“Ц.Мөнхбаяр нарыг Ерөнхийлөгч өршөөнө гэдэгт итгэж байна”

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

“Ц.Мөнхбаяр нарыг Ерөнхийлөгч өршөөнө гэдэгт итгэж байна”

“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Ганболд, удирдах зөвлөлийн гишүүн, зохицуулагч Я.Цэрэнханд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд гурван шатны шүүхээс долоон жилийн ял сонсоод байгаа холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болон “Урт нэртэй” буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Ганболд “УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтанд ”Урт нэртэй хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл орсон байна. Бид өнгөрсөн оны есдүгээр сард энэ хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэн, үүнийхээ төлөө хэд хэдэн хүн ял сонсож, шоронд суугаад байгаа. Гэтэл жилийн дараа дахиад л энэ хуулийг өөрчлөх тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна.

“Гал Үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг хорьсноор бидний тэмцлийг таслан зогсооно гэж байхгүй. Бид эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө, гол усныхаа төлөө цаашид тэмцсээр байх болно. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр улаанаараа эргээд байсан Орхон гол одоо тунгалаг сайхан устай болоод байгаа. Нутгийн малчид энэ хуулийн ач тусыг мэдэрч, дэмжиж байна. Харин Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт лизенц эзэмшиж буй хэдхэн хүний эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас тэд энэ хуулийг өөрчлөх гэж лобби хийж байна шүү дээ.
Энэ хуулийг хэвээр хадгалж үлдснээр бид 6000 гаруй гол, 4000 гаруй нуураа авч үлдэх боломж бүрдэх юм.

Эх орныхоо байгаль, бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарын хүмүүст Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлж, ”Урт нэртэй хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхэд хориг тавина гэдэгт итгэж байгаа” хэмээн мэдэгдлээ.

Харин “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий удирдах зөвлөлийн гишүүн, зохицуулагч Я.Цэрэнханд “Ц.Мөнхбаяртай хамт Төрийн тусгай хамгаалалттай газарт галт зэвсэг хэрэглэсэн хэргээр 6 жилийг ял авсан Г.Болдбаатарын биеийн байдал муу байгаа. Хорихын эмнэлэгт ирээд бараг 14 хонож байна. Бид Хүний эрхийн үндэсний комисс, ШШГЕГ-ын тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Нямгомбо нарт өвчний улмаас ялаас чөлөөлж өгөх хүсэлт тавьсан байгаа. Г.Болдбаатар нь ялаас чөлөөлөх өвчний жагсаалтанд багтсан чихрийн шижин, зүрхний хэм алдалт гэсэн хоёр өвчтэй. Тиймээс энэ хүний эрхийг хамгаалах асуудлыг анхааралдаа аваасай гэж хүсэж байна” гэлээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж