Өмнөд Солонгос хил дээрх аварга гацуураа буулгажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос хил дээрх аварга гацуураа буулгажээ

 

Өмнөд Солонгос хил дээрх Зул сарын баярын аварга гацуураа өнгөрсөн долоо хоногт буулгасан болохыг Сөүлийн албаныхан өнөөдөр /Х.22/ мэдэгдлээ. Өмнөд Солонгос 43 жилийн настай гацуурыг буулгаж оронд нь парк байгуулахаар төлөвлөж буй гэнэ. Орой дээрээ Христийн загалмай бүхий төмрөөр хийсэн аварга гацуурыг Хойд Солонгос дайны өдөөн хатгалга гэж үздэг аж. Хойд Солонгосын хилээс гурав хүрэхгүй км-ийн зайтай орших гацуурыг ойролцоох тосгоны оршин суугчид харах боломжтой байдаг байна.

 

Хоёр Солонгосын харилцаа сайжирч, эргэн нэгдэхээр хэлэлцэж байх үед буюу 2004 онд Сөүл гацуурын гэрлэн чимэглэлийг асаахаа больсон байжээ. Гэвч 2010, 2012 онуудад Христийн шашны бүлгүүд гацуурын гэрлэн чимэглэлийг асаасан нь хоёр орны харилцааг муутгасан байна. Хойд Солонгос 2010 онд Өмнөдийн арал руу их буугаар гал нээж 50 хүний амыг хөнөөсөн бол 2012 онд алсын тусгалын баллистик пуужин туршсан билээ. Гацуурыг хоёр Солонгосын хил дээр цэргүүд буудалцсанаас гурав хоногийн дараа буулгажээ. Гэвч хоёр Солонгосын хилийн цэргүүд 10 хоногийн дараа Өмнөдийн идэвхитнүүдийн Хойд руу хөөргөсөн тараах материалуудаас болж дахин буудалцсан юм. Хоёр Солонгосын төлөөлөгчид энэ аравдугаар сарын эхээр зөрчилдөөнөө багасгаж, дээд албаныхны хооронд уулзалт, хэлэлцээ хийхээр тохиролцсон аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Assocciated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж