Төмөрлөг эриний золгүй үхэлд бид өөрсдөө л буруутай

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Төмөрлөг эриний золгүй үхэлд бид өөрсдөө л буруутай

Авто тээврийн ослоор амиа алдагсадын талаарх статистикийг сонсох бүртээ хүн бүр дуу алддаг. Өчигдөр ч мөн л тэгэв. Аравдугаар сарын 22-ныг Замын цагдаагийн газраас Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх өдөр болгон тэмдэглэсэн нь автын ослын статистикт цочирдох шалтгаан болов. Гэхдээ юу өөрчлөгдөнө гэж… Аль хэдэн жилийн өмнөөс л дуу алдацгааж, бараг тэр хэрээр авто тээврийн ослын тоо нэмэгдэж, шууд хамааралтайгаар алтан амиа алдагсдын тоо өссөөр иржээ. Ямар шалтгааны улмаас зам тээврийн осол гардаг, хор хохирол нь ямар их вэ гэдгийг олон нийтэд, тэр дундаа  автомашинтай жолооч нарт мэдрүүлэхийг зорьсон нь өчигдрийн үйл ажиллагааны зорилго байв. Зорилго бага боловч биелсэн. Жишээ нь, сэтгэл хиртхийм тоо, тэргэнцэр дээр  суусан настайвтар хүний барьсан “Бусдыг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг” гэх бичиг сэлт эрхгүй үүнийг бичихэд хүргэв. Яагаад ч юм зам тээврийн осол, аваарыг “төмөрлөг эриний гамшиг”, золгүй ослоор өөд бологсдыг “төмөрлөг эриний золгүй” хүмүүс гэж нэрлэмээр санагдах.

Агаарт нисч яваа, аюул осол тохиолдоход тулах түших ямар нэгэн барьцгүй онгоцны тухай энд яриагүй. Газраар явдаг,гай учрахад тэрхэн зуурт зогсчихож болох машины тухай  билээ.

Энэ оны эхний есөн сард зам тээврийн ослоор 368 хүн нас баржээ. 368-ыг есөн сарын 270 орчим хоногт хуваагаад үз дээ. Өдөр тутам нэг, заримдаа хоёр хүн төмөрлөг эриний золгүй үхлээр хорвоог орхиж байна. Сүүлийн хэдэн жилийн дунджаар  жил бүр 500 орчим хүн автын ослоор амиа алдаж байгаа статистик гарчээ.

2012 онд 541, 2013 онд 423, энэ оны есөн сард  368 хүн автын ослоор амиа алджээ. Энэ оны үлдсэн гурван сард 500 дөхөх биз ээ гэвэл муу ёрлосон болохгүй байх.

Учир нь нөхцөл байдал ийм л байна. Жилээс жилд автомашин нэмэгдэхийн хэрээр авто ослын тоо нэмэгдэж байгааг анзаараарай.

Өнгөрсөн онд зам тээврийн ослын  улмаас амиа алдсан 423 хүн гэх тоо нь 2012 оныхоос 14.6 хувиар өссөн дүн мэдээ аж. Энэ оны есөн сарын тоо мөн л өмнөх оноос 37.3 хувиар өссөн дүн гарчээ. АНУ-ын Иракт хийсэн 10 жилийн дайнд амь үрэгдсэн цэргийн тоог жил, сар, өдөрт нь харьцуулахад өдөрт дунджаар нэг цэрэг амь үрэгдэж байсан гэх судалгаа байдаг аж. Дайны талбар шиг Монгол гурван сая хүрэхгүй хүнээсээ жил бүр 500-г нь цаг бусын үхлээр үхүүлж байна.

Машин тэргийг хүн жолоодож явдаг, хурдтай явж байгаа машин тэрэгний урдуур хойгуур хүн л явдаг. Түүнээс бус өөрөө өнхөрч очоод хүний амь бүрэлгэчихдэг тохиолдол магадгүй саяд нэг байж мэдэх юм. Тиймээс хүнээс шалтгаалах хүчин зүйл хамгийн гол шалтгаан гэдэг хэнд ч ойлгомжтой хэрэг  билээ.

Машин, техник олширч, мөнөөх төмөрлөг эрин ид шидээ гайхуулахын хэрээр хүнээс шалтгаалах зүйл ялангуяа авто тээврийн аюулгүй байдалд бүр ч их хамаатай болох аж.

Харамсалтай нь хүн техниктээ найддаг уу, аз эздээ итгэдэг үү, эс бөгөөс монгол хүмүүс тэгтэл хэнэггүй, хэдэр, соёлгүй, адгуус мал шиг болгоомж сэрэмжгүй болчихсон хэрэг үү. Замын хөдөлгөөний дүрэм биелүүлдэг газар хууль хэрэгждэг гэх үг байдаг юм билээ. Манайд гэхдээ хууль нь хэрэгжихгүй байгаагаас дүрэм хэрэгжихгүй байна уу, эсвэл эсрэгээр үү.

“Жолооч нараа, замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё” гэх Замын цагдаагийн газрын уриа зүгээр л машины хурдны салхин дунд замхарч оддог нь нууц биш ээ.

Ингэхэд  замын хөдөлгөөний соёл гэж юу вэ. Ердөө л дүрэм зөрчихгүй явах юм. Дүрэм зөрчихгүйн тулд омголон зангаа дарж, тайван хүлээцтэй, нарийн зам дээрээ хэрхэн багталцахаа бодож тунгааж явах ёстой ажээ. Явган зорчигчид гэж яая даа гэмээр хэнэггүй хүмүүс нийслэлд бол хамгийн эрсдэлтэйд тооцогдох болжээ.

Тоо баримтаас харвал нийслэлд гардаг авто ослоор нас барагсдын олонхи нь явган зорчигчид байдаг аж. Одоо өвлийн хальтиргаа, гулгаатай цаг эхлэнгүүт зам тээврийн осол эрс нэмэгддэг гэж өнгөрсөн жилийн өдийгөөс хойхно Замын цагдаагийн газраас анхааруулж байжээ.

Өвөл дөнгөж эхэлсэн нэг амралтын өдөр Нийслэлийн замын цагдаагийн газарт зам тээврийн осол гэмтлийн 770 дуудлага ирснээс 651 нь хоёр машин хоорондоо мөргөлдсөн дуудлага байсан гэнэ.

Шалтгаан нь цас мөстэй замаар зуны дугуйтай зорчиж байсан гэх. Бид ийм хэнэггүй хүмүүс юм. Нийт автомашины 80 орчим хувь нь долоогоос дээш жил ашиглагдсан байгаль, экологи, хөдөлгөөний аюулгүй байдлын стандартад нийцдэггүй, хуучин автомашинууд гэх ч зам тээврийн ослын гол шалтгаан хүн өөрөө юм.

2015 онд улсын хэмжээнд 560,0 мянга орчим машинтай болно гэсэн тооцоолол байна. Энэ хэрээр осол нэмэгдэнэ гэж бодохоор хуучин автомашины импортыг бүр хориглочихмоор ч юм шиг.

Гэхдээ автомашин унаж эдлэх нь хүний эрхийн асуудал. Тиймээс өөрсдөө л соёлтой, ухамсартай, үүргээ биелүүлбэл өөрийг болон өрөөлийг хохироохгүй билээ.

Монгол хамгийн амгалан орон гэх ч өөр зуураа бид хамгийн түгшүүртэй нөхцөл байдлыг үүсгэсээр байна.

Төмөрлөг эриний золгүй үхэлд бид өөрсдөө л буруутай.

Г.ГАРИГ

Эх сурвалж: http://gereg.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж