Царигаар маргах сүүлийн өдрүүд

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Царигаар маргах сүүлийн өдрүүд

Чуулганы танхимд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэж байхтай зэрэгцэн жиргээчид улстөржиж, цариг, чиглэлийн талаар маргаан өрнүүлсээр. 

Ямартаа ч хэдэн жилийн турш үргэлжилсэн улс төрийн маргаан өндөрлөх тийш хандаж, төсөл эцсийн байдлаар чуулганд орж ирэхдээ Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт -Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь – Эрдэнэт, Тавантолгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барихаар төлөвлөжээ.

Гэвч бас болоогүй замын дундаас Сайншанд-Ханги, Гашуун-сухайт-Шивээхүрмэн гэх чиглэлийг “хавчуулчихсан” байсныг өчигдөр буцааж, “сугалах”-аар шийдэж буй бололтой.

Дээрх чиглэл, маршрутын ихэнх гол зангилаа нь 1435 мм буюу нарийн царигаар тавигдахаар болсон нь УИХ-ын гишүүн, идэвхтэй жиргээч Х.Баттулга нарт тийм ч таатай таалагдсангүй. Тэрээр энэ талаар “За ингээд УИХ-аар баялагаа түүхийгээр гаргах нарийн царигаар шийдэхээр орлоо доо. Тун харамсалтай байна” хэмээн жиргэжээ.

 

Ийнхүү царигийн талаарх жиргээ энэ долоо хоногийн туршид үргэлжиллээ. Магадгүй энэ сэдвээр жиргэж маргалдах боломжтой сүүлийн өдрүүд болоод ч тэр үү, ойрд харагдаагүй, чимээгүй байсан нөхөд өчигдөр тун идэвхитэй шуугисныг онцлоё.

Жишээлбэл……,

-Сайншанд-Ханги, Гашуун-сухайт- Шивээхүрмэн гэсэн нарийн царигийн төмөр замыг УИХ энэ удаа арай гэж буцаав. Мөнгө тусгаар тогтнолыг сүйтгэхнэ.

-Цариг шүүмжлэгсэд яагаад өөртөө тийм их итгэлтэй байгааг л ойлгохгүй юм. Тэгж их тархиа угаалгаа юу? Ирээдүйг хардаг уу? Гео ЭЗ болохоор уу?

-Улсынхаа ундэсний аюулгуй байдлыг бодвол нарийн цариг хэрэггуй. Эдийн Засгаа бодвол нарийн цариг хэрэгтэй… Алиныг нь сонгох вэ?

-Өргөн нарийн нь хамаа алга, нүүрсээ л зарах ёстой гэдгийг бүгд ойлгож байгаа. Австралид манай хэд шиг цариг ярьсан хүмүүсгүй сайхан юм.

-Сангийн сайдгүй байж төсөв хэлэлцэж, Зам тээврийн сайдгүй байж төмөр зам хэлэлцэж байхаар нэг мөсөн УИХ-аа огцруулчихаад дараа нь хууль батлавал яадаг юм?

-Газрын зураг дээр харвал дандаа мухар төмөр зам үлдэхээр хараг­даж байна. Яг Баянтүмэнгийн мухар төмөр зам шиг. Торгоны биш Нүүрсний зам.

Өргөн, нарийн нь хамаагүй Төмөр зам баригдаад ажил болчихвол эдийн засаг сэргэнэ. Додоодын ААН-үүд хөл дээрээ босох үүд хаалга нээгдэнэ.

-Нарийн нь байна уу, өргөн нь байна уу хамаагүй гол нь хурдан төмөр замтай л болъё яршиг зүгээр…

-Одоо боль. Хойшоо өргөн, урагшаа нарийн гээд аль аль хөрштэй нийцсэн, бодитой шийдэл яригдаж байна.…. гэхчлэн жиргэжээ.

Төмөр замын бодлогын асуудал, энэ тухай яриа үргэлжилсээр. Бодвол өнөөдөр ч үргэлжлэх нь тодорхой. Яагаад гэвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэх эхний асуудал нь төмөр зам байгаа билээ.

Цахим Болжмор

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж