Мөнгөний бодлогыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн гадаад, дотоод орчин ямар байсан, 2013-2014 онуудад хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй илтгэл хийж, 2015 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулсан юм.

Сүүлийн 30 гаруй сарын хугацаанд гадаад худалдааны нөхцөл ихээхэн муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт үлэмж буурсан нь 2013 онд нийт эдийн засагт 6.1 их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэр дутагдахад нөлөөлж, улмаар энэ нь төлбөрийн тэнцлийг 2013 онд хямралын шинжтэй болгон эдийн засагт хүндрэл үүсгэжээ. Ийм учраас 2013-2014 онуудад Монголбанк, түүний Мөнгөний бодлогын зөвлөлөөс эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг дэмжих, санхүүгийн салбарыг эрсдэлээс хамгаалахад чиглэсэн бодлогын олон чухал шийдвэрүүд гаргаж, тодорхой хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байна.

Эдгээрийн үр дүнд эдийн засаг, санхүүгийн салбарыг 2013-2014 онд болзошгүй хямралаас сэргийлсэн гэж дүгнэж байгаа юм байна. Мөн инфляцийн бүтцэд зарчмын өөрчлөлт гарч, нийт инфляцид нийлүүлэлтийн гаралтай барааны үнийн өсөлтийн эзлэх хувь хэмжээ 40 хувиас 5 хувь болж буурчээ. Манай улс эдийн засагт гаднаас орж ирэх валютын урсгалаа сайжруулж чадвал импортын барааны үнийн өсөлт, дотоодын бусад барааны үнийн өсөлтийн инерц эрс буурах бөгөөд ингэснээр инфляци дунд хугацаанд зорьж байгаа долоон хувийн түвшинд хүрч тогтворжих боломжтой гэж Монголбанк үзжээ.

Нөгөө талаар өрх гэрийн зардлын бүтцийг зохистой болгох замаар нийгмийн дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх бодлогыг 2013 онд эхлүүлснээр хуримтлал хийдэг өрхийн тоо ердөө жил гаруйн хугацаанд 61 мянгад хүрч 2.1 дахин өсчээ. Дундаж давхаргын хуримтлал өсөх тусам дунд, урт хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх нэг чухал нөхцөл бүрдэх юм байна.

Манай улсын эдийн засагт гадаад худалдаа тэнцвэржих эерэг хандлага энэ онд гарч байгаа. Гэсэн хэдий ч, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байгаа тул төлбөрийн тэнцлийн дарамт арилахгүй хэвээр байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлт удаашрах, инфляци өндөр байх, зээлийн өсөлт саарах, эдийн засгийн бодит сектор болон санхүүгийн салбарт эх үүсвэр хомсдох, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл нэмэгдэхэд тус тус нөлөөлж байна гэж Монголбанк дүгнэжээ. Тиймээс ирэх оны мөнгөний бодлого нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэх юм байна.

Хуралдааны үеэр хөндөгдсөн нэг чухал сэдэв нь Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг яаралтай бий болгож, хэрэгжүүлэх тухай байв. Ингэснээр Засгийн газрын гадаад өрийн эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр, хэрхэн санхүүжүүлэхийг улсын төсөв, эдийн засгийн бусад бодлогуудтай нягт уялдаатайгаар зөв, зохистой төлөвлөх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.

Хуралдааны явцад яригдсан өөр нэгэн зарчмын асуудал нь эдийн засгийг маш их хэлбэлздэг уул уурхайн салбараас хэтэрхий их хамааралтай байлгаж болохгүй тухай байлаа. Монголын эдийн засаг эрдэс баялгийн салбараас 90 орчим хувийн хамааралтай олон жил явж ирсэн нь эдийн засгийн өрсөлдөх чадвар тааруу, хуримтлал муутай, гадаад зах зээлд сөрөг үзэгдэл бий болоход түүнийг сөрөх дархлаа султай байхад үргэлж сөргөөр нөлөөлж иржээ. Өнөөгийн эдийн засгийн хүндрэл ч мөн уул уурхайн өндөр хамаарлаас угшилтай юм байна. Ийм учраас уул уурхайн хамаарлыг бууруулж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх нь Монголын эдийн засагт тулгараад байгаа хамгийн чухал асуудлуудын нэг хэвээр байсаар байна.

Эдийн засгийн байнгын хороо ирэх оны мөнгөний бодлогыг УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж