Бизнес, улс төр, урлаг, спорт гээд гарын арван хуруу шиг олон салбарт хувирч чаддаг Ц.Ганхүү гэх энэ эрхэмд “Шар айраг”-ийн, Иргэний зориг намын, “Irish”-ын, “Үүргэвчтэй аялал”-ын, уулын гээд овоглох олон нэр бий. Гэхдээ тэр яалт ч байхгүй Монголын рок поп урлагийн хөгжлийн төлөө өөрийнх нь хэлснээр морь нохой мэт зүтгэж яваа уран бүтээлч юм. “Харанга”-ын Лхагваатай амьд хөгжмийн наадмыг хөтөлсөн Ц.Ганхүү энэ тоглолтын гол баатрыг хамгийн сайн мэдэх буюу хазайхад нь түшиж, халтирахад нь тулж явсан нөхдийнх нь нэг гэхэд хилс болохгүй. Хөтлөгчийн хувьд давуу эрхээ ашиглан хөлбөмбөг яриад амжсан тэрбээр “Өмнөд Африкт очоод ирлээ. Хүн төрөлхтөн ерөөсөө хөгжим, хөлбөмбөг гэсэн хоёрхон “хэл”-ээр л төгс ойлголцдог юм байна” хэмээн аяны богцоо задлаад амжсан. Харамсалтай нь, Английн шигшээ багийн үнэнч хөгжөөн дэмжигч болох Ц.Ганхүүг хар тивийг зорих тэр өдрүүдэд хөгжөөн дэмждэг баг нь Германчуудад бут ниргүүлж, мань хүн сэтгэл жаахан гонсгор яваа гэсэн шүү. Ингэхэд түүний үсний засалт рок попын гэхээсээ хэн нэгэн хөлбөмбөгчинтэй адилхан болчихсон ч юм уу…Хэн байж болох вэ?
Б.Энх