Н.Батцэрэгийн асуудлаар Ерөнхийлөгчтэй огт зөвшилцөөгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэгийн асуудлаар Ерөнхийлөгчтэй огт зөвшилцөөгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатараас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

– УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулахаар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өргөн бариад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшигч Н.Батцэрэгтэй уулзсан, зөвшилцсөн гэсэн яриа гараад байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй уулзсан уу?

– Н.Батцэрэгийн асуудлаар Ерөнхийлөгчтэй огт зөвшилцөөгүй. Огт тийм уулзалт болоогүй. Ерөнхийлөгчийн хувьд Н.Батцэрэгийг УИХ-ын гишүүн учраас сайд байж болохгүй гэсэн. Энэ байр суурь дээрээ хатуу зогсоно.

Үндсэн хуулийн заалтын дагуу сайдад нэр дэвшүүлэх хугацаандаа багтааж Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнийхөө дараа Ерөнхий сайд нэр дэвшигчийн нэрийг УИХ-ын даргад өргөн барьдаг. Тэр дагуу л хугацаандаа шахагдаад Н.Батцэрэгийн нэрийг Ч.Сайханбилэг УИХ-ын даргад өргөн барьсан байх. Тэгэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх процедураа хийгээгүй.  Тийм зүйл огт болоогүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг хүлээж авч уулзахдаа УИХ-ын гишүүн хүн сайд байж болохгүй гэж хэлсэн. Тэр уулзалтад Н.Батцэрэг “Шударга ёс” эвслийн бүлгийн даргын хувьд оролцож Ерөнхийлөгчийн үгийг сонсч байсан хүн шүү дээ. Харин Н.Батцэрэгийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн гэдэг бол цуу яриа.

Д.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж