УИХ-ын 28 гишүүн шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Гэвч өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр товлосон ч “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авсан юм. Завсарлага авахаас өмнө Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг санаачлагч гишүүдээс танилцуулах ёстой байсан ч байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нар Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцуулсан юм. МАН-ын зүгээс эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн хүндэрсэн хийгээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль зөрчсөн ёс зүйгүй үйлдлүүд нь огцруулах хангалттай үндэслэл болно гэж үзэж буйгаа хэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ерөнхий сайдыг огцруулахаар 28 гишүүн гарын үсэг зураад байгаа. Одоо дахин 10 гишүүн гарын үсэг зурж нэгдэхээ мэдэгдсэн” гэсэн юм. Харин аль намаас хэн гарын үсэг зурсан тухай хэвлэлийнхний асуултад хариулт өгсөнгүй.
МАН-ын зүгээс Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг шийдэж байж дараа нь сайдын томилгооны асуудлыг ярих ёстой гэдэг байр суурьтай байгаа аж. Тэд АН өөрсдөө төрийн ажил гацааж байна гэж шүүмжилж байлаа. 2015 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Энэ хугацаандаа батлахын тулд Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг цаг хугацаа алдахгүй шийдээд цааш явах шаардлагатай байгааг онцолсон юм.
С.ОТГОН