Бүх хүмүүсийг 500 төгрөгөөр тээвэрлэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Бүх хүмүүсийг 500 төгрөгөөр тээвэрлэнэ гэв

Нийслэлийн нийтийн тээврийн салбарынхан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүх хүнийг 500 төгрөгөөр зорчуулахаа мэдэгдлээ. Учир нь  нийтийн тээврийн компаниудад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагч, оюутан, цагдаагийн албан хаагчдын унааны зардлын нөхөн олговрыг олгодог ч хүрэлцээтэй байдаггүйн дээр ирэх онд нөхөн олговрыг 30 хувиар бууруулахаар болсон нь ийн шийдэхэд хүргэсэн гэнэ.

Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны зүгээс  “2015 онд 83705 ахмад настанд 26,2 тэрбум, 33934 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10,6 тэрбум, 113000 оюутанд 36,0 тэрбум бүгд 72,8 тэрбум төгрөгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам унааны зардлын нөхөн олговорт төсөвлөж Сангийн яаманд хүргүүлээд байгаа” хэмээн мэдэгдлээ.  Гэвч төр, засгийн зүгээс 52 тэрбум төгрөг болгон шилжүүлж байгааг тээвэрчид эсэргүүцлээ. Хэвлэлийн хурлын үеэр “Тэнүүн-Огоо” компанийн захирал  А.Ганхуяг “Тээвэрчдэд өгдөг нөхөн олговорыг авахаа болиод бид автобусанд суусан бүх иргэдээс төлбөр авч зорчдог болгоё. Бидэнд өгдөг тэр нөхөн олговроо үнэгүй зорчдог иргэддээ тарааж өгвөл  тээвэрлэлт шударга болно" хэмээн ярилаа.

Д.Цээл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж