“Гэрээ байгуулахыг дүрмээр шийдэх нь зөв”

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

“Гэрээ байгуулахыг дүрмээр шийдэх нь зөв”

АН, МАХН-ын дарга нарын өнгөрсөн амралтын өдөр үзэглэсэн хамтын ажиллагааны гэрээ ихээхэн шүүмжлэл хэл ам дагуулаад байгаа. Харин өнөөдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар Төрийн ордонд хамтарсан хэвлэлийн хурал хийж, гэрээг хүчин төгөлдөр биш гэж  гэдгийг мэдэгдсэн. Тодруулбал гэрээг намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцүүлэн хүчин төгөлдөр болох учиртай, гэрээний зүйл заалтуудаар нэгдмэл ойлголтгүй байгаа учраас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, засч сайжруулахаар хоёр намаас ажлын хэсэг гаргахаар болсон юм. Үүний дараа намуудын холбогдох удирдах байгууллагуудаар гэрээгээ оруулж батлуулахаар тохироод байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодрууллаа.

-АН, МАХН-ын хооронд байгуулсан гэрээний заалтыг өөрчлөх, боловсронгуй болгох асуудлаар ажлын хэсэг байгуулахаар боллоо. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна  вэ?

-Намыг төлөөлөөд нэг хүн асуудлыг шийдэх нь буруу. Тэгэхээр гэрээгээ эргэж хараад засч залруулах  зүйл байвал засаад явах нь зөв. Ер нь  өөр намтай хамтарч ажиллах асуудлыг намын дүрмийн хүрээнд л хийх ёстой гэж үзэж байна. Намыг төлөөлж нэг хүн шийдвэр гаргах ёсгүй. Намынхаа дүрмийн дагуу Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороо, Их хурлаараа ч юмуу асуудлаа оруулаад намын гишүүдийн олонхын дэмжлэг авсан тохиолдолд  хамтарч ажиллах ёстой.

-Хоёр нам хамтран ажиллах шаардлага байгаа юу? 

-Ажлын хэсэг нь асуудлаа судлаад түүнийгээ намын шат шатны хурлаараа хэлэлцүүлээд явбал болохгүй зүйл байхгүй. Гол нь  энэ асуудлыг  намын дүрмийн хүрээнд хийх нь чухал. Өөр намтай урт хугацаанд хамтран ажиллах асуудал нь намын гишүүн бүрт хамаатай. Шаардлага байгаа эсэхийг Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцэж шийдэх болов уу.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж