Мөнгөний бодлого босго давлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлого босго давлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд 2015 оны мөнгөний бодлогыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн олонхийн саналаар дэмжсэн байна.

Гишүүд ерөнхийдөө мөнгөний бодлогыг УИХ-аар батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа ч хямралын үед дорвитой бодлого, валютын ханш болоод инфляцийн өсөлтийг хязгаарлахад шууд нөлөөлөхүйц бодлого нэхэж байв.

Тухайлбал, гишүүн С.Баярцогт “2008, 2009 оны хямралд маш олон янзын арга хэмжээ авсан.  2012 онд Монголбанкны хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд нөхцөл байдал харин ч гайгүй гарсан. Гэвч энэ бодлогоо үргэлжлүүлвэл илүү хор хөнөөлтэй. Монголбанк бие даасан бодлого явуулах учиртай. Энэ төсөв нь жирийн эдийн засагтай үеийн мөнгөний бодлого байна. Иймд онцгой арга хэмжээ авах үүргийг Монголбанкинд өгмөөр байна. Сангийн бодлого бол залхуу хүн л байна. 2017 он болоход Монголын санхүү тун хүнд байдалд орох нь. Төсвийн хэлэлцүүлэг маш хүндрэлтэй явна. Гуравны хоёроор батлагдах заалтууд яах юм бол, мэдэхгүй байна” гэв.

Мөн Х.Болорчулуун гишүүн “Мөнгөний бодлогыг дэмжихгүй байна. Маш их худал тоонууд орж ирж байна. Дандаа нэг оронтой тоонд барина гэж оруулж ирдэг, гэтэл дандаа л хоёр оронтой тоонд явж байна” хэмээн шүүмжилсэн бөгөөд араас нь гишүүн Ц.Нямдорж Сангийн сайд байсан хүн нэг үнэнийг хэллээ. Ирэх жил байдал улам хүндэрнэ. Энэ үнэн гэсэн юм.

Хуралдааны төгсгөл гишүүн Х.Баттулгын шүүмжээр өндөрлөсөн бөгөөд “Тойрч ярьсаар байгаад л баталдаг. Тэгэх л байх. Өнөөдөр бид үйлдвэрлээд, гаргадаг бүтээгдэхүүн гэж алга. Хилийн ойрхон байгаа Тавантолгойн нүүрс, 70-аад оны үед баригдсан Эрдэнэтийн түүхий эдээ л гаргаж байна. Өөр ямар эдийн засаг байгаа юм бэ. Бидний гаргаж байгаа бүх зүйл ганзагаар гаргаж байна. Гадагш нь транзитаар гаргана гэж байна. Гэтэл гаргах бүтээгдэхүүн нь юу байгаа юм бэ. Бид дөрвийн дөрвөн жил болгон иргэдээ хуурч, олонх цөөнх болж тоглосоор л явж байна. Ядаж арван сая арьс гаргадаг болчихьё л доо” хэмээсэн юм.

Ийнхүү Төмөр замын бодлого, мөнгөний бодлогоор “амьсгалсан” өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Маргаашийн чуулган дахин төмөр замын бодлогоор үргэлжлэх болно.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж