Эболагаас эдгэрсэн хүнд батламж олгож байна

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Эболагаас эдгэрсэн хүнд батламж олгож байна

 

Эбола вирусын халдварт “дарлуулсан” Сьерра-Леоне улсад аймшигт тахлаар хүмүүс олноороо нас барж байгаа ч эдгэрч эсэн мэнд мултрагсад бас байна. Сьерра-Леонед 45 хүн аймшигт тахлаас эсэн мэнд аврагдаж, өчигдөр /Х.22/ Эбола вирусын халдваргүйг баталсан батламжийг гарджээ.

 

Үүнтэй зэрэгцэн Сьерра-Леонийн Коно дүүрэгт оршин суугчид цагдаа нартай мөргөлдсөн хэрэг гарчээ. Оршин суугчид 90 гарсан настанаас цусны дээж авахыг эсэргүүцэн, Эбола вирусын эсрэг тэмцэж буй эрүүл мэндийн ажилчдын эсрэг жагссан аж. Саваа, хутгаар зэвсэглэсэн оршин суугчид цагдаа нартай мөргөлдсөнөөс хотод шөнийн хөл хорио тогтоожээ.

 

Эбола вирусын халдвараар 9900 орчим хүн өвчилж, 4800 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм. Баруун Африкийн Гвиней улсад гарсан Эбола вирусын өвчлөл хөрш Сьерра-Леоне, Либери, Нигери, Сенегал улсуудад тархсан юм. Үүнээс Нигери, Сенегал улсууд Эбола вирусээс ангижирсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага баталжээ. Эбола вирусын халдварын шинэ тохиолдол сүүлийн 42 хоногт илрэхгүй бол тахлаас ангижирсан гэж үздэг аж. Халдварын голомт Баруун Африкт Эбола вирусын халдвараар 400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан нас барсан юм. Өдгөө Эбола вирусээс эдгэрсэн хүмүүсийн цусны ийлдсээр эмчлэх арга үр дүн сайтай байгаа бөгөөд туршилтын вакцин хийх ажил дэвшилттэй байна.

 

Гвинейн алс бөглүү тосгоны нэг гэр бүл сарьсан багваахайг гүйцэт болголгүй  шарж идсэнээс Эбола вирусын халдвар авснаар тархалт эхэлсэн юм. Эбола вирусын халдвар тээгч амьтдын дунд жимсний сарьсан багваахай багтдаг аж.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж