Тариаланчдын орлого нэмэгдэж, буудайн чанар буурав

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Тариаланчдын орлого нэмэгдэж, буудайн чанар буурав

Төрд үзүүлсэн шахалт

Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй “Энэ онд манай тариаланчид идэвх зүтгэлтэй ажиллаж 400 гаруй мянган тонн улаан буудай хураан авах нөхцөл бүрдсэн. Харамсалтай нь Засгийн газар ОХУ-аас эхний ээлжинд 10 мянган тонн улаанбуудай импортоор оруулж ирэх зөвшөөрөл олголоо. Үүнтэй уялдаад гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдын улаанбуудайг худалдан авах үйл ажиллагаагаа хойшлуулж зогсоохоор болоод байгаа нь тариаланчдын сэтгэлийг түгшээж байна. Ийм байдлаас болоод манай тариаланчдын буудайн борлуулалтын үйл ажиллагаа зогсож, үтрэм дээр маш их буудай нөөцлөгдөж, цаашид хадгалахад хүндрэлтэй нөхцөл бүрдэж, ирэх жилээс улаанбуудай тарьж, эх орныхоо гурилын хэрэгцээг хангах асуудал эргэлзээтэй болж байна” гэж мэдэгдсэн.

Үүгээрээ тэрээр төрийг шахаанд оруулж, өөрсдийн үр тариагаа өндөр үнэтэй борлуулах санаархлаа илэрхийлсэн байдаг. Тэр  санаандаа ч хүрч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны гаргасан импортын улаанбуудайн квотыг цуцлуулж чадсан. Ч.Пэрэнлэй ерөнхийлөгчийн хэлсэн 400 мянган тонн буудай үнэхээр байгаа юу. Гурил үйлдвэрлэгчид үнэхээр үндэсний улаанбуудай нь сайн чанартай байхад чанар муутай хямдхан орос улаан буудай оруулж ирэх гээд байна уу. Үтрэм дээр олон зуун тонн улаан буудай хадгалах газаргүй салхинд хийсч байгаа нь үнэн үү?

Үүнд хариулт хайя.

 

Үтрэм дээр овоорсон буудайг олж үзсэнгүй

Бидний зорьсон газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ аймаг. Дотоодын нийт хэрэглээний улаанбуудайн 55 хувийг дангаар бэлтгэдэг энэ аймгийн чиг хандлага ямар байгаагаас улсын хэмжээний дүр зургийг харж болох юм.

ҮХААЯ-ны гаргасан мэдээгээр 2014 оны аравдугаар сарын 08-ны өдрийн ургац хураалтын мэдээгээр Сэлэнгэ аймгийн 16 сумын хэмжээнд 189 мянга 163.1 тонн улаан буудай хурааж үүнээс 167 мянга 558 тонн улаанбуудайг зарж борлуулахаар тооцолсон баримт байна. Харин борлуулсан буюу зарсан гэсэн ангилалд байгаа улаанбуудайн тоо хэмжээ 47162 тонн, үтрэм дээр зарагдаагүй улаанбуудай 120 мянга 396 тонн байгаа гэж албан мэдээлэлд дурджээ.

Энэ мэдээллийг авсан өдрийн маргааш нь буюу 2014 оны аравдугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумдаар явж, аж ахуйн нэгжүүдийн үтрэм дээр борлогдоогүй байгаа улаан буудайн хэмжээг газар дээрээс нь тодруулсан юм.

“Буман хангай” ХХК-ийн захирал Б.Батсайхан, “Халиун уул” ХХК-ны захирал Г.Бямбаа, “Шимт бүрэн” ХХК-ийн захирал Д.Батжаргал, “Өнөр булагтай” ХХК-ийн үтрэмийн эрхлэгч Ж.Эрдэнэбат, “Одон буудай” ХХК-ийн захирал И.Донжжалам, “Баян-Ундраа” ХХК-ийн захирал Ё.Сарантуяа зэрэг тариаланчидтай уулзаж ярилцахад бодит байдал дээр улаанбуудайн хэмжээ ҮХААЯ-ныхны өгч байгаа мэдээллээс зөрүүтэй байсан юм.

Харин албаныхан тариаланчдын энэ яриаг үгүйсгэсэн. Аравдугаар сарын 09-ний өдрийн байдлаар л гэхэд үтрэм дээр зарж борлуулах улаанбуудай бараг байхгүй, тэр тусмаа албаныхны хэлж байгаа шиг 120 гаруй мянган тонн улаанбуудай бүр ч байхгүй гэдгийг тариаланчид хэлсээр байхад албаны эрхмүүд байгаа гэж мэдэгдсээр… Үтрэмээр дүүрэн буудай байна гэж ярьсаар л байлаа.

Дарга нар болон тариаланчдын мэдээлэл зөрж байгааг тоон баримтаар баталгаажуулан харвал аравдугаар сарын 08-ны өдрийн байдлаар 47162 тонн улаанбуудай борлуулагдаж, борлуулах буудай 120396 тонн байсан бол аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 53244 тонн улаанбуудай борлуулагдсан, харин 121900 тонн буудай борлуулагдаагүй үтрэм дээр байна гэсэн албан мэдээ байна

Зарагдсан барааны тоо хэмжээ нэмэгдэхэд зарагдаагүй барааны тоо хэмжээ багасах учиртайг дөрвөн аргын тоо мэддэг хэн ч мэднэ бас ойлгоно. Гэтэл зарагдсан тоо ч нэмэгдээд зарагдаагүй тоо хэмжээ ч нэмэгдээд байгаа нь эргэлзээтэй. Үтрэмээр дүүрэн улаанбуудай байхад гурилын үйлдвэрүүд авахгүй байна гэж орон нутгийн удирдлага, холбогдох албаныхан мөн тариаланчдын эрх ашгийг хамгаалах зорилготой холбоод хэлж байхад тариаланчид зараад борлуулаад дууссан. Гэрээгээ хийчихсэн. Одоо зарах буудай байхгүй гэж хэлээд байгаа нь талуудын яриа хол зөрж байгааг илтгэж байна.

 

Тариаланчид 25 тэрбумыг халаасална

Үүний цаана тариаланчид гэсэн нэг нэрийн дор нийт тариаланчид биш хэсэг тариаланчид албаныханы хамтын ямар нэг эрх ашиг байгаа юм биз гэсэн хардлага ч эрхгүй төрж байлаа. Уг нь төрөөс дэмжлэг авч байгаа газар тариалангийн салбарынхан гурван сая орчим иргэнийхээ хүнсний найдвартай хэрэглээ, чанарт мөн л санаа зовох учиртай. Гэтэл тэд хэт ашгийн төлөө олон нийтийн эрх ашгийг хойш нь тавиад байна уу гэх таамаг ч гарч байна.

Газар тариалангийн салбар сүүлийн хэдэн жил төрийн тасралтгүй дэмжлэгийн дор өнөөдрийн түвшинд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд төрөөс газар тариалангийн салбарт олгосон мөнгөн урамшууллыг харвал анх 2007 онд 65 мянган тонн улаанбуудайнд тонн тутамд 60 мянган төгрөгөөр тооцон 3 тэрбум 948 сая төгрөг олгож байж. Харин өнөө жил 250 мянган тонн улаанбуудайнд тонн тутамд 100 мянган төгрөгөөр тооцон төсвөөс 25 тэрбум 295,5 сая төгрөгийг тариаланчдад татвар төлөгчдийн халааснаас авч өгч байгаа баримтыг байна. Нэгэнт татвар төлөгчдөөс дэмжлэг авч байгаа бол татвар төлөгч иргэдийг бодолцох нь зүй. Гэтэл тариаланчид нэг тонн улаанбуудайн өөрийн өртгөөс хэт давсан ашиг хараад байна. Өөрөөр хэлбэл тэд бүгдийг зоосны нүхээр хараад байна уу гэсэн хардлага эрхгүй төрнө.

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, шинжлэх ухааны доктор, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн Шаравын Гунгаадорж уг нь тариаланчдыг байнга өмөөрч хамгаалан дуугардаг, энэ салбарт элэгтэй нэгэн. Харин тэрээр өнөөгийн тариаланчдын авир зан арай л хэтрээд байна уу даа гэсэн дүгнэлтийг өгч байна. Тэрээр тариаланчдын эдийн засгийн үр өгөөжийг нь ч тооцоолсон байна.

Ш.Гунгаадорж гуайн хэлж байгаагаар төр хэтэрхий сул, мэргэжлийн бус хүмүүс салбарын удирдах ажлыг хийж байгаа нь хяналтыг сулруулж, салбарын удирдлагууд өөрөөр хэлбэл төр тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн аманд унадаг болсон гэж шүүмжилж байна. Энэ жишиг ч газар тариалангийн салбарт байгааг тэрээр онцолсон. 

 

Гурилын үнэ ба чанар

Сурвалжлагын өмнөх хэсгээс албаныхны гарт цаасан дээр байгаа улаанбуудай үтрэм дээр байхгүй, тариаланч гэх нэрийн дор хэсэг нөхдийн хэт эрх ашгийн төлөө улайрал энэ салбарыг үймээнд оруулаад байгааг та анзаарсан байх. Дарга нарын гарт цаасан дээр л байгаа гэж бичигдсэн улаанбуудай байхгүй нь нэгэнт тодорхой болсон учраас гурил үйлдвэрлэгчид ард иргэдээ чанартай гурилаар найдвартай хангах үүргийнхээ хүрээнд импортын улаанбуудай оруулж ирэх хэрэгцээ гарна. Хэрэв импортын улаанбуудайг оруулж ирэхгүй гэвэл хуучин түүх ч сөхөгдөж мэднэ.

Хамгийн чанар муутай, бас хямд улаанбуудайг ОХУ-аас оруулж ирж гурил үйлдвэрлэн хэт ашиг олох гэлээ гэсэн тариаланчдын шүүмжлэл гурил үйлдвэрлэгч нарыг гонсойлгосон. Учир нь гурил үйлдвэрлэгч нар дотоодын улаанбуудайг худалдан аваад түүндээ чанаржуулагч буудай нэмж байж гурил үйлдвэрлэдэг тухай тайлбарладаг юм билээ. Сайн гурил хийхийн тулд улаанбуудайн цавуулаг өндөр байх учиртай. Манай стандартаар бол 22 хувийн цавуулагтай байвал улаан шугам давсанд тооцно. Гэтэл тариаланчид технологийн алдаа гаргасан, цаг агаар муу байсан, ургац хураалтыг оройтуулсан, хэд хэдэн сорт хольж тарьсан гэх шалтгаануудаар улаанбуудайн чанар муу буюу стандарт 22 хувиас бага байдгийг гурил үйлдвэрлэгч нар хэлдэг. Үүний баталгаа нь өнгөрсөн жилийн сар шинээр монголчууд буузаа хийх гэж аргаа барж байсан билээ. Үнэндээ муу гурил үйлдвэрлэсэн байна гэж гурилын үйлдвэрүүдийг л зэмлэж, нэр хүндэд нь халдсан болохоос муу улаанбуудай тарьж түүнийгээ дотоодын тариаланчдын буудай гэдгээр хүчээр шахуу гурил үйлдвэрлэгч нарт зардаг тариаланчдыг хэн ч зэмлээгүй. Уг нь бол энэ хоёр салбар амь нэгтэй байж ард иргэдээ чанартай, боломжийн үнэтэй гурилаар найдвартай хангах учиртай.

Тарилангийн бүс нутгаар сурвалжлага хийж явахад тариаланч бүр өөр өөр байр суурьтай. Импортын улаанбуудайг огт оруулж ирэхгүй гэдэг нь болохгүй л дээ. Зохих хэмжээг л тогтоох хэрэгтэй, тариаланчдаа ч гурил үйлдвэрлэгчдээ ч иргэдээ ч бас бодолцох хэрэгтэй гэх хүн байхад тариаланчид зах зээлийн жишгээр улаанбуудайгаа зармаар байна.  Ашиг хайвал улаанбуудай биш рапс таримаар байна. Бид өсөж дэвжмээр байна. Хүмүүс гурил авах уу эсвэл утсандаа нэгж авах уу гэвэл нэгжээ л сонгодог нийгэм болсон. Гурил бол тийм ч чухал хүнс биш гэх нэгэн ч байна. Харин хүн амын маань бага биш хувь нь орлого багатай, ядуу байгаа өнөөгийн нөхцөлд хоёр талхаар өдрийн уртыг өл залган өнгөрөөж байгаа өрхүүд цөөн биш. Захын хорооллуудад бүтэн талх ч авч чадахгүй таллаад авч байгааг иргэд хэлж ярьсаар байгаа. Монголчуудын хүнснээс гурил хасагдах хараахан болоогүй. Гэтэл улаанбуудайн үнийг чөлөөлвөл гурилын үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Гурилын үнэ нэмэгдвэл гурилан бүтээгдэхүүн түүн дундаа талхны үнэ нэмэгдэнэ. Талхны үнэ нэмэгдвэл тал талхаар өл залгаж байгаа иргэдийн  тоо ч нэмэгдэх нь гарцаагүй. Монголчууд бид хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоохоор 20 гаруй жил зүтгэж байгаа. Гэтэл дан ганц зах зээлийн хууль нэрийн дор ард иргэд яах нь хамаагүй газар тариалангийн салбарынхан л өсөж дэвшиж байвал болоо гэх нь бидний хүссэн нийгэм мөн гэж үү. Бодмоор…

Өөрсдийнх нь бараа буюу улаанбуудайн үнэ нь уначихна гэхдээ импортын  улаанбуудайн квотыг төрөөр хаалгаж чадсан тариаланчид ирэх жил ямар шахалт төрд үзүүлэхийг таашгүй. Үүний цаана өдөр бүр гурилан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа ард иргэд л хохирно. Гэтэл тариаланчдыг дэмжиж ард иргэд нь татвараасаа энэ жил л гэхэд 25 тэрбум хэдэн зуун сая төгрөгийг урамшуулал болгон өгч байгаа.

Үтрэм дээр улаанбуудай хог болж байна гэвэл үгүй. Хураасан улаанбуудай 100 хувь чанар сайтай юу гэвэл мөн л л үгүй. Чанаржуулагч улаанбуудай оруулж ирье гэхээр бас л үгүй гэнэ. Эцэст нь энэ бүх үгүйн үр дүнг талх үгүй ард иргэд л нуруундаа үүрэх вий гэсэн болгоомжлол дагаж байна. Ирэх сар шинээр чанаргүй муу гурилаар бууз хийлээ гэвэл төрийг бас тариаланчийг хэн ч буруутгахгүй. Харин гурил үйлдвэрлэгч л хамаг байдаг муу муухайгаараа дуудуулна. Дотоодын гурилын үйлдвэр гарын 10 хуруунд багтах хэмжээнд байгаа бол тариаланчид 300 давсан. Тэд хүний  олноор түрж улс орны бодлогыг чиглүүлээд байгаа юм биш биз гэсэн эмзэглэл төрснийг нуух аргагүй ээ…

Ө.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж