Монголбанк инфляцийг барина гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Монголбанк инфляцийг барина гэв

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар ирэх оны мөнгөний бодлогын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын  тайлбарыг сонсч, гишүүд асуулт асууж, санал шүүмж хэлж байна. Монголбанкны зүгээс өнгөрсөн онд эдийн засгийн огцом уналтаас сэргийлэхийн тулд  Үнэ тогтворжуулах  хөтөлбөр, +-8 хувийн хүүтэй орон сууцны зээл  зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнгээ өгснийг онцоллоо. Моргейжийн зээлд 1.5 их наяд төгрөгийг зарцуулснаар  хүн амын дундаж давхаргыг дэмжихээс гадна барилгын салбарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон аж. Орон сууцны  хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжсэнээр сардаа 30 тэрбумын зээл эргэн төлөгддөг болсон нь сайн үр дүн гэсэн юм. Санхүү, эдийн засгийн ил тод байдал, нийгмийн даатгалын  төлөлт зэргийг нэмэгдүүлдэг сайн талтай талаар дурдсан. Иргэд, бизнес эрхлэгчдийн хамгийн  их хүлээж байгаа валютын өсөлт ирэх онд ямар байх вэ гэх асуултыг гишүүд тавьж байсан.  Энэ асуултад Золжаргал  Энэ асуултад Золжаргал “Валютын нөөц нэмэгдэхгүй бол  мөнгөний хатуу бодлого барих сонголт ирэх  байх. Өнгөрсөн жил бидэнд ханшаа өсгөх үү, бодлогын хүүгээ нэмэгдүүлэх үү гэдэг сонголт ирсэн. Бодлогын хүүгээ нэмэхээр бидэнд 3 тэрбум долларын шок ирэх байсан. Энэ нь ДНБ-ний 10 хувийг эзэлнэ. Энэ нь 180 мянган хүн ажилгүй болох, дотоодын үйлдвэрлэл тэр чигээрээ зогсох,  экспортын хэмжээ огцом буурахаар байсан.  Тиймээс хоёр дахь сонголтыг хийсэн. Ханшийг барих бодлогын хүрээнд  хувийн секторууд боломжийг сайн ашигласан, тодорхой үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа. Ирэх онд аль ч тохиолдолд иргэдэд ирэх ачааллыг буюу хэрэглээний үнийн индексийг 7 хувиас хэтрүүлэхгүй байх бодлогыг баримтлахаар оруулж ирлээ” гэсэн юм.  Долоон хувийн зааг тогтоосон нь эдийн засгаа агшаах бус тогтвортой, жигд байлгахад чиглэсэн гэдгийг онцолсон юм.

Эдийн засгийн энэ үеийг даван туулахад гадаад өрийн цогц бодлого явуулах хэрэгтэй гэж  Монголбанк үзэж байна. Гишүүдийн  ихээхэн сонирхсон асуулт бол  валютын цэвэр  нөөц, валютын  нөөцийн хэмжээ байлаа. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал  “Валютын цэвэр нөөц улсын нууцад хамаарах учраас мэдээлэх боломжгүй. Харин валютын нөөц 1.5 миллиард доллар байгаа” гэх хариулт өглөө. Монголбанкнаас  бодлогыг жилээр төлөвлөхөд хүнд байдаг тухай дурдсан. Тодруулбал Монгол Улсын эдийн засаг уул уурхайн  салбараас хэт их хамааралтай, хуримтлал бага зэрэг нь өнөөгийн нөхцөл байдалд хүрэхэд нөлөөлсөн байна.  Уул уурхай өндөр хөгжсөн бусад оронтой харьцуулахад манай улсын эдийн засаг  уул уурхайгаас 3-4 дахин илүү хамааралтай байгаа аж. Нэг ёсондоо Монгол Улс “Голланд өвчин” гэгчид нэрвэгдсэн болохыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж