“Би тэр зүйлийг нийтлээгүй”

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

“Би тэр зүйлийг нийтлээгүй”

АН, МАХН – тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь  ихээхэн хэл ам дагуулаад байгаа. Энэ асуудлаар өнөөдөр гэрээ хийсэн хоёр намын дарга гэрээг хүчин төгөлдөр биш, зүйл заалтад өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан тухай мэдэгдсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнх нь болоод МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын үсгийг хуурамчаар нийлүүлсэн нууц  гэрээ буюу гэрээний хавсралт гэх зүйлийг олон нийтэд цацсаныг няцаасан юм. Тэрбээр энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү нууц гэрээ гэгчийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт твитер хуудаснаа нийтэлсэн  гэж мэдээлээд байгаа. Түүнээс энэ талаар тодруулахад “Би твитерт хааяа ордог. Гэхдээ би тэр гэрээ гээд байгаа зүйлийг  нийтлээгүй. Хаанаас гарсныг мэдэхгүй байна. Үнэн бодитой эсэх асуудлыг холбогдох байгууллага шийдэх байх. Нууц гэрээ нь задарчихаар худлаа гэж  хэлж байгаа байлгүй” гэсэн юм. Гэхдээ хоёр намын дарга гэрээ байгуулсан нь зарим шүүмжлэлтэй тулгарсныг далимдуулж сөрөг хүчний зүгээс нууц гэрээ гэгчийг зохиосон гэж хардах хүн цөөнгүй байна. Ямартаа ч холбогдох хууль хяналтын байгууллага шалгасны дараа гэрээний хавсралт буюу хоёр намын даргын гарын үсгийг  зориудаар нийлүүлж гүтгэсэн үү, нууц гэрээ гэгчийг үнэхээр байгуулсан уу гэдгийн нууц тайлагдах нь. 

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж