Хөдөлмөрийн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн яармаг болно

Гадаадад 200 мянга гаруй монголчууд ажиллаж, сурч, амьдарч байгаа нь Монгол Улсын эдийн засгийн идэвхитэй хүн амын 18.6 хувьтай тэнцэж байгаа аж. Тиймээс Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс гадаад руу алдаж буй өндөр чадвар, оюуны урсгалыг эх орондоо үлдээх, нэгэнт гарсан ажиллах хүчнийг буцаж  ирэх уриалга илгээх зорилгоор ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. “MY JOB” хөдөлмөрийн яармагийг “Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” уриатайгаар энэ сарын 24-ний өдөр буюу энэ долоо хоногийн баасан гаригт Монголын Залуучуудын Холбооны "Залуус танхим"-д зохион байгуулахаар болжээ. Миграци буюу нийгмийн шилжилт хөдөлгөөн Монголд түгээмэл болоод 20 гаруй жил болсныг мэргэжилтнүүд онцолж байна. Дэлхийн маш олон орны түүхэнд энэ үзэгдэл давтагдаж байсан бөгөөд brain drain-нээс үүдэж үндэсний эдийн засаг нь жил бүр олон тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсныг UNDP-ийн судалгаа харуулдаг.

Мөн олон хөгжингүй орнууд төрийн бодлогын хүрээнд энэ миграцийн эсрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлснээс хамгийн үр дүнтэй нь үндэсний аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, чадвартай мэргэжилтнүүдийг эх орондоо ажиллуулах арга хэмжээ байсан юм. Иймд Дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн, чадварлаг боловсон хүчин хайж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд болон Монголдоо ирээд удаагүй байгаа гадаадад төгсөгч оюутан залуучуудад “MY JOB” хөдөлмөрийн яармагийн үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг дуулгалаа. Хөдөлмөрийн яармаг баасан гарагт МЗХ-ны “Залуус танхимд” 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулагдах юм байна. 

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж