ТЕГ-ын дарга Т.Батмагнай Оюутолгойн асуудлаар ам нээв

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

ТЕГ-ын дарга Т.Батмагнай Оюутолгойн асуудлаар ам нээв

Татварын ерөнхий газраас “Оюутолгой”-д ногдуулсан 130 сая ам.долларын актыг тус газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 30 сая ам.доллар болгож бууруулсан. Татварын актыг ямар үндэслэлээр ингэж бууруулсныг УИХ-ын гишүүн С.Ганбаатар асууж, ТЕГ-ын дарга Т.Батмагнай болон бусад албаны хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт өгчихөөд байгаа. Тэгвэл энэ асуудалд тайлбар өгөхөөс татгалзаж байсан тус газрын дарга Т.Батмагнай өнөөдөр хэвлэлд ярилцлага өгсөн байна.

“Тэрбээр  татварын актыг 100 сая ам.доллараар бууруулсан шалтгааныг “Оюутолгой” татварын тайлангаар тайлагнасан алдагдал нь хяналтын байцаагчийн тооцооллоор буурсан. Шалгалтын хугацаанд татвар төлөгч хангалттай хэмжээгээр баримт материалаа гаргаж өгөөгүй. Оюутолгой БНХАУ-ын Бээжин хотоос хоёр чингэлэг орчуулагдаагүй санхүүгийн баримт ирүүлсэн. Ийм тохиолдолд татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийх нь хүндэрдэг. Хэрвээ татвар төлөгч баримтаа бүрэн өгөхгүй бол өгсөн баримтад нь үндэслээд бусад өгөөгүйг нь жишиг акт үйлдэх эрх хяналтын байцаагчид бий. Энэ мэтчилэн баримтаа бүрэн гаргаж өгөөгүйгээс зарим зөрчлийг жишгээр тооцож акт тавьсан. Маргаан таслах зөвлөлд хандах, зөвлөл нь гомдлыг шийдвэрлэх процесс ойролцоогоор гурван сар үргэлжилсэн. Энэ хугацаанд татвар төлөгч гомдлын үндэслэлээ нотлох баримтуудаа гүйцэд танилцуулсан” хэмээн тайлбарласан байна.

Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэсэг зуур хэвлэлд яриа тайлбар өгөхгүй байсан ч анх удаа ийн ам нээсэн бөгөөд тэрбээр “Ганбаатар гишүүн намайг АТГ-т шалгуулна гэснийг дэмжиж байгаа. Шалгуулахад асуудалгүй. Оюутолгойн татвартай холбоотой бүх материалыг УИХ-ын гишүүн С.Ганбаатарт өгсөн” гэжээ.

Т.Батмагнайгийн өгсөн албан ёсны ярилцлагад Оюутолгойд тавьсан актыг 100 сая ам.доллараар бууруулсан шалтгааныг тодорхой, ойлгомжтойгоор тайлбарлаагүй нь гайхал төрүүллээ. Эгэл жирийн хүн ч уншаад ойлгохоор тайлбар үгүйлэгдсээр л байна шүү.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж