Хотонтын “бага нэгдэл” Б.Лхагважир

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Хотонтын “бага нэгдэл” Б.Лхагважир

Намрын айраг чимчигнээд сайхан гэж жигтэйхэн. Ялангуяа айраг адуугаараа алдартай Архангай аймгийн Хотонт сумын айраг бүр ч сайхан.  Энэ л нутагт бид мянгат малчин, адуучин Б.Лхагважирынхаар буулаа.  Гэрийн эзэн, эзэгтэй нар  монгол хүний зочломтгой сайхан зангаар угтав. Гэрийн гадаа хонь мал нь багширч, уяан дээр морьд үүрсэнэ. Б.Лхагважир гэхээр Хотонтод танихгүй хүн үгүй. “Бага нэгдэл” хэмээн хочлох нь ч бий.   Нэгдлийн үед тэрээр яг л нэгдэл шиг малчдад цалингийн нь өгч малаа хүртэл маллуулж явсан түүхтэй. Энэ түүнд “бага нэгдэл” гэх хочийг зүүлгэсэн хэрэг.   Тэрээр 1972 оноос хойш мал маллаж байна. Малаа нэг удаа 2000 хүргээд алдаж байсан удаатай гэнэ. 2009-2010 оны хооронд Хотонтод их зуд болж, эрдэнэт  сүрэг нь нэлээд хорогджээ. Гэсэн ч Б.Лхагважир гуай шантарч, гуньж суугаагүй нь одоогийнх нь амжилтаас харж болохоор байлаа. Тэрээр “Мал дагавал ам тосдоно гэдэг үнэхээр үнэн үг юм. Хэдэн малынхаа хүчинд сайхан л амьдарч байна. Таван хүүхэд маань бүгд эрдмийн мөр хөөлөө. Тэднийгээ их сургууль сургаж, заримыг нь ч гадаадад хүртэл сургаад амжсан. Малын буян их юм даа” хэмээнэ.  

Түүний малч ухааныг нутгийнхан нь магтана ярина.  Зүгээр нэг  ч суухгүй өөр газар оронд явсан гэлээ малтай холбоотой бүхнийг сонирхон сонжиж явдаг гэнэ.  Хамгийн сүүлд гэхэд Сэлэнгэ аймгаас бух авчиран малынхаа чанар,  тоо толгойд анхаарах болжээ. Мөн Сүхбаатар аймгаас азарга авчирч хурдан удам төрүүлэхээр нэлээд зүтгэжээ.   Малч ухааны талаар тэр ”Ер нь мал гэдэг тоондоо биш юм билээ. Хамгийн чухал нь чанар юм. Би тооны хойноос хөөцөлдөн зөндөө алдаж байлаа.  Малын зах дагаад чамгүй олон жилийг ардаа үдсэн ч одоо суралцах янзтай болж байна шүү дээ” гэв.   Б.Лхагважир гуай мал маллахын зэрэгцээ нэгэн зүйлийг арай илүү хайрлан дээдэлж ирсэн нь адуу.  Аргамаг хүлэгтэй хүчийг үзэн тулалдаж, дийлж дийлдэж явсан үе түүний залуу насанд бий. Морь сургах, морь уях, морин дэл дээр давхих нэг хэсэгтэй л түүнд аз жаргалыг хайрлаж байсан гэдэг.  Түүний тэр сэтгэл одоо ч унтраагүй байна.

 Гэхдээ эрийг нас уулыг цас даржээ.  Тэрээр “Хүсэл байвч чадал хүрэхээ болилоо. Гэхдээ адуутай холбоотой бүх л зүйл миний сонирхлыг татдаг. Надад Халхад байхгүй эмээл хүртэл бий” гэнэ.  Тэдний хоймортоо залсан эмээлийн талаар орж ирсэн цагаасаа асуумаар санагдаад байсан. Гэтэл ийм учиртай эмээл байжээ. Тэрээр 1980-аад оны үед энэхүү эмээлээ Өвөрхангайгаас авч байжээ. Тухайн үедээ 10 мянган төгрөгөөр худалдан авсан байна. Тэр үеийн арван мянган төгрөг одоогийн бараг 10 сая төгрөгтэй тэнцэх байх гэж бодлоо.  Нээрээ ч тийм гэнэ. Гэхдээ Б.Лхагважир гуай үнэ ярилцах дургүй байгаа бололтой, зарна гэж нэг ч дуугарсангүй.  Ер нь тэрээр хуучны эдлэлд их дуртай юм байна. Мөнгөн аяга, бүс, хөөрөг, мөнгөн хазаар гээд тэднийд олон харагдана. Дөрвөн хүчтэнтэй  мөнгөн бүс ч ховорт тооцогддог тухай хуучилж байна.  Бас нэгэн сонирхолтой хазаар байна. Түүнийг Хөвсгөл аймгийн мундан лам хүнээс авч байж. Тэрээр “Дээр үед морь, эмээл хазаар ярьдаг байсан бол одооны залуус машин тэрэг л ярьдаг болжээ. Юм гэдэг цаг үеэрээ л байх юм даа” хэмээв.Тэр морь их уяж, сум, аймагтаа олон айраг түрүү авч байжээ.  Мөн унаганы ногтыг хоёр минутад зангиддаг гэж байна. Ногт, чөдөр, хазаар гээд одоо үед мартагдах шахсан эд хэрэглэлийн талаар телевизийнхэн тэднийхээс нэг удаа нэвтрүүлэг бэлтгэжээ. Эхнэр нь дээс томж, өөрөө ногт чөдөр зангидаад гэрийн эзэд ч хийж чаддаг зүйлсийнхээ талаар сайхан нэвтрүүлэг хийж өгөөд явуулжээ. 

Тэднийх таван хүүхэдтэй хэл уран зохиолын багш, инженер, нягтлан эдийн засагч гээд бүгд  мэргэжил эзэмшжээ. Мөн Малайз, Солонгос, АНУ-д хүртэл хүүхдүүдээ сургаад амжсан байна. Үүнийгээ гэрийн эзэд хэдэн малын минь ч ач буян хэмээн үзнэ. Нээрээ ч тийм бололтой. Хүссэн хүн бүхэн гадаад сурч чаддаггүй, хөдөлбөл хөлс гэдэг нийгэм болсон шүү дээ.  Б.Лхагважир “Хүүхдүүд хотод ир л гэх юм. Чадахгүй ээ л гэдэг. Уг нь очиход амар гээд бид Модны хоёрт байр авсан юм. Гэсэн ч тэр газар чинь байж чадахааргүй л юм шиг санагдаад болдоггүй юм” хэмээв.  Тэдний хүүхдүүд бүгд эрдмийн мөр хөөсөн ч гэлээ зээ хүү нь малд их дуртай байгаа гэнэ. Тиймээс түүнийгээ мал дагуулах гэж өвөө нь дотроо бодно. Гэхдээ бас одоогийн нийгэмд сургууль соёлын мөр хөөлгөсөн дээр  юм уу ч гэж эргэлзэнэ. Сүүлдээ за хувь тавилангаараа л болно биз дээ гэж боддог болсон гэнэ.

Түүний эхнэр Эрдэнэбилэг сүү цагаан идээ сайхан авдагаараа нутагтаа зартай. Төрөл бүрийн ааруул, сүүн хурууд хийж байна. Тамирын брэнд болсон сүүн хуруудыг тэднийх гэртээ л хийчихдэг юм байна.  Гэрийн эзэгтэй бидэнд сайхан ааруул хийдэг нууцаа жаахан ч гэсэн дэлгэлээ. Тэрээр “Сүүн хуруудыг түүхий сүүгээ шүүгээд ээдүүлээд шахаад гал дээр хуурна. Тэгээд өтгөн болохоор нь элсэн чихэртэй холиод л тавина даа. Тослогтой тусмаа сайн байдаг юм” хэмээв.  Тэд ханилаад  40-өөд жил болжээ.  Гэрийн эзэгтэй хүн ер нь нойр, залхуу гэдэг хоёр зүйлээс л жаахан хол явбал хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн сайхан амьдраад байж болох юм билээ гэх.  Нээрээ ч тэд энэ хоёр зүйлээс ангид явсны хүчинд таван хүүхдээ хүний зэрэгт хүргэж, одоо малынхаа захад сайхан амьдарч буй мэт санагдана.

Т.Батсайхан, С.Уянга

Эх сурвалж: /www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж