Ухаалаг утас уу, ухаалаг хүүхэд үү?

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Ухаалаг утас уу, ухаалаг хүүхэд үү?

Саяхан нэг танил маань хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суужээ. Тэгтэл эцэг эхийн хурал дээр багш нь хүүхдүүддээ ухаалаг утас худалдаж авч өгөхгүй байхыг тэднээс аминчлан хүсч гэнэ.

Хүүхдийнхээ эрх гэж ярихаас өмнө миний хүүхэд хэн болж хүмүүжиж байгаа, цахим орчноос хэт хамааралтай болчих вий гэдэгт өнөөдрөөс эхлэн санаа тавьцгаая.

Багшийн хүсэлтийг зэмлэх эцэг эх олон байсан ч олон хүмүүс учир байдлыг нь сонссоны дараа нээрээ ч тийм дээ хэмээн санал нэгдсэн гэнэ лээ. Багш ангийнхаа хүүхдүүдэд гэрийн даалгавар өгдөг аж. Самбар дээр бичсэн гэрийн даалгаврыг дэвтэртээ бичиж тэмдэглээд хийж ирэх үүрэг өгөнгүүт ангийнх нь хүүхдүүд багшаа холдож байгаарай хэмээн энд тэндээс утсаа гаргаж ирээд зургийг нь дарж авдаг аж. Маргааш нь тэднээс тун цөөхөн нь гэрийн даалгавар хийх ёстойгоо санадаг бөгөөд ихэнхи нь ухаалаг утасныхаа ачаар мартчихаад ирдэг гэнэ лээ. Энэ бол эхний жишээ.

Хоёрдугаарт, ухаалаг утастай болсноор хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзэл даруй нэг дахин буурсан. Хичээлийн цагаар WiFi, 3G-ээ ажиллуулан фэйсбүүкээр тэнэж, элдвийн садар, самуун бичлэг үзэх нь их. Фэйсбүүкийнх нь нэр ч бусдад хэлэхээс санаа зовнимоор. “Инээлдээ пи… минь”, “Чебрушка”, “12 дугаар ангийн сорууд” гэх мэтээр этгээд гаж нэр өгчихнө. Бичиж байгаа сэтгэгдэл, найзуудтайгаа хуваалцаж байгаа зүйлс нь бараг л бидний үеийнхэн ч ичиж эмээхээр этгээд гаж. Ихэвчлэн хичээл орж байдаг цагаар тэд элдвийн групп нээж марзганах, зургаа сельфидэж, нүцгэн шахуу зургаараа лайк цуглуулах гэж өрсөлдөнө.

Хайр дурлалын үгс фэйсбүүкээрээ дүүрэн бичиж, хамаг цагаа тэнд хэдэн лайк дарагдах бол гэдэгт зарцуулдаг гэвэл хэтийдсэн болохгүй. Энэ бол нийслэлийн бүх л дүүргийн сургуульд байдаг нийтлэг жишээ. Аргаа барсан сургуулийн багш ажилчид сургуулийн ойр орчимд үнэгүй интернетийн сүлжээ ажиллуулахгүй байх хүсэлтийг удаа дараа гаргасан ч нийслэлийн бүх дүүргийг холбох учиртай хэмээн тоож үзээгүй гэнэ лээ. Бүр зарим дунд сургууль ухаалаг утас сургууль дээрээ авчрахыг нь хориглох шийдвэр гаргасан аж.

Мөн ухаалаг утсыг нь хичээлд ороход нь хурааж аваад хичээлээс гарч ирэхэд нь өгдөг тусгай журам ч гаргаж ухаалаг утастай “тэмцэж” байгаа гэнэ. Ийм л хатуухан шийдвэр дүүрэг бүрт, аймаг нийслэлийн бүх сургуульд хэрэгтэй байна. Ингэлээ гээд хүүхдийн үзэж харах эрхэнд халдлаа хэмээн цэцэрхэх хүн ч олон гардаг сурагтай. Үнэндээ ингэж л тэмцэхгүй бол ирээдүй хойч маань хичээл бус хоосон цэцэрхэж, хэрэгтэй хэрэггүй мэдээллээр толгойгоо булуулж байна. Эцэг эх ар гэрийнхэнтэйгээ холбоо барих зүйл хэрэгтэй нь тодорхой. Сим хийгээд барьчихаж болох утас нь байвал болоод явчихна. Ядахдаа ахлах ангид орох хүртэл нь ухаалаг утаснаас татгалзах хэрэгтэй байна, эцэг эхчүүдээ.

Нийслэлийн Цагдаагийн газар, ТЕГ гээд хууль хүчний байгууллага удаа дараа сэрэмжлүүлэг гаргаж өсвөр насны хүүхдүүд садар самуунд уруу татагдаж, фэйсбүүк донтнуудын өгөөш болдог гэсэн айдас төрүүлэм анхааруулга санамжийг гаргаж байгаа. Гэтэл энэ бүхэн эцэг эхчүүдийн чихэнд хүрдэг эсэх нь эргэлзээтэй. Төрсөн үрийнхээ хаана юу хийж явааг хянаж чадахгүй юм гэхэд, цахим орчинд хүчирхийлэлд өртөж, бусдын өгөөш болох вий гэдгээс эцэг эхчүүд та бид л өөрсдөө хамгаалах учиртай юм.

Энэ толгойн өвчин нийслэлээс гадна 21 аймаг, 360 гаруй суманд тэр чигтээ халдварлаж байна. Тиймээс ухаалаг утас уу, ухаалаг хүүхэд үү гэдэг сонголтыг та л өөрөө хийх болох нь. Хичээлийн цагаар зөвхөн хичээлдээ анхаардаг. Орой үдэш гэртээ ухаалаг утсаа ашиглах боломж ч бас бий. Ингэж зохицуулаад явж байгаа эцэг эхчүүд олон байгаа учраас тэднээс суралцахсан. Хүүхдийнхээ эрх гэж ярихаас өмнө миний хүүхэд хэн болж хүмүүжиж байгаа, цахим орчноос хэт хамааралтай болчих вий гэдэгт өнөөдрөөс эхлэн санаа тавьцгаая.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж