Ажилгүйдлийн түвшин буурна гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Ажилгүйдлийн түвшин буурна гэв

Ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт байнгын хороонд шилжүүлсэн. Тэгвэл Төсвийн тухай хуулийн төсөлд ирэх жилүүдийн макро эдийн засгийн тооцоолол, таамгыг тусгасан байгаа. Үүнд ажилгүйдлийн түвшинг авч үзэхдээ 2015, 2016, 2017 онуудад аажмаар буурна гэж тусгажээ.

Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос эрхлэн гаргадаг Ажиллах хүчний түүвэр судалгаанд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн 2014-2017 оны тооцоо, төсөөллийг гаргасан байна. Дунд хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150.0 мянган ажлын байрыг бий болгохыг зорих ажээ. Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд анхаарч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээл болон зээлийн баталгааны сангуудаар дамжуулан дорвитой дэмжих зэрэг асуудал Төсвийн тухай хуулийн төсөлд багтсан байна. Ингэсний үр дүнд ажиллагчдын тоо 2015-2017 онд жилд дунджаар 1.5 хувиар өсч, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 34.0-35.0 мянга орчим байхаар төсөөлөгдөж буй ажээ. Ажилгүйдлийн түвшингээр авч үзвэл, 2015 онд 7.0 хувьд, 2016 онд 6.6 хувьд, 2017 онд 6.2 хувь болж буурах боломж бүрдэнэ гэж байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж