл хүчтэй байж чадахгүй. Дор хаяж, шүүхээр орж ирж байгаа иргэдэд хандах харьцаа, ёс зүйн асуудал, цаашлаад шүүхэд хандах хүндэтгэл гээд олон зүйл яригдана. Иргэн шүүхэд хандана гэдэг итгэл хүндэтгэл төрүүлэхүйц, сүр хүчийг мэдрэх ёстой.Энэ бүгд бүрдэж байж, шүүх шударга ёсны баталгаа болно.


-Шүүгчдийн цалин хангамж ярихаар багш, эмч яах юм гээд барьцах хандлага цухалзаад байдаг?

-Ер нь төр оршин байгаагийн илэрхийлэл шүүх.Хүний нийгэмд амьдарч байгаа хэн ч гэм буруугаа гагцхүү шүүхийн өмнө очиж байж л шүүлгэдэг. Үнэн худал зөв буруугийн асуудал зөвхөн шүүх дээр л шийдэгдэнэ. Шүүх хүчтэй бол төр хүчтэй гэж ойлгож болно. Тэгж байж л нийгмийн дэг журам, шударга ёс хангагдана.

Шүүх бол "нийгмийг анагаах эмч", Шүүх дээр ажлын алдаа, эндэл гарлаа гэхэд нийгэм өвчлөөд эхэлнэ. Шүүх сүр хүчтэй, нэр хүндтэй, олон нийтийн итгэлийг хүлээх аваас тэнд нийгмийн үнэт зүйл баталгаажна. Хараат бус шүүхийн талаар бидний сонгосон ардчилсан төрийн гол суурь зарчмыг хамгаалж, дархлааг нь тогтоох тухай асуудал ярьж байхад багш, эмч гээд барьцуулаад л байвал бүтэхгүй.

Нийгмийн шударга ёсны манаанд зогсож байгаа шүүгчид сэтгэл хангалуун ажиллах ажил, амьдралын баталгаагаар хангагдаж, цалин урамшуулал нь бүрдсэн байх шаардлагатай.Энэ бол зөвхөн миний үзэл биш, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрөгдсөн гол суурь зарчим.

Шүүхийн шинэтгэл дөнгөж эхлэл төдий байна.Энэ үед нь дэмжихгүй түлхэж нураагаад байх зохисгүй.Чөлөөт хэвлэл мэдээлэл, хараат бус шүүх ажиллаж, олон намын тогтолцоо бүрдэж, сөрөг хүчин төрд хяналт тавьж байж ардчилал бүрэн утгаараа бэхжинэ.

Хэвлэл худалдагдаад, шүүх улс төрийн нөлөөнд автаад ирэхээр нийгмийн маань үнэт зүйл устана. Хамгийн ноцтой аюул нь энэ. Шүүх ямар байна, тэр нийгэм тийм л байна. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдрахад засаглал, төр утгаа алдана.24 жилийн өмнө хийсэн бидний тэр том ололт үгүй болно гэж би ойлгож байна.


-Шүүхдээ хандах хандлагаараа төр төлөвшлөө бас илтгэдэг гэгддэг шүү дээ?

-Ямар ч байсан УИХ өөрөө баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хангахын тулд шүүхийн төсвийг урд өмнөхөөс нь бууруулахгүйгээр, болж өгвөл нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалтыг баталж өгөх ёстой.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж