“Инфляци 20 хувь гарчихсан байх байлаа”

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

“Инфляци 20 хувь гарчихсан байх байлаа”

УИХ-ын чуулган хуралдаанаар ирэх оны мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэлэлцсээр байна. Сөрөг хүчний гишүүдээс шүүмж өрнөж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хариулт өгсөөр. Я.Содбаатар гишүүн “Монгол Улсын гадаад өр яг хэд юм бэ. Ямар аргачлалаараа тооцоод өөр өөр дүн гардаг юм бэ. Монголбанкны гаргаж байгаа тоо гучин хэдтэй, олон улсын байгууллагын гаргасан тоо жаран хэдтэй байгаа нь ямар учиртай юм” гэв. Мөн А.Тлейхан “Бид жилийн жилд мөнгөний бодлогыг баталдаг.  2014 онд баталсан мөнгөний бодлого маань огт хэрэгжсэнгүй. Инфляцийг найман хувьд байлгана гэсэн арав гараад л явсан.  Шинэ Засгийн газрын гавъяа нь Оюутолгойн амыг барьсантай холбоотой. Хөрөнгө оруулалтыг найм дахин бууруулсан. Гадаад худалдааны алдагдал ч ихэссэн. Тавантолгойгоос нэг тонн нүүрсийг 78 ам.доллараар өгч байна гэж шүүмжлээд байсан хүмүүс өнөөдөр 40 ам.доллар ч хүрэхгүй үнээр зарж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн чинь үр дүнд ам долларын ханш өссөн” гэв. Энэ мэт шүүмжлэлд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хариулахдаа  “Гол нь ханшны нөлөөтэй инфляцийг зохицуулж чадвал бидэнд боломж бий. Үнэ тогтворжуулах хөтөлбөр байгаагүй бол өдийд инфляци 20 гарчихсан,  190 мянгаад хүн ажилгүйдэлд орчихсон, эдийн засгийн үзүүлэлтүүд 0 дээрээ тулчихсан байх байлаа. Ханшаа бариад байсан бол нөөц маань дуусчихсан байхаар байв. Ханш тогтвортой байгаад л байвал сайхан гэж бодож байгаа бол эндүүрэл. Өрийн хэмжээг гаргах аргачлал нь өөр өөр, ойрын хугацааны зээл зэргийг оруулж тооцох, үгүй гэдгээс ялгаатай тоо гарч байгаа” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Сөрөг хүчнийхэн ч хийдгээ л хийж байх шиг байна. Монголбанк энэ хүнд хэцүү нөхцөлд боломжийн хэмжээнд ажиллаж л байгаа гэж бодож байна. Гэхдээ хэлэх зүйл байна. Найман хувийн хүүтэй зээлээ идэвхтэйгээр үргэлжлүүлмээр байна ” гэсэн юм. УИХ-ын чуулганы хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж