Пара жүдочид багаараа алт, хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Пара жүдочид багаараа алт, хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн пара наадмын тав дахь өдөр буюу өнөөдөр/10.23/ жүдо бөхийн багийн төрөл болж, эмэгтэй баг түрүүлж, эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй жүдочид Иранд 2:3 онооны харьцаагаар хожигдсон ч Тайландын багийг 5:0-оор буулган авч, хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэй баг Тайландыг 2:1, БНХАУ-ын жүдочдыг 3:0 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө Энэтхэгийн багийг 3:0-оор ялж, Азийн пара наадмын алтан медалийг хүртлээ.

Монгол Улсын баг одоогоор жүдо бөх, буудлага, хөнгөнатлетик төрлүүдээс 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл, нийт 11 медаль хүртээд байна.

Тодруулбал жүдо бөхийн эмэгтэй баг, эмэгтэйчүүдийн 78 кг-д Н.Алтанцэцэг АЛТ, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү МӨНГӨ, эрэгтэй баг, 66 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг, 70 кг-д Б.Хашцэцэг, буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар, бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 ангилалд Г.Цогтгэрэл нар ХҮРЭЛ  медаль хүртээд байна.

Энэхүү наадмаас хамгийн олон медалийг хүртэхдээ хоёр алтан медалийг авсан жүдо бөхийн шигшээ багийг Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа нар дасгалжуулж байна. Мөн тэмцээний эхний өдөр буюу аравдугаар сарын 19-нд хүрэл медаль хүртсэн буудагч З.Ганбаатар “Рио-2016” паралимпийн эрхийг Монголын тамирчдаас хамгийн түрүүнд аваад байна.

Дашрамд дурдахад “Гуанжоу-2010” Азийн анхдугаар наадамд манай пара жүдо бөх, хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж байсан бол "Инчён-2014"-т энэхүү амжилтыг эвдээд байна.

“Инчён-2014” паралимпийн Азийн зуны спортын II наадам маргааш өндөрлөнө.

З.Ганбаатар дасгалжуулагч ОУХМ Б.Ганцоожийн хамт.

Зураг дээр: зүүн гар талд эрэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медаль хүртсэн Б.Ууганхүү.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж