Рио Тинто Засгийн газрын маргаан дуусаагүй

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Рио Тинто Засгийн газрын маргаан дуусаагүй

Рио Тинто Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак  өчигдөр “The Australian”-д өгсөн ярилцлагадаа Оюутолгой төслийн хувь заяа Монголын Засгийн газрын гарт буйг онцолжээ.

Хөрөнгө оруулагчдын нэрлэж буйгаар Монгол дахь гадаадын том хөрөнгө оруулалт болох Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт Рио Тинто групп болон Монголын Засгийн газар хоорондын татварын маргаан, төслийн хэтэрсэн зардал зэрэг асуудлаас болж 18 сар гаруй гацаж байгаа билээ. Рио Тинто өнгөрсөн сард Монголын Засгийн газартай татварын асуудлыг шийдсэн боловч хоёр талын нэрлэснээр хувь эзэмшигчдийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

Рио Тинто Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болох 4.2 тэрбум ам.долларын зээл авахаар олон улсын 15 банкинд хүсэлт гаргасан юм. 4.2 тэрбум ам.долларын зээлийн хүсэлтийн хугацаа дууссан ч хоёр удаа сунгаж, эцсийн хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31 гэж товложээ. Гэвч Рио Тинто одоогоор зээлийн хүсэлтээ дахин сунгах гэж яарахгүй байгаа аж. Жан Себастиан Жак энэ талаар "Бид зээлийн хүсэлтээ дахин сунгахаар яарахгүй. Учир нь бид Монголын Засгийн газрын дараагийн алхмыг хүлээж байна. Монгол улсын ирэх 30, 40 жилийн ДНБ-ийн тухай асуудал яригдаж байгаа болохоор Засгийн газарт хугацаа хэрэгтэйг ойлгож байна. Уг төсөл хөгжиж буй энэ улсад асар их зүйл авчрах учраас бид тэвчээртэй хүлээсээр ирсэн. Гэхдээ үүрд хүлээхгүй гэж найдаж байна. Бид нөхцөл байдлыг бүрэн ойлгож байгаа. Одоо тэдний хувьд хүссэнээ хийх л үлдсэн. Бүх зүйл Засгийн газраас шалтгаална.” хэмээн “The Australian”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Орчуулсан Н.ЭНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж