Их Говийн тэмээний баяр, зөвлөгөөн болно | News.MN

Их Говийн тэмээний баяр, зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Их Говийн тэмээний баяр, зөвлөгөөн болно

-Говь-Алтай аймагт Их Говийн тэмээний баяр, зөвлөгөөн болно-

Монгол Улсад дэлхийн тэмээний хоёр хувь, хос бөхт тэмээний 30 хувь байдаг ажээ. Тэмээн сүргийг алдаршуулахын тулд жил бүр Их Говийн тэмээний баяр зохиодог уламжлалтай билээ. Энэ жилийн тэмээний баяр Говь-Алтай аймагт болох ажээ. Их говийн тэмээний баяр, тэмээчдийн их наадмыг ес дэх удаагаа зохион байгуулах талаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл өглөө. Тэмээний баяр арваннэгдүгээр сарын 16, 17-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд ес дэхь удаагаа болох юм.

Тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид, тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочид, жуулчдын сонирхлыг Говь-Алтай аймгийн тэмээнд суурилсан аялал жуулчлалд татах зорилготой энэхүү баяр Алтайн тэмээчдийн оролцож заншсан, хүсэн хүлээдэг баяр болоод удаж буй. “Их говийн тэмээний баяр”-ыг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан зохион байгуулснаас хойш уламжлал болон тогтсон бөгөөд энэ жил Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам хамтрахаар болжээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас энэ арга хэмжээний үеэр Тэмээчдийн зөвөлгөөнийг хийж,  тэмээн сүргийн тоо толгойг өсгөх чиглэлд төрөөс явуулж буй бодлого, чиглэлийн талаар хэлэлцэж, тэмээчдийнхээ санал бодлыг сонсох юм байна.

Хүндэтгэлийн тэмээн жагсаалаар эхэлдэг Их говийн тэмээний баярын хүрээнд хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн буухиа тэмцээн болж, сайхан тэмээтэй ганган хос болон үржлийн шилмэл ингэ буур шалгаруулдаг уламжлалтай.  Түүнчлэн тэмээний шилдэг сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэглэл шалгаруулах үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалыг багтаасан урлагийн тэмцээн болох ажээ. Уралдаан тэмцээн тус бүрийн шалгаруулалтаас гадна шилдэг зохион байгуулалттай оролцсон эхний таван сумыг шалгаруулан шагнадаг. Мөн тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин баялаг туршлага хуримтлуулсан Шилдгийн шилдэг нэг тэмээчнийг хүндэт өргөмжлөл, 10 лангийн Мөнгөн буйл, шилдэг хоёр тэмээчнийг хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах ажээ.

Тэмээн сүргийн талаар нэмэлт мэдээлэл сонирхуулахад, манай улс 1954 онд хамгийн их буюу нийт 893,0 мянган тэмээтэй байсан бол 2013 оны эцэст нийт 321,5 мянган тэмээ буюу нийт малын 0,7 хувийг эзлэх болтлоо буурсан байна. Улсын хэмжээн дэх мал аж ахуйн бүтээгдэхүүний 3,7 хувь, сүүний 0,4-0,5 хувь, ноосны 17 хувь , махны 2.8-3 хувь, экспортын бүтээгдэхүүний 5.6 хувийг тэмээний аж ахуйгаас нийлүүлдэг байна.  Тэмээ нь Монгол улсын газар нутгийн 42 хувийг эзлэн тархан нутагшсан бөгөөд хосломол ашиг шимтэй, нэг тэмээнээс амьдралын туршид нь 300-480  кг ноос, 7000-8000 литр сүү, 10-11 ботго авахаас гадна жин тээвэрт хэрэглэн 180-200 кг ачаа ачих ба тэргэнд хөллөх ба 250-300кг ачаа тээвэрлэх ба уналгад хэрэглэх зэрэг олон талаар ашигладаг, үр ашиг сайтай мал юм. 

Сүүлийн жилүүдэд Монгол тэмээний тоо толгой ихээр хоргодсон учраас тэмээний зүй бус хорогдлыг эрс багасгаж, нөхөн үйлдвэрлэлийн чадамжийг бүрэн ашиглах нь туйлын бэрхшээлтэй асуудал болсон гэдгийг албаныхан онцлов. Мэргэжилтнүүдийн судалгаанаас үзэхэд тэмээн сүргийн зүй бус хоргодолд ботго, торомны хорогдол зонхилдог байна.  Зөвхөн Өмнөговь аймагт сүүлийн арван жилд оны эхний нийт тэмээний 4.8 хувь нь зүй бусаар хорогдсоны дотор торомны хорогдол 23.2 хувийг эзэлсэн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн. Тухайн жилд гаргасан ботгоны 8.5-10.6 хувь нь  бойжилтын эхэн буюу нялх үедээ хорогджээ.

Тиймээс тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэхэд “Их говийн тэмээний баяр”, тэмээчдийн их наадам их ач холбогдолтой гэж салбарынхан үзэж байна.

У.БОЛОР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2014-10-23 202.179.10.74

Ene bayrt MAN iin gishuun temeenuud oroltsoh uchir aimgiig udirdaj baigaa AN iin darga nar oroltsoj bolohgui ene yeer aimagt MAN s zohion baiguulah buh ajiliig baiguullaga deeree ybuulsan darga nariig ajlaas chine halna gesen uureg ugugdsun gene lee 2016 ond AN suragch ugui boloh ehlelee tavij baina daa ene dashpuntsag nar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж