Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай

Дэлхийн олон улс оронд хүн амыг аюулгүй ундны усаар хангах асуудал чухлаар тавигдаж байна. ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд Азийн таван оронд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд усыг бохирдуулах хүчин зүйлсийг тогтоож, эрсдэлийг үнэлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Манай оронд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2011 оноос эхлэн ус хангамжийн тогтолцоонд усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар, Дорноговь аймгийн “Чандмань илч” ХХК-ийг загвар болгон түшиглэж ирсэн бөгөөд одоогоор Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймагт төслийг эхлүүлээд байна.

Энэ ажлын хүрээнд аймаг, нийслэл болон төвлөрсөн ус хангамжийн тогтолцоотой сумын төвийн ус хангагч байгууллагад усны аюулгүй байдлын төлөвлөгөөг нэвтрүүлэх зорилгоор “Монгол Ус” ТӨҮГ, МХЕГ, ЭМЯ-ны мэргэжилтнүүд хамтран “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах заавар”-ыг боловсруулан Эрүүл мэндийн болон Барилга хот байгуулалтын сайд хамтран батлахаар зөвшилцөөд байна.

Ус хангагч байгууллага өөрийн бүтэц, үйл ажиллагаа, техникийн нөөц, бололцоо, орон нутгийн онцлогт тааруулан “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г боловсруулах, ямар үзүүлэлтүүдийг төлөвлөгөөнд зайлшгүй оруулах шаардлагатайг энэхүү зааварт тусгаж өгчээ. Мөн зааварт “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г хэн удирдан зохион байгуулах, хэдэн хүнтэй баг байх, хяналт, шинжилгээг хэрхэн хийх, тайлан мэдээг хаана хүргэх, мэдээлэх талаар нарийн тусгасан байна.

Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх үйл явц нь салбар дундын хамтын ажиллагаа шаардсан багаар хийгддэг ажил тул төслийг орон нутагт өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангах үүднээс багийн бүрэлдэхүүнийг чадавхижуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригт “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг орон нутагт өргөжүүлэх, Ус сувгийн удирдах газрын туршлагыг судлах” үндэсний хэмжээний сургалтыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж